“...Будаач будаач гэхээр сахлаа будав” гэдэг дээ. Ийм явдал боллоо. Юу гэхээр, эрх баригчид сүүлийн үед өрнөсөн эмгэнэлтэй, ноцтой үйл явдлуудтай холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болсон юм.
Энэ талаараа “...Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” хэмээн мэдээллээ. Ингэхээс ч аргагүй нөхцөл үүссэн л дээ. Нийгмээрээ л дэмжив. Гэтэл үүнийгээ дагуулаад Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг зөрчсөн зүйл заалтыг Эрүүгийн хуульд шингээхээр болчихлоо.
Албаны эх сурвалжууд “...Албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялыг хасаж, зургаан сараас гурван жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах нэмэгдэл ялыг оногдуулна” гэлээ.
Зарим нь “...Мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олж авсан иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцтай албаны бүрэн эрхийн хүрээнд танилцсан, хадгалж байх үүрэгтэй этгээдээс нууц задарсантай холбоотой гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” гэсэн мэдээллийг өглөө. Гэвч энэ нь Үндсэн хууль дахь “...Хэвлэн нийтлэх эрх”, “...Мэдээлэл авах эрх”, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль дахь “...Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэснийг няц гишгэсэн явдал юм.
Ер нь бол сурвалжлагчийн ажил эх сурвалж дээр л тогтдог. Сурвалжлагчаар дамжаад олон нийт мэдээллийг олж авдаг. Ийм зүй тогтолтой. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг зүйл рүү хууль зөрчиж давхиж ороод байдаг сурвалжлагч гэж бараг байдаггүй юм. Хуулийг санаачлагчид энэ зүй тогтлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ.
Уг нь тэдний “...Мөрдөн шалгах ажиллагааны нууц” гээчийг ярьж эхэлсэн сэдэл нь маш ойлгомжтой. Ойлгож төвдөх явдал байхгүй. Нэр бүхий хоёр, гуравхан хүнд л зориулж боссон асуудал шүү. Бүгд мэднэ. Гэсэн ч санаачлаад, дэмжүүлээд, зүтгүүлээд явчихлаа. Явсаар ийм дэглэм тогтоочихлоо. Товчхондоо, Монгол Улсын иргэний хуулиар олгосон үндсэн эрхүүдэд ингээд “хориг” тавьж байх юм. Тэгэхээр “...Энэ хуулийг баталсны дараа яах вэ” гэхээр нуухыг хүссэн мэдээлэл ил болох тутамд сурвалжлагчдыг хуулийн нэрийн өмнөөс дуудна. “...Эх сурвалж болсон цагдаагаа хэл, мөрдөгчөө нэрлэ” гээд л эрүүднэ дээ. Энэ “эрүү”-нд нь тэсэх сурвалжлагч хэд вэ гэдгийг бодох л хэрэгтэй.
Хамгийн гол нь цаашид том хулгайнууд энэхүү мөрдөн шалгах ажиллагааны “нууц”-д ороод хамгаалагдах магадлал маш өндөр юм. Нүүрсний хулгай, ногоон автобус ч үүнд багтана. Эдгээрийн талаар “үнэн”-ийг мэдээлдэг хэвлэл, сурвалжлагч ч ховордоно.
Харин манай хэвлэл мэдээллийн салбарынхан энэ тал дээр тун “аядуу тайван” хандаж байгаа харагдана. “Тунгалаг тамир”-ын Хонгор хүү “...Ишиг шиг чарлахгүй, хүрга шиг дуутүй байж байгаад л босоод явчихна” гэдэг дээ. Яг л ингэж тохирцгоосон аятай байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин