Хорт хавдар үүсгэдэг асбест гэдэг химийн бодисыг үе шаттайгаар хэрэглээнээс хасаж эхэлсэн тухай АНУ-ын Засгийн газрын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) мэдэгджээ.
Хэдийгээр уг бодисыг 2016 оны химийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу хориглож, өргөн хэрэглээний олон бүтээгдэхүүний орц найрлагаас хассан боловч хлорын цайруулагч, тоормосны жийрэг болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигласан хэвээр байгаа юм. Одоо хориглоод буй асбестын төрлийг хризотил асбест гэж нэрлэдэг бөгөөд хлор-шүлтийн үйлдвэрлэлд хэрэглэдэг, Бразил, Оросоос голчлон импортолдог байна. Тус салбар нь ихэвчлэн цайруулагч, идэмхий натри болон ус цэвэршүүлэхэд ашигладаг бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
Дээрх шийдвэрийн дагуу импортыг хориглохыг зэрэгцээ тав ба түүнээс дээш жилийн хугацаанд хлор-шүлтийн хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах бөгөөд EPA энэ хугацааг "шилжилт хийхэд боломжтой үе" гэж тодорхойлж байгаа ажээ.
Тус байгууллага даваа гарагт шийдвэрээ зарлахын өмнө Америкийн ус цэвэршүүлэх 350 байгууламжийг төлөөлдөг Цэвэр усны агентлагуудын үндэсний холбооноос мэдэгдэл гаргаж, асбестыг хориглох нь ус цэвэршүүлэх, халдваргүйжүүлэхэд ашигладаг гол бодис болох хлор болон бусад химийн бодисын хомсдол үүсгэж, үнэ нэмэгдэхэд хүргэж болзошгүй гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Бусад зорилгоор, тухайлбал, автомашины тоормос үйлдвэрлэхэд ашигладаг бодисыг хориглох шийдвэр ирэх хоёр жилийн хугацаанд хэрэгжих ажээ.
"Асбест бол нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлдэг хорт хавдар үүсгэгч гэдгийг шинжлэх ухааны нотолгоо тодорхой харуулж байна. Олон жил дамнасан энэ асуудал маш олон хүний амьдралд нөлөөлсөн гэдгийг Ерөнхийлөгч Жо Байден мэдэж байгаа. Ийм учраас EPA аль эртнээс хэрэгжих ёстой хоригийг хэрэгжүүлж эхэлснээрээ бахархаж байна” гэж тус агентлагийн тэргүүн Майкл Реган хэллээ.
Асбест нь уушгины хорт хавдраас гадна мезотелиома хэмээх уушги, цээж, хэвлийн хөндий, зүрхэнд үүсдэг ховор төрлийн хорт хавдар болон уушгины асбестоз өвчнийг үүсгэдэг ажээ. 2019 онд хийсэн судалгаагаар, Америкт асбесттай холбоотой өвчнөөр жилд 40 мянга орчим хүн нас барж байна.