Эдийн засаг:
Уран бүтээлчид оргилуун, сэтгэлийн хөдөлгөөн ихтэйг ч хэлэх үү, нэг сэтгүүлч найз маань ганц хүүгээ цэргийн албанд мордуулж, эх орны эр цэрэг гэдэг бахархлыг элэг зүрхэнд нь асаахаар зоримог шийдвэр гаргасан юм даг. Тэгээд нэг л намар 22-той, дээд мэргэжил эзэмшсэн залуугаа баруун хязгаарын зүг үдэж билээ.
-Айхгүй байна уу гэж би асуусан.
-Юунаас, бага зэргийн шалгуур байх шүү дээ.
-Чиний хүүг бусдаас өндөр, биерхүү байгаагийнх нь төлөө, бас боловсрол эзэмшсэнийх нь төлөө, тэгээд шазруун бардам зангийнх нь төлөө, хотод өссөнийх нь төлөө, орон сууцны цагаан гартан болж төрснийх нь төлөө, англиар ярьдагийнх нь төлөө шударга бусаар нүд буландаж харна, шударга бусаар зодно. Өөртөө итгэлтэй эрэгтэй хүүхэд хэзээ ч бууж өгөхгүй, үхтлээ зодуулаад л дуусна. Хэзээ ч гөлөг шиг мөлхөхгүй, амьд үлдээгээч гэж гуйхгүй.
-Тэгээд яах юм, би хүүгээрээ эх орноо мануулмаар байна. Тэр чинь Монгол Улсын иргэн. Хамгаалах эх оронтой гэдгээ мэдэж аваг... Ийм яриа болоод өнгөрөв. 2000 он л юм даа, одоо санахад. Сэтгүүлч найз маань эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр мэргэшсэн, сэжүүрээс нь нэг л атгасан хэргээ сэлэмний ирэн дор явж байгаад ч хамаагүй олоод ирдэг дайчин бүсгүй. Тэгсэн хэдхэн сарын дараа утасдаад, түргэн түргэн алхах явцдаа нусаа татаад л, уйлаад л яриад байж билээ.
-Хүү маань эмнэлэгт ухаангүй тав хонож байгаа гэнэ, би одоо яах вэ, яаж баруун хязгаар руу явах вэ, очоод яах вэ, яагаад ухаан алдсан, яагаад ухаан орохгүй байгааг нь хэн ч мэдэхгүй байна. Цэргийн ангиас нь ярьлаа... Эх хүний хувьд би түүнд шууд л замын унаагаар ч болсон хүүдээ очихыг л зөвлөсөн, бүр шаардсан, бас чадлаараа хэд гурван цаас зардалд нь нэмэрлэсэн. Ухаангүй удсан хүүгээ тэр хол газраас хотод авчирч, эмнэлэгт хэвтүүлээд, ажил, карьер, шунан дурладаг мэргэжлээ орхин сахих болсон. Олон гэмт хэргийн араас явж, олон ч сурвалжлага бичсэн нэгэн хэрнээ юу болсон тухай найз маань дуугараагүй, хүүгээ ухаан ороод гайгүй болоход нь асуухад бас л ээждээ юу ч хэлээгүй.
Аавдаа ч ам ангайгаагүй. Хэлбэл хэн ч биш болчих гээд байгаа юм шиг л... 2000 шахам км зам туулан яваад очиход нь нэг л их халамжилсан дарга цэргүүд угтсан, хүүгээ босгох л чухал, өөр юу ч хэрэггүй, тэртэй тэргүй би юу ч олж мэдэж чадахгүй гэдгээ ойлгосон. Миний хүүг тархиндаа гэмтэл автал нь зодсон хэн нэгнийг илчилсэн цэрэг бас л зодуулна... Ээжийн шийдвэр энэ байлаа. Хүү олон жил эмчлүүлсэн, одоо гайгүй гэх боловч үе үе сэтгэлийг нь зовоодог болж, насан туршдаа асуудалтай үлдсэн. Нэг л юмыг би гайхдаг юм. Хүний сайхан үрийг үхтэл нь зодож байхдаа ширхэг үсийг нь ч хайрлаж өсгөсөн аав ээжийг нь яагаад боддоггүй юм бол? Тэгээд амьд, эрүүл саруул ирсэн хүнийг зодож алчихаад, цогцос болгочихоод, харсаар байтал зодуурын шарх байтал "Цогцосны толбо" гэх маягийн тайлбар яаж хийдэг юм бол? Хөвгүүдээрээ цэргийн алба хаалгаж, эх орны эр цэрэг болсноор нь бахархахыг хүсдэггүй ээж аав байдаг бол олоод ир, харъя. Даанч эх орноо хамгаалж эр цэргийн эрхээ эдлэх боломж үндсэндээ байхгүй. Монгол залуус нийгмийн, амьдралын төвшний, боловсролын ялгаанаас болж энэ эрхээ цаашдаа ч алдсаар байх болно.
Арван нас ч хүрээгүй хүүхдүүдээ хүний нутаг руу тив алгасуулж далай гатлуулан илгээж чаддаг аав ээж нар тэднийгээ насанд хүрэхэд нь цэрэгт явуулах сэтгэлийн тэнхээ хүрдэггүй. Яагаад? Яагаад гэвэл цэргийн алба, цэх шударга гэх арми бол хөвгүүдийн маань цаг бусаар, шударга бусаар амиа алдаж болох бас нэгэн аймшигт шалтгаан. Эхлээд энэ салбарт бугшсан, ноёрхсон дэглэмээ эрүүлжүүлж байж эх орноо хамгаал хэмээн хөвгүүдээ дуудах хэрэгтэй. Арми хүн чанар, ёс суртахууны амьтанлаг төвшнөөс Монголын нийгэм рүү архирч байна, архирсаар ч байх болно. Эх орондоо хайргүйдээ залуус цэргийн албанаас зугтдаг, дайждаг юм биш, шударга бусын золиос болохыг хэн хүсэх билээ? Ардаа сэтгэлдээ нулимстай аав, зүрхэндээ хагацал тээсэн ээжийгээ үлдээгээд зодуурын золиос болохыг хүний үр хүсэх үү? Эх орны эр цэрэг байх эрхийг нь залуустаа ёс суртахуун, хүн чанар, мэдлэг боловсрол, техник технологийн өндөр төвшинд, зүй ёсоор олгохыг Монголын төрөөс шаардах эрх бидэнд бий. Хэрэв энэ мэтийн шаардлагыг хангаж чадахгүй юм бол хөвгүүдээ эх орны нэрээр эрлэгийн газар бүү дууд, тэр эрлэгийн газраа аав ээжийнх нь татварын мөнгөөр ч бүү тэжээ!
Р.Эмүжин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18