- Засгийн газрын “5Ш” ажиллагааны олонх нь “тэг зогсолт” хийгээд байгаа бололтой. Ажиллагаанууд “...Зуны амралтаа авчихав уу, яав” гээд л шоглоцгоосон хүн хаа сайгүй. Үнэхээр ч нэг хэсэг эрчтэй, хүчтэй байсан эдгээр ажиллагаанаас одоо “Шилэн” нь л гайгүй яваад байх шиг байна. Далд байсан олон мэдээлэл цахим байдлаар ил болсоор байгаа юм. “Шүгэл”, “Шувуу”, “Шүүр”, “Шилжүүлэн авах” ажиллагаанууд ойрд чимээ анир бараг гаргасангүй. Ялангуяа нийтийн анхаарлын төв байнга байдаг “Шувуу” ажиллагаа бүр таг чиг болов. Олон нийт яагаад “Шувуу” ажиллагааг сонирхоод, анхаараад байдаг нь тодорхой л доо. Уг нь олон “шувуу”-г эх оронд нь авчирсан гэдэг ч Т.Бадамжунайгаас өөр олны танил байдаггүй. Ийм хэмжээний “шувуу” гэхээр Америкт байгаа нь дуулдсан Ч.Сайханбилэгт хүрч чадалгүй гурав, дөрвөн жил боллоо. Малайзад ирсэн нь тогтоогдсон Н.Удаанжаргал хоёрыг авчирч чадалгүй өвөлжөөд, хаваржаад, зусчихлаа. Одоо намар эхэллээ. Өнөө маргаашдаа авчирч амжихгүй л болов уу даа. Уг нь Ч.Сайханбилэг анхнаасаа л Солонгосоор дамжаад Америкт очсоноо зарласан. Тэнд байгаагаа нуудаггүй. Гэхдээ сүүлд манай хууль хяналтынхан, “Шувуу” ажиллагааныхан түүнийг Колорадод “........., Bridge view Ln, Parker, CO .........” хаягт амьдарч байгааг олж мэдсэн бололтой юм. Тийм мэдээ сураг гарсан. Ч.Сайханбилэгийн амьдарч буй гэх тэр хаусыг Америкийн үл хөдлөхийн компаниуд гурван жил орчмын өмнө худалдахаар танилцуулж байжээ. Энэ хаус Колорадогийн тансаг зэрэглэлийн хороололд байрладаг. 10 гаруй өрөөтэй. Анх "1 314 893 ам.доллараар худалдана" гэж байсан гэдэг. Гэвч 2021 оны гуравдугаар сарын 21-нд дээрх үнээсээ багаар худалдсан байна. 999 950 буюу үндсэндээ нэг сая ам.доллараар худалдсан байгаа юм. Хамгийн гол нь энэ хаусыг Ч.Сайханбилэг худалдаж авсан гэдгийг түүний эхнэр О.Байгаль 2022 оны есдүгээр сарын 21-нд Монголд эрхэлдэг "Байгаль хаус" компанитайгаа ижил нэртэй компанийг Америкт бүртгүүлсэн. Бүртгэл дээрх хаяг нь нөгөөх тансаг хаусныхаа “......, Bridge view Ln, Parker, CO ........” гэж бичигдсэнээс нь мэдэж болохоор аж. Иймэрхүү мэдээлэл бий.
Харин Н.Удаанжаргалын тухайд өнгөрсөн намар, өвлийн заагаар мөн л Солонгос руу яваад сураг алдарсан. Голдуу дараахан нь сонсогддог мэдээллийг харахад тэрбээр улс улс дамжаад нисэх шиг болсон байдаг. Н.Удаанжаргал анх мөн л 2022 оны аравдугаар сард Солонгос руу томилолтоор явсан. Удалгүй “...Н.Удаанжаргал Солонгост байна”, “Тэр Сингапурт оччихжээ” гээд л яригдаж байв. “Шувуу” ажиллагаа эхэлснээс хойш удалгүй 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр Аргентин улсад очсон нь тогтоогдсон. Ингээд Монголын тал Аргентинтай яриа хэлэлцээр хийж байтал зугтчихсан. Удалгүй Тайландад очсон нь мэдэгдсэн. Тэндээсээ 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд Малайз улсын хилээр орсон байдаг. Өөрөөр хэлбэл, түүнийг Малайзад байгааг тогтоосноос хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Н.Удаанжаргалын пасспортыг хүчингүй болгож, түүн рүү мөнгө гуйвуулах үйл ажиллагааг зогсоосон талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Энэ хоёр “шувуу”-ныхаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2023 оны зургадугаар сарын 7-нд “...Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Шувуу” ажиллагааны хүрээнд авчрахаар тодорхой ажлууд хийгдэж байгаа. Америкаас Монголд суугаа Элчин сайд болон албаны хүмүүстэй нэлээд хэдэн удаа уулзалт хийсэн. Өмнөх болон шинээр томилогдон ирсэн Элчин сайдтай уулзсан. Бид хүнээ авъя гэсэн нэг л хүсэлт тавьдаг. Тухайн улс орон манай иргэнийг гаргаж өгөх үйлдэл хийхгүй тохиолдолд бид ямарваа нэг байдлаар хүч хэрэглэж, албадан ирүүлэх эрх зүйн ямар ч боломжгүй.
Тэр дундаа Америкийн нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиг үүргээр ажиллагаа явуулах хуулийн боломжгүй. Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй талаарх үйлдлүүдийг шалгаж байгаа. Хаана байршиж, амьдарч байгаа тухай мэдээллийг иргэдээс хууль сахиулах байгууллагуудад ирүүлсэн.
Мөн Н.Удаанжаргал Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна. Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх, өөрсдөө хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулах нь хэн хэнийхээ ажлыг үрэхгүй байх сайн талтай” гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Ингээд хэн хэнээс нь сураг гаралгүй хоёр сар гаруй боллоо. Дээр хэлсэнчлэн, Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал хоёрыг лав энэ намартаа ирүүлж дөнгөхөөргүй сурагтай байна. Тэгэхээр мань хоёр Америктаа, Малайздаа өвөлжиж таарах бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин