Мэдээ мэдээлэл

Өөх шатааж, цусан дахь сахарын хэмжээг бууруулахад богино давтамжтай мацаг барих үр дүнтэйг судлаачид тогтоожээ

Хуваалцах:

Өөх шатааж, цусан дахь сахарын хэмжээг бууруулахад богино давтамжтай мацаг барих үр дүнтэйг судлаачид тогтоожээ

 

Өдөр бүр наймаас арван цагийн хугацааны завсартай хооллох нь жинг бууруулж, цусан дахь сахарын хэмжээг бууруулахад тустайг шинэ судалгааны үр дүн харуулжээ.

Тухайлбал “Intermittent fasting” гэж олон улсад нэрлэгддэг богино хугацааны давтамжтай мацаг барих арга хүний эрүүл мэндэд, ялангуяа бодисын солилцооны эрүүл мэндэд сайн нөлөөтэйг өчигдөр “Annals of Internal Medicine” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүн харуулсан юм.

Мацаг барих ийм аргыг сүүлийн жилүүдэд урлаг соёлын алдартнууд, нэртэй бизнесмэнүүд түгээмэл хэрэглэдэг болсон.

Үүний гол санаа нь юу идэх идэхгүйдээ биш, хэзээ идэх вэ гэдэгт оршдог.

Өөрөөр хэлбэл хоногийн тодорхой цаг хугацааны завсарт ямар ч хоол хүнс хэрэглэлгүй тэвчих тухай ойлголт юм.

Сан Диего дахь Калифорнийн Их сургуулийн анагаах ухааны сургууль, Биологийн Судалгааны Солк Хүрээлэнгийн хамтарсан баг бодисын солилцооны синдромтой хүмүүст мацаг барих яаж нөлөөлдгийг судалжээ.

Бодисын солилцооны синдромд цусан дахь сахарын хэмжээ өндөр, биеийн өөхлөлтийн түвшин өндөр зэрэг шинж тэмдгүүд багтдаг.

Судлаачид ийм эрүүл мэндийн асуудалтай 108 хүнийг гурван сарын турш ажиглажээ. Тэд дунджаар 50 гаруй настай хүмүүс байсан байна.

Туршилтад оролцогчдын тал нь өөрийн дадал зуршаар хооллодог болон эрүүл хооллолтын дэглэм баримталдаг хүмүүс байжээ.

Нөгөө тал нь бас ижил холимог хоолны дэглэмтэй хүмүүс боловч өдөр бүр 8-10 цагийн хугацаатай мацаг барих зааврыг дагаж байсан байна.

Туршилтын төгсгөлд мацаг барьсан хэсэг нь бусдаасаа илүү их жин хасаж, биед эзлэх өөхний хэмжээ нь хамгийн ихээр буурсан байжээ.

Мөн цусан дахь сахарын хэмжээ нь хамгийн ихээр буурсан байна.

Үүнээс гадна хэдийгээр бага идэхийг зөвлөөгүй ч мацаг барьсан хэсгийн идэх хоолны хэмжээ багассан үр дүн харагджээ.

Тэд бусад хэсгийн хүмүүстэй харьцуулахад өдөрт дунджаар 350 калороор бага илчлэг авч байсан байна. Үүний ихэнх нь нүүрс ус, өөх тос бага хэрэглэсэнтэй холбоотой бууралт байжээ.

Харин авах уургийн хэмжээ нь нэг түвшинд хадгалагдсан байна.

Мэргэжилтнүүд “intermittent fasting” мацгийг хамгийн хялбар хэрэгжүүлж эхлэх арга нь унтахаасаа гурван цагийн өмнө хоол хүнс хэрэглэхээ зогсоох гэж зөвлөжээ.

Ингэвэл унтсан хугацаатайгаа нийлээд хоногт 10-аас дээш цаг мацаг барьсанд тооцогдох юм байна.

 

Эх сурвалж: Business Insider

скачать dle 12.0