Онцлох мэдээ

Өнөөдөр өвлийн улс төрийн "ааш аяг" хаашаа эргэх нь тодорхойлогдох уу

Хуваалцах:

Өвлийн тэргүүн сараар халуу шатан буцалсан улс төрийн хэрүүл энэ өдрүүдэд ид дундаа өрнөж байна. Олонх болсон нам ингэж асуудалд өртсөн түүх бидний өнгөрүүлсэн ардчилсан он жилүүдэд байсангүй. Хот, хөдөөгөөрөө ялгагдаж хоёр талд гарч "зодолдож" буй том дарга нарынх нь "зодоон" улс орныг, Монгол төрийг ч сүйд хийх дээрээ тулах нь байна. Бүр адаг сүүлд нь улс төрийн тэмцэл нь гудамжинд гарах сураг ч дуулдах болов. Ямартаа ч асуудал нэлээд хурцдаж, эхлэл хэсгээсээ ч илүү ширүүн өрнөлөөр үргэлжлэх бололтой.
Тодруулбал, өнөөдөр хуралдаж шийдвэр гаргах Төрийн байгуулалтын байнгын хорооны Засгийн хувь заяаг дүгнэх шийдвэр, НИТХ-ээр хэлэлцэгдэж шийдэгдэх хотын даргын асуудал ирэх өдрүүдэд улс төрд ямар үйл явдал өрнөхийг таамаглахад хялбар болгоно гэсэн үг. Өнөөдөр эдгээр асуудлуудыг хэлэлцэх хуулийн сүүлийн хугацаа. Өөрөөр хэлбэл өрнөл хэсгийн хамгийн гол үйл явдлууд өнөөдөр зангидагдаж, МАН-ын ч, төрийн ч хэрэг цаашдаа ямар зураглалаар явах вэ. Хэний "зохиолоор" өрнөх бол гэдэг нь шийдэгдэнэ. Энэ өдрүүдэд улс төрийн тохироогоо хэн, хэрхэн хийснээс шалтгаалж хотын даргыг огцруулах, Ерөнхий сайдыг хэвээр үлдээх эсэх нь харагдана. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргавал Засгийн газар бараг л "онхолдоно" байх. Нөгөө талд энэ шийдвэр хэрхэн шийдэгдэхээс шалтгаалж хотын дарга хэвээр үлдэх үү, чөлөөлөгдөх үү гэдэг нь тодорхой болно.
МАН хямрах уу, төр хямрах уу гэдэг дээрээ тулаад буй энэ цаг үед улс төрийн аливаа шийдвэрүүдийг маш хурдтайгаар өрнүүлэхгүй бол арай ядаж буй энэ улс орны амьдрал төсөөлж байснаас ч эрт зогсох нь байна. Өвлийн хахир цаг хаяанд тулж, цас зуд гэдэг асуудлыг ярих ёстой хүнд хэцүү үед буруутай гэж үзвэл Засгаа огцруулаад, буруу гэж үзвэл "аварч" үлдээд дээр дооргүй ажлаа эхлүүлэх ёстой бус уу. Гэтэл миний чиний, У.Хүрэлсүхийн М.Энхболдын гэдгээрээ хуваагдаж хурлын ирц бүрдүүлэхгүй төрийг бойкотолж байна.
Өнгөрсөн долоо хоногт энэ тэмцэл, бойкотоос болоод Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж чадахгүй нөхцөл байдал үүсч, эмнэлэг, сургууль, цагдаа, цэрэг, цагдаа, цахилгаан станцууд гээд бидний өдөр тутмын амьдралыг хөдөлгөгч, хөтлөгч болсон төрийн гол нэгжүүд бүгд ирэх онд ТЭГ  зогсолт хийж, цалин тэтгэвэргүй болох шахлаа.
Мөн өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан Төрийн байгуулалтын байнгын хороо ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар бүтэн өдрийн ажлаа алдаж, бүхэл бүтэн МОНГОЛ ТӨР гацлаа. Нөгөө талд нь засагт хариуцлага тооц гэсний хариуд сөргүүлсэн тавьсан хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ хэлэлцэх гээд бас л барсангүй.  НИТХ уг нь улс төрийн ийм аар шаар хэрүүл хэлэлцэхийн оронд ирэх оны Нийслэлийн төсвийг хэлэлцэж, нэн яаралтай өргөн барих ёстой юмсан. Аргаа барсан төлөөлөгчид нийслэлийн төсвийг өргөн барьж чадахгүй бол нийслэлчүүд ирэх жилийг "сохор улаан" зоосгүйгээр эхлүүлэх дээрээ туллаа хэмээн хий дэмий л бувтнаж харагдана лээ.
Ойрын хэдэн том жишээг дурдахад ийм байна. Цаашдаа хэрхэн яаж, төрийг гацаахыг хэлж мэдэхгүй юм. Үүний цаана намын хурал, бүлэг фракцын хэрүүлээс болоод төрийн ажил хэчнээнээр цалгардаж, татвар төлөгчдийн мөнгө хэрхэн үргүй урсан буйг таамаглаад ч дэмий биз. Хямрахын нэр биз. Яадаг ч байсан Засгаа ч байна уу, төрөө ч байна уу яах эсэхээ эрх баригчид шийдвэрлэж, буруутай буруугүй гэдгээ хуулиар олгогдсон парламентын танхимдаа хэлэлцээд хариуцлага тооцох, тооцохгүйгээ шийдээд явах хэрэгтэй байна. Хэрэв тэгж чадахгүй бол та бүхний төсөөлж байгаагаас ч илүү хор уршиг монголчуудын "нуруун" дээр ирэх байх шүү.
Асуудлаас булзаж, зугтаж элдэв хор гүйлгэж төрийн ажлыг гацаахын оронд ил тодоор буруу, зөв өө хэлэлцээд хурал цуглаанаасаа зугтахгүй, төрийн ажлыг гацаахгүй байвал сайнсан.
Ч.Ган
http://www.zaluu.com/read/2d8habe0g
скачать dle 12.0