Онцлох мэдээ

Ерөнхийлөгчийн “бэлэг”

Хуваалцах:
Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа хойш тоотой цөөхөн хуулийн төсөл санаачилсан ч ганцыг нь л УИХ-ын босго давуулж чадсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга cap шинийн өмнө ээлжит бэлгээ задаллаа. Тэр нь “Сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон” нэмэлтийг Сонгуулийн хуульд оруулах санаачилга.
Энэ тухай хэдхэн хоногийн өмнө Улсын Ерөнхий прокурорын газарт Ерөнхийлөгчийн гар дахь мөнгөн аягыг хурааж дөнгөсөн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн нь тэрүүхэн тэндээ олон нийтээс дэмжлэг аваад амжив. Ингэснээр Ерөнхийлөгчийн Тамгын газар дахиад нэг удаа УИХ-ын гишүүдийн эмзэг цэгийг онож хатган, ээлжит удаагаа нийгмийн сэтгэл зүйн загатнасан газар маажив бололтой.
Учир нь, чуулганы хуралдаан өндөрлөж буй энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нараар оройлуулсан төлөөлөгчдийн “сүрэг” сонгогчдодоо алд цэнхэр хадаг барьж, бэлгийнхээ том жижгээр уралдсан видео бичлэг, фото зураг олон нийтийг баясгах болсон. Зарим шүүмжлэгчдийн зүгээс гишүүдийн овог нэр, бүр зургаа наасан хэвийн боов, чихэр, гурил будаа, ургамлын тос төдийхнөөр ахмад настнуудыг “хуурч“ буй үйл явцыг сонгогчдын боловсролтой холбон тайлбарлаж байгаа.
Бэлгэнд авсан ул боовныхоо хатуу зөөлөн, амт шимтийн талаар гомдол гаргах болсон нь ч үүнтэй холбоотой. Харин нөгөө хэсэг нь төрийн түшээдийн ёс зүйн хэм хэмжээг гадаад, дотоодын нэр хүндтэй сургуульд суралцан дүүргэсэнтэй нь харьцуулан дүгнэж байна. Хэрэв гадаадын нэр хүндтэй их сургуульд тавгийн боов тараахыг заадаг бол манай боловсролын систем тийм ч дорд ороогүй гэж ойлгож болохоор.
Гэхдээ гадаадад ном үзсэн хэд нь боов, чихэр гэсэн уламжлалт сэтгэлгээг даралтын аппарат, зөөврийн гэрлээр баяжуулан бэлгийн багц болгож буйгаараа дотооддоо оройгоор хуулийн диплом өвөртөлсөн нөхдөөсөө ялгарчихаж байгаа юм. Ерөнхийдөө төр түшилцэж буй эрхмүүдийн намрын чуулганы тайлан хамгаалалт нэг иймэрхүү, тэдний бэлгийг тэтгэврийн мөнгөөрөө ганц баярынхаа ард гарч дийлдэггүй ахмадууд баярлан авч байгаа нь ч бас ядуу нийгмийн үнэн төрх. Харин нийгмийн эмзэг асуудал дээр боов, чихэрхэн мэтээр тоглолт хийж байгаа улстөрчдийн үйлдэл Монголын эмгэнэл болсон нь хамгийн харамсалтай дүр зураг.
Тэгвэл УИХ-ын гишүүнээс авахуулаад хоёр ч салбарыг толгойлон сайд хийж явсан Ерөнхийлөгч Х.Баттулга энэ байдлыг таслан зогсоох гарцыг олж, хуулийн төсөл санаачлах гэж байгаа нь түүнийг магтууштай харагдуулж байгаа. Гэхдээ нөгөө талаас нь харвал эрхэм Ерөнхийлөгч маань ч УИХ-ын гишүүн байхдаа бусдын жишгийг тойрч биш дайрч гарсан, бэлэг тараагчдын нэг явсан үе бий. Энэ тухай зөвхөн нэг баримт сөхөхөд л тэрбээр 2015 онд УИХ-ын гишүүн байхдаа Баянхонгор аймгаас ижилдэн сонгогдсон Д.Ганбатынхаа хамт зурагт харагдаж буй бэлгийн багцыг ахмадуудад цагаан сарын өмнө бэлэглэж явжээ.
Энэхүү хүндэтгэлийн тодотголтой арга хэмжээнд оролцогчдод нас заасан бөгөөд 66-аас дээш насны ахмадуудад жил бүр cap шинийн гарын бэлэг гардуулдаг уламжлалыг ч тасралтгүй дагаж мөрдсөн байх юм. Үүнээс өмнө Ардчилсан намын албан ёсны DEMPARTY.MN цахим хуудаст дурдсан бөгөөд “ҮХАА-ын сайд Х.Баттулга, УИХ-ын Д.Ганбатын хамт 2013 онд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлэв” гэдэг мэдээ архив болон үлджээ. Гэхдээ энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн үе. Учир нь, тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш бэлэг тараах нь буруу гэдэг итгэл үнэмшилтэй болсон бололтой юм.
Тэгээд ч хууль тогтоогчид болох УИХ-ын гишүүд намрын чуулган завсарлаж буй энэ өдрүүдэд өнгөрсөн хугацаанд баталсан хуулиа олон нийтэд танилцуулж, олон нийтийн санал шүүмжийг ирээдүйд авч хэрэгжүүлэх бодлогодоо шингээх зорилгоор уулзалт хийж байх учиртай. Гэвч баталсан хуулиа тавгийн боов, төрийн бодлогыг атга чихрээр орлуулах хямд арилжааны шинжийн хууран мэхлэлтээр аргал-даг нь бараг л 20 жилийн уламжлал.
Иймд сонгогчдодоо таалагдах гэсэн хүн “сүрэг”-ийн бэлгийн урт цувааг төсвийн мөнгөөр санхүүжүүлж ирсэн эсэхэд албаныхан нь тодорхой тайлбар өгөх цаг иржээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилгаа хуулийн төсөл болгон УИХ-аар оруулан хэлэлцүүлсэн тохиолдолд бэлэг тарааж явсан өөрийнхөө өнгөрсөн үеийн алдаанд уучлал гуйх нь түүнийг санасандаа хүргэх улс төрийн тоглолт болохыг үгүйсгэхгүй юм аа.
Д.Мягмардорж
 
 
 
скачать dle 12.0