Соёлын сайд Ч.Номингийн томилгооны талаар Монголын Үндэсний музейн хамт олны төлөөлөл өнөөдөр /2024.03.06/ мэдээлэл хийлээ.
Ч.Номин сайдын 2023.11.08-ны өдрийн тушаалаар Монголын Үндэсний музейн Музей судлалын мэргэжил, аргазүйн төвийн дарга Д.Мөнхтогоог тус музейн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Үүнээс гурван сарын дараа буюу 2024.02.19-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг Монголын Үндэсний музейн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Түр орлон гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгчээр сольсон Ч.Номин сайдын энэхүү томилгоог Монголын Үндэсний музейн хамт олон эсэргүүцэж байна. Тэд Ч.Номин сайдын томилгоо нь Төрийн албаны тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байгааг хэлэв.
Монголын үндэсний музейн аргазүйн төвийн дарга, доктор Мөнхтогоо “Бидний эсэргүүцэл хоёр даргын эрх мэдэл, тамга булаацалдсан асуудал биш. Соёлын сайд хууль дүрмийн дагуу ажиллахгүй, салбарын хүмүүсийг сонсохгүй гаргасан буруу шийдвэрүүд маш их бужигнаан үүсгээд байна.
Энэ салбарт болохгүй байгаа асуудлын эсрэг хуулийн дагуу ажиллаач ээ. Музей, соёлын өвийн салбарыг битгий ингэж бужигнуулж, мэргэжлийн бус хандаач ээ” гэсэн шаардлагыг Соёлын сайдад тавьж байна.
“Бид Ч.Номин сайдын томилгоог эсэргүүцэж, албан шаардлага хүргүүлсэн. Гэтэл бидний шаардлагыг үл тоогоод барахгүй Соёлын яамны ТНБД-ын 2024.03.04-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг томилогдож, манай байгууллагад шалгалт орсон. Хяналт шалгалт оруулж болно. Гэхдээ ажилчдыг нэр цохож уулзан, хөтөлж тулгасан асуулт тавьж, байцаасан хэлбэрээр мэдээлэл авсан. Энэ нь Төрийн албаны хууль зөрчиж байна” гэсэн мэдээллийг тэдний төлөөлөл өгч байна.
Мөн Ч.Номин сайдын гурван сарын настай, давхар томилгоо нь "Соёлын өвийн төв, Монголын үндэсний музейн хооронд нэг хүнийг томилж, ажлыг хавсран гүйцэтгүүлж байгаа нь байгууллага хоорондын харилцааг доголдуулна. Манай хоёр байгууллагын хооронд соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг бүртгүүлэх, тайлан гаргах, гадаад үзэсгэлэнд тавих үзвэрийн лавлагаа мэдээлэл авах, сэргээн засварлах зэрэг албан харилцаа доголдож, хяналтын систем алдагдана. Энэ нь соёлын өвийн эсрэг хэрэг зөрчил гарах нөхцөлийг үүсгэж болзошгүй" гэж музейн ажилчид Ч.Номин сайдыг хууль зөрчсөн шийдвэрээ залруулахыг шаардаж байна.