Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

“Нарансэвстэйн боомтыг нээснээр байгаль орчинд аюулгүй гэдэг нь худал”

Хуваалцах:

Нарансэвстэйн боомтыг шуурхайлан нээхийг эсэргүүцэж, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, эрдэмтэн судлаачид өчигдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр АН-аас Нарансэвстэйн боомтыг нээх тогтоолыг гаргасан. Хуралд оролцогчид  энэхүү  шийдвэрийг эсэргүүцэж байгаа ажээ. Тэдний байр суурийг хүргэе.

 

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү: шинээр тавигдах замыг дагасан зургаан булаг шанд, усны цэгүүд байна

-Засгийн газраас 1992, 1993 онуудад Говь-Алтай аймагт орших Их говийн дархан цаазат газар Нарансэвстэйн боомтыг нээх боломжгүй гэж үзсэн. Тус боомтыг нээснээр байгаль орчинд хор хөнөөлтэй бөгөөд дэлхий дахинд ховордсон мазаалай, хавтгай зэрэг олон ан амьтан устаж үгүй болно гэдгийг мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ “Бидний тавих зам Их Говийн дархан цаазат газрын А бүсээр дайрахгүй, амьтдад хор хохиролгүй” гэсэн. Гэвч зураг дээрээс харвал Их говийн дархан цаазат бүс Монголын урд хилээр давхцаж байгаа нь харагдаж байна. Мөн мазаалай, хавтгайн тархац нутгийн хил дагуу байгаа. Судлаачдын багаас авсан мэдээллээр шинээр тавигдах замыг дагасан зургаан булаг шанд, усны цэгүүд байна. Тэдний зөвхөн нэгд нь жилд 500-1000 удаа зэрлэг амьтад ирж ундаалсан нь тогтоогдсон. Хэрэв зам тавигдвал булаг, шанд үгүй болж, амьтад ундаалах боломжгүй болно.

 

МУИС-ийн багш, доктор Д.Өсөхжаргал: Говь гэдэг экосистемийг орлуулах боломжгүй

-БНХАУ-тай хиллэх Нарансэвстэйн боомтыг нээх үйл ажиллагаа нь байгаль, орчинд хэр хор хөнөөлтэй талаар мэдээлэл өгье. 1975 онд хамгаалагдаж, 50 жил үйл ажиллагаа явуулсан дархан цаазат Нарансэвстэйн боомтыг ашигласнаар энэ газар салхинд хийсэхэд тулаад байна. Говийн их дархан цаазат газрын А хэсэг нь 4.6 сая га, Б хэсэгтэй нийлээд 6.5 сая га, Монгол Улсын хэмжээнд хамгийн том дархан цаазат газар юм. Дэлхийн 120 мянган тусгай хамгаалалттай газраас эхнээсээ 15-д эрэмбэлэгддэг. Та бүхэн эрдэмтэд яагаад гэнэт өнөөдөр дуугарав хэмээн бодож магадгүй. Энэ заалт хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ оны наймдугаар сард гэнэт орж ирсэн. “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д байхгүй сондгой заалт. Бид бүх боомтыг үгүйсгээгүй. Зөвхөн мөрийн хөтөлбөрийн 3.3.2.8 буюу Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ гэсэн энэ ганцхан заалтын тухай ярьж байна. БНХАУ-тай хиллэдэг 4409 км газарт 12 боомт бий. Нарансэвстэйгээс зүүн тийш Шивээхүрэн, баруун тийш Бургастайн боомт байгаа. Тэдгээрийг сэргээж нээвэл зам тавих, хөгжүүлэх ажил хамаагүй хялбар. Гэтэл хамгийн чанга дэглэмтэй, хамгийн ховор экосистемд аюул занал учруулах гэж байна. Говь гэдэг экосистем зөвхөн Монголд илэрдэг, тийм ч учраас орлуулагдах боломжгүй.

 

Байгаль хамгааллын хөтөлбөрийн мэргэжилтэн Р.Болор: Үе үеийн биологичдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна

-Говийн их дархан цаазат газрын А хэсгийн алсын хараа нь “Олон улсын говь цөлийн судалгааны төв болно” гэсэн байгаа. 4.6 сая га талбайд өнгөрсөн хугацаанд 36 хүн ажилласан. Тэдгээр хүмүүсийн өдөр, шөнөгүй ажилласны үр дүнд байгаль онгон дагшнаараа үлдсэн. А хэсэг нь хамгаалах зургаан үнэт зүйлтэй. Үүний манлайд мазаалай баавгай, хавтгай тэмээ байдаг. Ус цэг, заган ой, ирвэс, түүх дурсгалын газар гэсэн зургаан зүйл багтдаг. Байгаль орчны салбарыг нэгэн цагт тэргүүлж явсан хүн өнөөдөр энэ салбар руугаа “ус цацаж” байгаад  хэлэх үг алга. Энэ нь биологичдын түүчээ болсон Д.Цэгмид гуай болон бусад үе үеийн биологичдын өнгөрсөн 50 жилийн хөдөлмөрийг үгүйсгэж буй хэрэг болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0