Улс төр

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо

Хуваалцах:

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.10.27үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр, Хүний хөгжил сангаас шилжин ирсэн өр төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дуусгаснаар Ирээдүйн өв санд хуримтлал үүсэж эхэлсэн хэмээгээд, 2022 оны жилийн эцсийн байдлаар тус санд 2,7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн гэлээ.

 

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2020 онд, сангийн хөрөнгийг 2025 он хүртэл Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулах тухай, 2022 онд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилна гэж үаасан. Үүний дагуу 2023 онд тус санд 550 тэрбум төгрөг хуваарилсан бөгөөд 2024 онд 1,3 их наяд төгрөгийн орлого нэмж төвлөрүүлэхээр байгааг Сангийн сад мэдээлэлдээ дурдав.

 

Сангийн яам нь тус сангийн хөрөнгийн удирдлагын хэрэгжүүлэхдээ хуримтлуулсан хөрөнгийн найдвартай, аюулгүй байдлыг хангахад анхаар байгааг тэрбээр онцлоод, хуульд заасны дагуу 2024 оны 12 сарын 31 гэхэд бий болох 4.3 их наяд төгрөгийн хуримтлалыг 2025 онд Ирээдүй өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацид хүлээлгэж өгөхөөр одооноос бэлтгэл ханган ажиллаж байна гэв.

 

Асуулгын хариутай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, сангийн хөрөнгийн зарцуулалт, хуваарилалтыг 2025 оныг хүртэл таван жилээр хойшлуулсны үндэслэл, энэ хугацаанд инфляци, ханшийн уналтын нөлөөгөөр сангйин хуримтлалын үнэ цэнэ хэчнээн хувиар унасан, алдагдсан болмжийн тооцоог хийсэн эсэх, сангийн удирдлагыг хэрэгжүүлэх компанийг сонгох ажил ямар шатанд явж байгаа талаар асуув. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Ирээдүйн өв сангийн удирдлагыг 2025 онд хүртэл Төрийн сангийн удирдлагын хүрээнд хэрэгжүүлэхийг хуулиар Сангийн яаманд үүрэг болгосны дагуу бид ажиллаж байгаа, үнэ цэнийг хадгалах, нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй найдвартай, аюлгүй байдлыг хангахад анхаарч байна, алдагдсан боломжийн тухайд зөвхөн Ирээдүйн өв санд бус Монгол Улсад бүхэлд нь оногдоно хэмээн хариулсан юм. Тэрбээр Төрийн сангийн удирдлага ихээхэн хүнд үеийг туулсан тухай дурдаад, Засгийн газар дотоод болон гадаад өр дээр дефолт үүсгэхгүйгээр бүх зүйлийг амжилттай зохицуулж чадсан гэсэн юм. Мөн сангийн удирдлагыг хэрэгжүүлэх компанийг сонгох ажил үргэлжилж байгаа талаар тэрбээр товч дурдав.

 

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, 2022 онд Ирээдүйн өв санд яагаад хуримтлал нэмээгүй, хуримтлалын найдвартай байдлыг хэрхэн хангаж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, хууль зүй зохитойгоор хэрэгжээд явсан бол өнөөдрийн үнэ цэн нь ямар байх байсан тухай болон нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгийн өгөөжийг хуримтлуулах Баялгийн сангийн талаар Засгийн азар ямар чиглэл барьж байгаа талаар асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн жил хүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас олгосон нь төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн, сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйл явдал болсныг шүүмжлэв. Сангийн сайд Б.Жавхлан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан хоёр өөр болохыг тайлбарлаж, 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс Ирээдүйн өв санг төрийн сангаас тусгаарлаж, жинхэнэ ассет менежментийн удирдлагаар ажиллуулна гэлээ. Мөн, хүүхдийн мөнгийг тус сангаас олгосон нь төсвийн алдагдал санхүүжүүлсэн хэрэг биш гэдгийг онцолж, Засгийн газар анх 8.8 их наяд төгрөгийн буюу 12 хувийн алдагдалтай төсөв хүлээн авснаа одоо 2.8 хувь болтол бууруулж чадсан гэлээ.

 

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэлэв. Тэрбээр, Ирээдүйн өв санд нийт 5.4 их наяд төгрөг цугларснаас одоо 2,7 их наяд төгрөг хадгалагдаж байна. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6.3.1-д, сангийн хөрөнгийн үнэ цэнийг хадгалж, арвижуулна гэж заасан боловч харамсалтай нь арвижаагүй, үнэ цэнээ алдсан. Үүнд хариуцсан хүмүүс нь санаачлагагй ажиллаж байна, төрийн мөнгө учраас эзэнгүй байна хэмээн шүүмжилсэн юм. Тэрбээр хуулийн заалтууд хэрэгжээгүй талаар нэг бүрчлэн танилцуулаад, тус сан ажиллаж, өгөөжөө олох боломж байсан гэдгийг онцолж, хөрөнгийг Монголбанканд хадгалж байхаар нийслэлээс гаргах жилийн 17 хувийн өгөөжтэй бондод оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр гадаад улсуудын баянгийн сангуудыг жишээлэн ярьж, 2025 он хүртэл нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй тул Ирээдүйн өв сангийн удирдлагыг төрийн сангаас тусгаарлах хугацааг эргэн харж, үр ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийж өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ.

 

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасүрэн тайлбар хэлэв. Тэрбээр, Ирээдүй өв сангийн хөрөнгөөс Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу нэмзэг бүлгийн хүүхдийн мөнгийг олгоод, үлдсэнийг нь бүх хүүхдүүдэд хадгаламж хэлбэрээр олгох нь зүйтэй гэсэн өөрийн хувийн болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн саналыг хэлэв. Энэ нь төсөв тэлэлттэй, инфляцыг магадгүй гэсэн үндсэн дээр нийт эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үр дүнтэй гэж тус зөвлөл үзсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Баялгийн сантай байхаар, түүний хуримтлалын дийлэнхийг ард түмэнд олгоно гэж заасан хэмээн тэрбээр дурдаад, Баялгийн сангаа бий болгож түүнээсээ Ирээдүйн өв сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын хуулийн заасан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 2.0 хувиар бүрдүүлэх Тэтгэврийн нөөц сангийн дутагдах хөрөнгийг Баялгийн сангаас санхүүжүүлж иргэддээ хадгаламжтай болгох нь зүйтэй гэсэн юм. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн байгалийн баялгийг ирээдүй ба өнөөгийн үеийнхэнд тэгш, хүртээмжтэй, шударга хуваарилна гэсэн зарчимд нийцнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас 2020 онд өргөн мэдүүлж, батлуулах хуваарьтай байсан боловч одоо болтол өргөн баригдаагүй байгааг сануулсан юм. Тэрбээр, алдагдсан боломжийн өртөг гэж тооцвол маш өндөр тоо гарч магадгүй хэмээгээд, энэхүү хуримтлалын сангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, ирээдүйн үеийнхэнд зориулагдсан байгалийн баялгийн сан маань ямар байдалтай болчихсон бэ гэдэгт дүгнэлт хийвэл зохино гэлээ. Энэ талаар Төсвийн байнгын хорооноос хийсэн судалгааны тайланг ойрын хугацаанд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг тэрбээр тус Байнгын хороонд зөвлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

скачать dle 12.0