Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын тухай хуулиар юуг зохицуулж өгсөн талаар “Хуулийн толь” булан онцоллоо.
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байгаа энэ хуулиар 2023 оны долдугаар сарын 1-нээс өмнө бүртгүүлсэн намуудыг дахиж бүртгэхгүй. Гэрчилгээ, тамга тэмдэг нь хэвээр байна. Гэхдээ 2024 оны сонгуулийн дараа зургаан сарын дотор намын дүрэм, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн өөрчилж, тэрхүү өөрчлөлтөө нэг сарын дотор Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гол асуудал нь намын төлөөллийн төв байгууллага, намын их хурал, их хурлын чөлөөт цагт хуралддаг төлөөллийн байгууллагуудыг бүртгүүлэхэд тавигдах шаардлагууд өөрчлөгдөж байгаа ажээ.
Намын их хурлыг зохион байгуулахад нууцаар санал хураана
Хэрэв тухайн намын дүрэмд илээр санал хураана гэж байгаа бол хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлага үүсэж байна. Учир нь уг хуулиар намын дотоод ардчиллыг чухалд тооцсон байна. Иймд намын төлөөллийн байгууллагад хэн байх вэ, УИХ-д хэн нэр дэвших вэ гэдгийг нууцаар санал хураахаар хуулийн өөрчлөлт оржээ.
Гишүүдийн оролцоог хангахыг шаардана
Намын бүртгэлийн асуудал байсхийгээд УДШ-ээс буцдаг, түүнийг дагасан гомдол, шүүмжлэл гардаг. Тэгвэл шалтгаан нь тухайн нам дүрмээ өөрчлөхдөө гишүүдийнхээ олонхиор шийдүүлээгүй. Дүрэмдээ өөрчлөлт оруулдаг байгууллага нь 3-4-хөн гишүүнтэй. Улсын хэмжээнд бодлого гаргах гэж байгаа намын дүрмийг 3-4 хүн өөрчлөөд сууж байж болохгүй тул бүртгэлийн шаардлага хангаагүй гэх өгсөн материал нь буцдаг байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудлаа олонхиор шийдээгүй учраас тухайн намын бүртгэлийг буцаах үндэслэл болдог ажээ. Жишээ нь, тухайн намын дүрэмд өөрчлөлт оруулах эрх бүхий байгууллага 100 гишүүнтэй байлаа гэхэд 100 гишүүнээ бүгдийг оролцуулахгүй ч хурлаа яаж хийх вэ гэдгээ дүрэмдээ тодорхой оруулж өгнө.
Түүний олонх нь ирсэн үү, хэд нь ирсэн бэ, хэд нь ирж байж хурал баталгаажих вэ гэдгээ дүрэмдээ тодорхой болгох ёстой гэсэн үг юм. Мөн хүйсийн төлөөллийн асуудлыг тусгах ёстой. Намын төв байгууллагыг байгуулахад, тэндээс нэр дэвшигчийн хүйсийн төлөөлөл 30 хувь байх заалт хуульд бий.
Ямар тохиолдолд намын гишүүнээс хасаж, хариуцлага тооцох вэ?
Ямар тохиолдолд намын гишүүнд сахилгын шийтгэл ногдуулах вэ. Яаж хасах вэ, хэрхэн түдгэлзүүлэх вэ гэдгийг намын дүрэмд тодорхой зааж өгөх ёстой. Ямар зөрчил гаргавал намын гишүүнээс хасах вэ гэдэг нь тодорхойгүй. Хуульд намын дүрмийг санаатай зөрчвөл, эсвэл намын үнэт зүйлд харш үйлдэл хийвэл намаас хөөнө гэж ерөнхий оруулсан байдаг.
Өөрөөр хэлбэл, зарим намын дүрэмд энэ нь тодорхой бус байдаг. Тухайн намын үнэт зүйл юу болохыг хуулиар тодорхой зааж өгөх ёстой. Байсан ч тэр нь тодорхойгүй бол үүнийгээ их хурлаараа хэлэлцэж өөрчлөх ёстой. Намын дотоод зохион байгуулалт дээр намын хяналтын байгууллага гэж байх ёстой. Намын хяналтын байгууллага нь намд маргаан үүсвэл түүнийг шийдвэрлэх эрх үүрэг бүхий бүтэц байна. Хэрэв нэгэнт байгуулагдсан намууд ийм байгууллага байхгүй байгаа бол шинээр байгуулна. Энэ байгууллага нь намын дүрэмд хяналт тавина, намын дотоод маргааныг шийдвэрлэнэ. Намын гишүүнээс хасах асуудлыг шийднэ. Тэгэхээр намын гишүүнээс хасах асуудлыг намын их хурал шийдэхгүй, төлөөллийн төв байгууллага ч шийдэхгүй, зөвхөн хяналтын байгууллага шийднэ гэж хуульчилжээ.