Дэлхийд

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Венесуэлийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ

Хуваалцах:
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 2 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотноо болж буй 55 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцлоо.
Бага хурлын эхний өдөр Гадаад харилцааны сайд АНУ-ын Вүүдроу Уилсоны нэрэмжит олон улсын судалгааны Төвөөс зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал, хатагтай Кристине Лагардетай уулзав. Д.Цогтбаатар сайд тус Сангийн зүгээс Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд олон жилийн туршид чухал дэмжлэг үзүүлж, хувь нэмэр оруулсаар ирсэнд талархал илэрхийлэв. Мөн тэрээр үр дүнтэй өрнөж ирсэн энэхүү хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар эрхэмлэж буйг нотлов. Хатагтай К.Лагарде Монголын эдийн засагт гараад буй эерэг өөрчлөлтүүдийг бэхжүүлэхийн чухлыг дурдаад төсөв, санхүүгийн сахилга бат шийдвэрлэх үүрэгтэй хэвээр буйг тэмдэглэжээ.
Арга хэмжээний үеэр хатагтай К.Лагарде мөн дэлхийн бүс нутгуудад өрнөж буй үйл явдлуудын талаар байр сууриа илэрхийлж, зарим оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Д.Цогтбаатар сайд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийж харилцан ярилцав.
Гадаад харилцааны сайд мөн өдөр МАББХ-ын хүрээнд зохион байгуулагдсан Дээд түвшний хөрөнгө оруулагч нарын уулзалтанд оролцож, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Уг уулзалтад оролцогчид нийтдээ 400 орчим тэрбум долларын хөрөнгийн сангуудын удирдлагын төлөөлөл байв.
Тус уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Венесуэл Улсад өрнөж буй үйл явдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр Венесуэл Улсад үүсээд буй нөхцөл байдал нь олон жилийн турш үргэлжилсэн улс төрийн хийрхлийн уршиг бөгөөд яг ямар үр дагаварт хүргэдгийг тодоор харуулж буйг онцлон тэмдэглэв. Мөн цааш ярихдаа тэрбээр “нэгэн үед Венесуэл Улсын Ерөнхийлөгч Уго Чавес болон түүний залгамжлагч Мадуро-гийн үзэл баримтлалыг дэмжиж, дуурайл болгон сайшаасан Монголын зарим улс төрийн хүрээнийнхэн байсан. Өнөөдөр, харин Венесуэлийн ард иргэд өөрсдийн амьдралын хүнд бөгөөд гашуун жишээ нь дэлхийд ямар бодлогыг баримталж болохгүйг харуулж байна. Эдүгээ энэ улсад зөвхөн уг орны асуудал шийдэгдэх гэж байгаа юм биш. Харин дэлхийн түвшинд хийрхэл ба үндэслэл тооцоотой бодлого, үйл ажиллагааны аль нь тунаж үлдэхийг тогтоох тэмцэл өрнөж байгаа юм. Энэ утгаараа дээрх асуудлын шийдэл манайд бас нөлөөтэй бөгөөд Монгол Улсын хөгжлийг эрсдэлд оруулсан Уго Чавес-Мадурогийн үзэл баримтлал төгсгөл болж, манай эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь багасах болов уу” гэж тооцож буйгаа онцлов.
Энэ удаагийн бага хуралд гадаадын 35 орны төрийн тэргүүн, ерөнхий сайд, 50 гаруй улсын гадаад харилцааны болон батлан хамгаалахын сайд нар оролцож байна. Энэ завшааныг ашиглан Д.Цогтбаатар сайд Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад харилцааны сайд Чингиз Айдарбековтой уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
МАББХ-ын тэргүүн, Элчин сайд В.Ишингер бага хурлыг нээсэн бөгөөд оролцогчид Европын холбооны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцүүлэг хийв. Гадаад харилцааны сайд тус хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ “Олон улсын худалдаа аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд хөгжиж буй жижиг орнууд хэрхэн нөлөөлж байгаа талаар санал солилцов.
Бага хурлын эхний өдрийн төгсгөлд Д.Цогтбаатар сайд АНУ-ын Сенатор асан Жон Маккэйнийн нэрэмжит шилдэг илтгэлийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцов.
скачать dle 12.0