Дэлхийд

​Австрали улс үр дүнтэй аргаар ундны усны бохирдолтой тэмцэж байна

Хуваалцах:

Пластик хог хаягдал бол дэлхийн нийтлэг хамгийн том асуудлын нэг юм. Үндэсний газарзүйн нийгэмлэгээс гаргасан судалгаагаар жил бүр зөвхөн далайн орнуудаас гэхэд 8 орчин тэрбум тонн пластик хог хаягдал ялгардаг байна. Энэ бүгд далайд очиж дуусдаг аж. Мэдээж энэ их хог хаягдал нь далайн эко систем болон амьтдад асар их хор хөнөөлтэй. Хог хаягдлаас болж олон зуун метр шүрэн арлууд сүйдэж, хэдэн мянган амьтад зовж буй. Хүн төрөлхтнөөс аврал ирэн далайн эрэгт гарч ирсэн аварга цагаан халимын гэдэснээс дүүрэн хог хаягдал гарсан. Түүний ходоод жинхэнэ хоол багтах ямар ч зайгүй болтлоо пластик хогоор дүүрсэн байсан юм.   
Хэрвээ далайд буй уг хог хаягдлуудыг эх газарт гаргаж ирвэл дэлхийн бүх далайн эргийг бүрхэх хэмжээтэй байх тооцоо гарчээ. Энэ нь дэлхийн байгаль цаг уурт өөрчлөлт оруулахаа гадна та бидний эрүүл мэнд, хоол хүнсэнд хүртэл сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ үүний эсрэг бодитой арга хэмжээ авах гэж аль чадахаараа тэмцэж байгаа ч дорвитой өөрчлөлт гарсангүй.
Харин Австраличууд пластик хог хаягдалтай тэмцэх маш энгийн хэрнээ үр дүнтэй аргыг хэрэгжүүлж байгаа юм байна. Хамгийн гол нь маш хямд өртөгтэй арга гэдгээрээ онцлог. Тус улсын Квинана хотын ус зайлуулах систем нь шууд ундны усны эх үүсвэрт нийлэн очдог байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний үерийн ус нь хотын бүх хог хаягдлыг ус зайлуулах хоолойд хуримтлуулж, тэр нь ундны цэвэр устай нийлдэг аж. Тиймээс хотын удирдлагууд удаан хугацааны турш хог хаягдлыг хязгаарлах технологийг хөрөнгө мөнгө гарган судалж байжээ.
Гэтэл тэд энэ зүйлийг маш энгийн аргаар бий болгосон юм. Тэр нь үерийн ус зайлуулах систем байгалийн цэвэр усны нөөцөд цутгадаг тэр хэсэгт торон шүүлтүүр тавьсан явдал байв. Энэ нь элдэв хатуу биет хог хаягдал цэвэр усны нөөцөд нэвтрэн орохоос сэргийлэх найдвартай арга болжээ. Хуримтлагдсан хог хаягдлыг тодорхой хугацаанд тогтмол зөөвөрлөж, торыг цэвэрлэх ажил хийгддэг байна. Саяхан Австрали улсад болсон их хэмжээний үерийн үеэр долоон хоногийн дотор 400 кг хог хаягдал шүүж байжээ.
Ийм тор суурилуулахад 10 мянган ам.долларын төсөвтэй байдаг байна. Мэдээж удаан эдэлгээтэй, олон дахин ашиглаж, өөр газар суурилуулах боломжтойгоор хийгдсэн байдаг аж. Хамгийн гол нь энэ шийдэл нь нэгэнт их хэмжээгээр бохирдсон байгальд цэвэрлэгээ хийснээс хэдэн мянга дахин хямд зардалтай юм. Энэ аргыг хүн төрөлхтөн жижиг зүйлсээр том өөрчлөлт хийж болохын том жишээ гэж сайшаах болсон байна.
Монгол Улсад ялангуяа Нийслэл Улаанбаатарын хувьд цэвэр усны асуудал сүүлийн жилүүдэд хурцаар яригдах болсон юм. Тиймээс бид гаднын энэ туршлагаас суралцаж өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан энгийн хэрнээ үр дүнтэй аргыг эрэлхийлэх нь чухал билээ.
Эх сурвалж: mindcoreскачать dle 12.0