Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар айлчилна. Энэ айлчлал 2023 оны наймдугаар сарын 1-нээс эхлэх мэдээлэл байна. Монгол Улс, АНУ-ын хооронд 1987 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоожээ. Ингээд Монгол Улс ЭСЯ-аа 1989 оны гуравдугаар сар, АНУ 1988 оны дөрөвдүгээр сард нээжээ.
Өдгөө хоёр орны стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан Иж бүрэн түншлэлийн харилцаатай юм. 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаар Монгол, АНУ-ын Стратегийн Түншлэлийг тунхагласан байдаг.
Харилцан айлчлалыг 1944 онд эхэлсэнд тооцдог. Тэр жилийн долдугаар сард АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри Эгард Уоллес айлчилж байжээ.
Түүнээс хойш 46 жилийн дараа 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер айлчилсан байна. Тэрбээр 1991 оны хоёр дахиа айлчилж байв. Улмаар 1995 онд Тэргүүн хатагтай Хиллари Клинтон, 1998 оны онд Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт,
2005 онд Ерөнхийлөгч Жорж Буш, Тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс нар,
2011 онд Дэд Ерөнхийлөгч Жо Байден, 2012 онд Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, 2013 онд Сенатын гишүүн МакКэйн,
2016 онд Төрийн нарийн бичгийн даргын Жон Керри, 2019 онд Батлан хамгаалахын сайд Марк Эспер, мөн онд Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал эрхэлсэн туслах Маниша Сингх,
2021 онд Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Уэнди Шерман нар тус тус айлчилсан байна.
Харин манай талаас голдуу Ерөнхийлөгчийн түвшинд айлчилж байжээ. 1991, 1996 онуудад Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилсан. Харин Ерөнхий сайдын түвшинд анх 1990 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн АНУ-д айлчилсан. Түүний айлчлалаар шилжилтийн эдийн засгийн талаар мөн АНУ-ын хөгжлийн (USAID) тусламжийн талаар ярилцсан Улмаар АНУ 1991 онд Монгол Улсыг ОУВС, Дэлхийн Банк, АХБ-нд гишүүнээр элсэхэд дэмжлэг үзүүлсэн. Дараа нь 2006 онд Ерөнхий сайд М.Энхсайхан айлчилж, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Строб Талботтой уулзжээ. Тэрбээр хоёр орны эдийн засгийн болон улс төрийн харилцааны талаар ярилцсан.
2009 онд Ерөнхий сайд С.Баяр АНУ-д айлчилсан.
2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчилж, Вашингтон хотноо АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байдэн, Худалдааны сайд Пэнни Притцкэр, мөн Сенатч Жон МакКэйн нартай уулзаж, АНУ-ын Худалдааны Тэнхим болон Монгол улс дахь Америкийн Худалдааны Тэнхимийн барих оройн зоогт хүндэт зочноор уригдан оролцсон. Тэрбээр Нью-Йорк хотын Хөрөнгийн биржээр зочилж үйл ажиллагаатай танилцсан. Бас Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал Др.Жим Ён Кимтэй уулзаж байв.
2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалаар Монгол, АНУ-ын Өртгөсөн Иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжсэн. Үүнтэй холбогдуулаад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео болон Монгол Улсын Ерөнхий сайдын Хамтарсан мэдэгдэл гаргасан. Мөн МСС-тай й хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурлаа. Үүгээр АНУ-ын талаас 350 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 875 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг өгөхөөр болсон.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн айлчлалаас бид юу хүлээх вэ. Ямартай ч энэ айлчлалаар бодлогын түвшинд Монгол, АНУ-ын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэх боломжуудын талаар санал солилцож, ярилцах юм байна. Ерөнхий сайд АНУ-тай хөгжүүлэх Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулан өргжүүлэх, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чухал нөлөөтэй таван асуудлаар санал солилцож, тодорхой шийдэлд хүрэх зорилготой байгаа гэсэн үг. Монгол АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний сэдвээр санал солилцож, яриа хэлэлцээ хийх юм байна.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд сэргээгдэх эрчим хүчний салбарт бодлогын хөрөнгө оруулалтыг татах, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцох юм байна. Түүнчлэн хоёр улсын сансрын хамтын ажиллагааны боломж, бололцооны талаар ярилцах аж. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлээс сэргийлэх нарийвчилсан судалгааг сансрын технологитой хослуулан хийх шаардлага бий. Үүнтэй холбоотой юм. Мөн хоёр улсны хооронд шууд нислэг эхэлснээр иргэд хоорондын солилцоо, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамын ажилагааг хөжгүүлэх, хоёр талын худалдааны эргэлтиг эрс нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцоно. Үүнээс гадна нгли хэлний багш нарыг бэлтгэх, сургах чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцана. Бас сайн засаглалыг хөгжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах талаар ярилцах юм байна.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 148 (7133)