Эдийн засаг:
Сар шинийн баярын өдрүүдэд амрах, баярлах завгүй өнждөг хүмүүс бол эрүүл мэндийн салбарынхан байдаг билээ. Энэ жилийн цагаан сарын өдрүүдэд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар цахим хурал хийж, дор бүрнээ үүрэг даалгавар авцгаасан. Энэ үеэр хот, хөдөөд улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлтээс сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд албан даалгаврыг танилцуулж, шат бүрт хэрэгжүүлж ажиллахыг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшинд үүрэг болгосон юм. Түүнчлэн томуу, томуу төст өвчний бэлэн байдлыг хангаж, сар шинийн баярын урьдчилан сэргийлж ажиллахыг даалгасан юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ
Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд, дэд сайд зарим аймаг болон гурав дахь шатлалын эмнэлгүүдэд зочилж, ажил байдалтай нь танилцсан юм. Тухайлбал, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвд ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, эрүүл мэндийн сайдын албан даалгавар, тушаал хэрэгжилттэй танилцан, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн хүүхдийн болон эх барихын эмэгтэйчүүдийн эмч нар 19 эх, 12 хүүхдэд үзлэг хийж, төрөх гэж ирсэн хоёр ээжид эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж ажилласан юм.
УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА
Мөн баярын өмнөх өдрүүдэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ХӨСҮТ-д ажиллаж, тус төвийн эмч, эмнэлгийн ажилтан, удирдлагуудтай уулзаж томуу, томуу төст өвчин, улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өгсөн юм. Энэ үеэр Шуурхай удирдлагын нэгжээс 21 аймгийн эрүүл мэндийн газрын дарга, халдвартын эмч, халдвар судлагч, эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан “Улаанбурхан өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”, ТТТӨ-ий төлөв байдал сэдвээр болж буй цахим сургалтад оролцож, аймаг орон нутгийн эмч нарыг бэлэн байдалд ажиллахыг анхааруулсан юм.
Улаанбурхан өвчин бол амьсгалын замаар халдварладаг, вирусийн гаралтай цочмог халдварт өвчин. Ихэвчлэн хүүхдэд тохиолддог энэ өвчин өндөр халуурах, хордлого, нүдний салст бүрхүүл улайж үрэвсэх, биеэр толбот гүвдрүү туурах зэрэг шинжээр илэрдэг. Нөгөөтэйгүүр энэ өвчин нь хоёр хөршид өвчлөл өндөртэй байгаа бөгөөд ДЭМБ-аас дахин дэгдэх магадлал өндөр байгааг сануулж байгаа юм. Тиймээс ЭМЯ-наас улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх, эмч эмнэлгийн ажилчдыг сургах, нийт ард иргэдэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНД ШАГНАЛЫН ХУР БУУВ
Сар шинийн баярын өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст олон жил идэвх санаачилгатай ажилласан зарим эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн одон медалиар шагнасан байна. Шагналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж болон яамны удирдлагын багийнхан гардуулж баяр хүргэсэн юм.
Энэ удаа Хүний гавьяат эмч цолоор Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Шархүүгийн Энхтуяа, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмч Довчингийн Наваан нарыг шагнасан юм. Мөн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор “Мөнхийн Тун” компанийн ерөнхий захирал Цэвэгжамцын Алтанцэцэг, Хөвсгөл аймгийн Шинэ-Индэр сумын Сум дундын эмнэлгийн ахмад ажилтан, эх баригч Жамсрангийн Маам, Говь-Алтай аймгийн “Нандин талим” нүдний эмнэлгийн сувилагч Галбадрахын Уртнасан нар шагналаа. Гавьяат багш цолоор хоёр хүн, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор долоон хүн, “Алтан гадас одон”-гоор 43, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 11, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр тав, ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр хоёр хүнийг шагнажээ.
БАЯРЫН ӨДРҮҮДЭД АРХИ, ХООЛНЫ ХОРДЛОГЫН ӨВЧЛӨЛ НЭМЭГДЖЭЭ
Энэ жил баярын өдрүүдээр хот, хөдөөгүй цочмог хүйтэрсэн. Цаг агаар хүйтэрснээс томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-наас анхааруулсаар байна. Мөн баярын өдрүүдэд осол гэмтлийн болон архи, хоолны хордлогын тохиолдол нэмэгджээ. Тодруулбал, 39 хүн хордлогод орж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 250 хүн хандаж, эмнэлгийн тусламж, авсан байна. Сар шинийн баяраар 200 эх амаржсан байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өдөрт 200 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Түүнээс гадна 50 гаруй хүүхдэд яаралтай мэс засал хийсэн байна. Үүнтэй холбогдуулан бага насны хүүхдээ хүйтэнд гэрээс нь гаргахгүй байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулсан юм.
Хэрэв танд болон танай гэр бүл, үр хүүхдэд ямар нэгэн эрсдэл тохиолдож, биед нь зовиур илэрвэл ард иргэдийг цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөв. Эмнэлгийн байгууллагууд энэ сарын 11-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байгааг албаныхан хэлэв.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56