Эдийн засаг:
Монгол улс төрийн мөнгөнөөс өөрсдийгөө баяжуулдаг улс төрчдөөс болж ядарч байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлэх зорилготой сангийн мөнгөний хуваарилалттай холбоотой асуудал одоогоор шуугиан тарьж байна.
Ирэх онд явагдах парламентын сонгууль шинэ эхлэлийг авчрах ёстой. Бидний ярианы төгсгөлд Отгонтөгс дээш хараад бухимдалтай хэдий ч өөдрөгөөр “Энэ асуудал эхлэхэд би маш ууртай байсан. Харин одоо бол тийм ч их уурлахгүй байна. Дараагийн сонгууль өөр зүйл авчирна гэж найдаж байна” гэж хэлэв. Нью-Йоркийн алдарт Колумбийн Их сургуульд 7 жил судалгаа хийсэн, өдгөө Монгол Улсын Их сургуульд хичээл заадаг, эдийн засагч тэрээр Монгол улсыг бүхэлд нь цочроосон тус асуудлын талаар нухацтай судалж байна.
Сэтгүүлчид анхлан Жижиг дунд үйлдвэрлэлийн сантай холбоотой хууль бус үйлдлүүдийг ил болгожээ. Тэдний бодлоор энэ нь Монголын бараг бүх улс төрчид авлигад өртсөнийг батлах зүйл аж. Ванкувер дахь Бритиш Колумбийн Их сургуульд социологийн хичээл заадаг Жулиан Диеркесийн хэлснээр “Монгол Улс хоёрхон нам эрх мэдлийг ээлжлэн хуваадаг сэтгэл гутрал ба авлигад автсан эрүүл бус бол орчинтой” гэх. Транспэрэнси Интернэйшнл байгууллагын судалгааны дүнгээс үзэхэд тус улс нь авлигын түвшнээрээ дэлхийн 180 орноос 93 дугаарт жагсаж байна.
Жижиг компаниудад зориулсан мөнгө
Дээрх шуугианы төв болсон сан нь 1990-ээд оны эхэн үед хувийн компаниудын хандиваар санхүүжигддэг байжээ. Энэ нь жижиг ба дунд хэмжээтэй үйлдвэрлэлүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ингэснээр Монголын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлийн эдийн засаг руу шилжих үе шатыг түргэсгэх зорилготой байв
Харин шинэ мянганы эхэнд Засгийн газраас энэхүү сангийн санхүүжилтийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргахаар болж, өөртөө авсан байна. Компаниуд 2 тэрбум төгрөг /760,000 франк/ хүртэлх зээлийг 5 жилийн хугацаанд 3 хувийн хүүтэйгээр авч болно. Ядаж цаасан дээрээ ч гэсэн их л мэдрэмжтэй арга барил. Жижиг бизнесүүд зээл олж авахад хүндрэлтэй. Банк зээлдэхийг хүссэн ч хоёр оронтой, өндөр хүү шаарддаг.
Сан нь 2009 оноос хойш нийт 680 тэрбум франкийг зээлдүүлсэн байна. Харин сэтгүүлчид 2016 онд тус сангаас зээл авсан хүмүүсийн нэрсийг ил болгожээ. Нийт зээл авсан 134 компаниас 122 нь засгийн газар, УИХ-ын гишүүд болон бусад төрийн өндөр албан тушаалтнуудтай гэр бүлийн холбоотой хүмүүс байж.
Отгонтөгсийн хэлж буйгаар дан ганц УИХ-ын гишүүн Оюундарийн хэрэг л гэхэд улс төрчдийн ичгүүр сонжуургүй зан авирын тод жишээ аж. Түүний хүү тус сангаас 950 сая төгрөг авч, өөрөө зээлдэгч болсон байна. Тэр өөрийн зээлдэгч нараас жилийн 36 хувийн хүү нэхдэг байж. Гэвч Оюундарь өөрийн энэ үйлдэлдээ гэмшиж байгаа зүйл алга. Тэрээр УБ Пост сонины сэтгүүлчид “Хэрэв надад уучлал хүсэх ёстой хүн байгаа бол миний хүү л байна” гэж хэлжээ.
Эдийн засагч Отгонтөгсийн судалгаа дээрх асуудлыг бүхэлд нь задлан шинжлэхийг хичээжээ. Тэрээр мөн 2017 оны 10 дугаар сараас хойш төрийн эрхэнд байгаа Ерөнхий сайд Хүрэлсүхийг ч хамруулсан байна. Түүний дүү/ах (brother) ч мөн тус сангаас зээл авчээ. УИХ-ын 21 гишүүн, ажлаа өгсөн 2 сайд, засгийн газар, шүүх засаглал зэрэгт өндөр албан тушаал хашдаг 14 хүн тус “хямд” мөнгөнөөс хүртжээ.
Энэхүү сан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдэлд байдаг. Хариуцах ёстой сайд, УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын гишүүн Батзориг энэ асуудлаас болж огцров. Түүний эхнэрийн зам тээврийн компани сангаас 1.4 тэрбум төгрөг авсан байна.
УИХ ч өөрөө ямар ичгүүр сонжуургүй болохоо харуулсан. Ерөнхий Прокуророос сайд Батзориг болон 4 өөр гишүүний халдашгүй, дархан эрхийг түдгэлдүүлэх саналыг УИХ-д танилцуулахад хүлээн зөвшөөрөөгүй. Иймд энэ хэрэгт хэн нэгэн хариуцлага хүлээж, ял сонсоно гэвэл ирэх онд УИХ-ын бүрэн эрх дуусгавар болох хүртэл хүлээх болох нь. Гэвч Отгонтөгсийн хэлж буйгаар УИХ-ын гишүүд аль хэдийн энэ асуудлыг шийдвэрлэчихсэн аж. Тус хууль бус үйлдэл аль хэдийн эрүүгийн гэмт хэрэг биш байхаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ажээ.
Сангуудын ширэнгэн ой
Харамсалтай нь дээрх Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан нь мөсөн уулын дөнгөж орой нь ч байж мэднэ. Үүнээс гадна засгийн газрын мэдэлд өөр 28 сан байна. Иргэд эдгээр сангийн хөрөнгө хэрхэн зарцуулагддагийг мэдэхгүй. Сангийн яамнаас энэ талаар хяналт шалгалт хийх хороог байгуулжээ. Отгонтөгс тус хороонд хараат бус шинжээчээр ажиллахыг хүссэн ч яам татгалзсан байна. Энэ байдлаас харахад хороо нэг өдөр тус 28 сангийн үйл ажиллагаанд хууль бус зүйл алга гэсэн дүгнэлтэд хүрэхэд эргэлзэх зүйл алга.
Авлига бол Монголын улс төрийн систем дэх том асуудал. Баялаг ихтэй тус улсад олон бизнес лиценз авах шаардлагатай. Энэ хуваарилалтад бодлого чухал. Алтны уурхайн лиценз эсвэл төрийн мөнгөнөөс санхүүжилт авахыг хүссэн хэн бүр улс төрийн систем дотор сайн ажилладаг байх ёстой. Монголын хөдөлмөрчдийн намыг үндэслэгч, дарга Найдалаагийн нэгэн өгүүлэлд “Монгол гэдэг улс дотор ахин нэг улс байна” гэжээ. Монголын эдийн засаг нь өөрийн гурван сая гаруй иргэдийн мэдэлд байх учиртай. Гэвч Найдалаагийн хэлж буйгаар цөөхөн хэдхэн хүн л үүнийг удирдаж, атгандаа байлгаж байна.
Отгонтөгс ч гэсэн Найдалаатай ижил бодолтой. Энэ байдал нь Монголын баян, ядуугийн тэнцвэргүй байдлыг бий болгож байна. “Бид нийгмийн суурь болсон дундаж давхаргаа алдаж байна. Ядуусын тоо улам нэмэгдэж, цөөн тооны баячууд л лицензийг өөрсдөө эзэмшиж, улам баяжиж байна.” Тэдний тооцоолсноор Монголын 15-29-ны насны хүмүүсийн бараг тал нь эрхэлсэн ажилгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан зэрэг сангууд угтаа залуу үед итгэл найдвар өгөх учиртай юм. Ирээдүйдээ итгэх итгэл алдарснаас олон олон монгол залуус эх орноо орхиж байна. Өмнөд Солонгос тэдний хувьд хамгийн түгээмэл сонголт нь.
Улаанбаатар дахь бослого
Хөгжлийн олон сөрөг асуудал бий ч 3,1 сая хүн амтай, Швейцариас 40 дахин том тус улсад эерэг зүйлс ч байна. Дээрх сангийн асуудал гарсны дараа олон мянган иргэд Улаанбаатар хотын Сүхбаатарын төв талбайд цугларч, авлигач улстөрчдийн эсрэг жагсав. Монгол Улсын нийслэлийн зүрхэнд олон цагаан гэр баригдаж, чанга яригчаар хүмүүс авлигыг зогсоохыг шаардана.
Цөөн хэдэн бие даасан сэтгүүлчдийн нэг Жаргал Дефакто өөрийн орны ирээдүйг итгэлтэйгээр төсөөлж байна. “Бид жагсаал хийж, ардчилсан арга замаар өөрчлөлт хийхийг хүсэж буй нь сайн хэрэг” гэж тэр хэлэв. Тэрээр ирэх жилийн сонгуулиар улс төрийн уур амьсгал өөрчлөгдөнө гэж таамаглаж буй хүмүүсийн нэг юм.
Социологич Диеркесийн хэлсэнчлэн улсын эрх мэдлийг хэдэн арван жил хуваан эзэмшиж буй Ардчилсан нам, Монгол Ардын намын түүх ирэх оны төгсгөл гэхэд үгүй болж мэдэх эерэг хандлага ажиглагдаж байна. Мэдээж үүний өмнө жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн асуудал мартагдах учиргүй. Иймд профессор Отгонтөгс бууж өгөлгүйгээр хүмүүсийг боловсролтой болгох ажлаа үргэлжлүүлнэ. “Одоо би Монголын залуу үед зориулж подкаст хүртэл хийж байна” гэж хэлээд тэр инээмсэглэв.
Швейцарийн "Neue Zürcher Zeitung" сонин
Сэтгүүлч: Matthias Müller
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18