“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад дэлбэрэлт болж нэг иргэн хүнд гэмтсэн байна. Тодруулбал, үйлдэрийн дэлбэрэлт 10 хоногийн өмнө болсон бөгөөд цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байгаа аж.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, нэг хүн хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн. Дуудлага мэдээлэл есдүгээр сарын 11-ны 10:25 цагт цагдаагийн байгууллагад ирсэн.
Осол 10 хоногийн өмнө өглөө ээлж солилцох үед буюу 08:00 цагт гарсан байсан. Дуудлагын дагуу шалгахад тус үйлдвэрийн ажилтан А ажлаа хийх явцдаа хөл хэсгээ түлсэн. Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа гэв.
Осолд 38 настай эмэгтэй, дадлагаар ажиллаж байсан 17 настай хүүхэд өртжээ.
Дэлбэрэлтийн улмаас хлоратори цацарч 38 настай эмэгтэйн ам руу орсон байж болзошгүй учраас яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Харин 17 настай хүүхдийг эмчийн хяналтад гурав хоног байлгасан байна. Осол хувцас солих өрөөний хажууд гарсан бөгөөд хлораторын станцын хадгалалт аюулгүй байдал алдагдсан байж болзошгүй гэнэ. Гэхдээ одоогоор мөрдөн шалгах ажил дуусаагүй учир шалтгааныг тодорхой хэлэх боломжгүй гэлээ.