Дэлхийд

НҮБ-ын тэргүүн хүлээцтэй байхыг уриаллаа

Хуваалцах:

НҮБ-ын тэргүүн хүлээцтэй байхыг уриаллаа

 

Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай холбогдуулан Ираны тал Израил руу хариу цохилт өгсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дээд зэргээр хүлээцтэй байхыг ням гарагт уриалав. “Ойрхи Дорнодын ард түмэн бүрэн хэмжээний мөргөлдөөний бодит аюултай тулгарч байна. Одоо хурцадмал байдлыг намжаах цаг нь болсон. Одоо дээд зэргээр хүлээцтэй байх цаг ирээд байна” гэж тэрбээр Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр хэллээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Ираны талаас өнгөрсөн бямба гарагт өөрийн нутаг дэвсгэрээс Израил руу олон зуун нисгэгчгүй онгоц хөөргөж, пуужин харвасан бөгөөд ихэнхийг нь сөнөөсөн байна. Израилын нутаг дэвсгэрт хэд хэдэн пуужин унасны нэг нь тус улсын өмнөд хэсэгт байрлах цэргийн байгууламжийг сүйтгэсэн гэх мэдээлэл байна. Ерөнхийдөө цөөн хэдэн энгийн иргэн шархадсан гэж А.Гутерриш хэлжээ. 

НҮБ-д суугаа Ираны Байнгын төлөөлөгч Амир Саид Иравани Аюулгүйн Зөвлөлийн ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа, Ираны арга хэмжээг “Израилын удаа дараагийн цэргийн түрэмгийлэл, ялангуяа 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Дамаск дахь Ираны Консулын газрын байранд зэвсэгт халдлага үйлдсэний хариуд авсан” гэж бичсэн байна. НҮБ-ын Дүрэмд аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхийг хориглодог бөгөөд олон улсын хууль тогтоомжийн дагуу дипломат болон консулын байр, ажилтнуудын халдашгүй дархан байдлын зарчмыг бүх тохиолдолд хүндэтгэх ёстойг А.Гутерриш бүх гишүүн оронд санууллаа.

 

“Аюулын ирмэгээс ухрах цаг ирээд байна. Ойрхи Дорнодын олон фронтод цэргийн томоохон сөргөлдөөнд хүргэж болзошгүй аливаа үйлдлээс зайлсхийх нь амин чухал байна. Энгийн иргэд хэдийнээ хүнд хэцүүг үүрч, хамгийн өндөр төлөөсийг төлж байна” гэж А.Гутерриш хэлжээ.

 

Тэрбээр үргэлжлүүлэн олон улсын хамтын нийгэмлэг цаашид хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэх, Газын зурваст хүмүүнлэгийн үүднээс нэн даруй гал зогсоох, барьцаалагдсан бүх хүнийг нэн даруй, нөхцөл болзолгүйгээр суллах, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэхийн тулд холбогдох бүх талыг идэвхтэй татан оролцуулах нийтлэг үүрэг хариуцлага хүлээж байна гэлээ. Олон улсын хамтын нийгэмлэг мөн Баруун эрэг дэх хүчирхийллийг зогсоож, Ливан-Израилын хилийн дагуух нөхцөл байдлыг намжааж, Улаан тэнгист хөлөг онгоцны аюулгүй хөдөлгөөнийг сэргээх үүрэг хариуцлага хүлээж байгааг тэрбээр онцолжээ. “Бид энх тайвны төлөө хүчин зүтгэх нийтлэг үүрэг хариуцлага хүлээдэг. Бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдал цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ганхаж байна. Бүс нутаг, дэлхий нийтийн аль аль нь дахин дайныг хүлцэж чадахгүй” гэж тэрбээр хэллээ.

 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0