Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байгааг албаныхан мэдээллээ.
Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй. Тодруулбал гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын хүрээнд усалгааны системийг суурилуулж байна.
Мөн авто угаалгын газар болон бетонон хашааг “Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-той зөвшилцөн буулгасан бол нэг давхар зоогийн газрыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж байгаа юм.
Чөлөөлсөн талбайд ногоон байгууламж байгуулж, теннис, хүүхдийн тоглоомын талбай болон 3х3 сагсан бөмбөгийн талбай хийж тохижуулахаар төлөвлөсөн” гэв.
Гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварласан байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан машингүй бүс болгохоор ажиллаж байгаа аж.
Гэрэлтүүлгээ гоёлын бус орчны гэрлээр сайжруулах, ногоон байгууламж нэмэх, орох, гарах хаалганы шатыг стандартжуулах, хаягжуулалтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын системтэй болгох юм байна.
Түүний мэдээлснээр тус хүрээлэнд энэ жил есөн шинэ ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулна.
Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнд 12,000 хүн шигүү байдлаар суух боломжтой бөгөөд суудал хоорондын зай хэт ойр байдгаас үүдэн хүн саадгүй зорчих боломжгүй тул засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд суудал хоорондын зайг олон улсын стандартад нийцүүлж, цөөн болгожээ.
“Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсарчээ.