Улс төр

Дэлхий дахины хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхуулах хариуцлагатай үүрэг ногдож байна

Хуваалцах:
МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ИЙН МЭНДЧИЛГЭЭ 
Журмын эрхэм нөхөд өө!
 
Үе үеийн эх орончид оо!
 
Та бүхэндээ Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэнд хүргэе!
 
 Монголчууд гадаад гүрнүүдийн шахалтан дор төрийн тусгаар тогтнолоо алдсан хүнд цаг үе болох 1921 оны гуравдугаар сарын энэ өдрүүдэд Монгол Ардын Нам байгуулагдсан билээ. Монгол Ардын Нам байгуулагдсан цагаасаа эхлэн улс Монголынхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө үе үеийн эх орончдын тэмцлийг удирдан манлайлж ирсэн түүхтэй. 1924 онд Бүгд найрамдах улсаа тунхаглан анхдугаар Үндсэн хуулиа баталж хүнийг угсаа гарал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж байсан хамжлагын харилцааг халсан юм. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг Ази тивийн орнууд дотроос хамгийн түрүүнд Монголын төр засаг хуульчилсан билээ.
 
Монгол Улсын тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө Монгол Ардын Нам олон арван жил тэмцсэний дүнд 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор үе үеийн эрх орончдын хүсэл мөрөөдөл, тэмцэл бас нэгэн биелэл, ялалтанд хүрсэн юм.
 
ХХ зууны эхэнд  хоцрогдол доройтлын туйлд хүрээд байсан Монгол орныг  НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, ард иргэд нь эрх чөлөөтэй ардчилсан улс болгосон бахархам түүх Монгол Ардын Намтай салшгүй холбоотой. Тиймээс Монгол Ардын Намын түүх бол Эх орончдын түүх билээ. Монгол Ардын Нам байгуулагдсан энэ түүхэн өдөр Монголын үе үеийн эх орончид, удирдагчид, улс ардын аж ахуйн салбарын зүтгэлтнүүд, ахмад үеийнхнийхээ байгуулсан гавьяа, бүтээсэн алдрыг орон даяар хүндэтгэн дурсаж, бахархан тэмдэглэдэг билээ.
 
Монгол улсынхаа нэгэн зууны түүхийг бүтээлцэж, эх орноо дэлхийд данстай туурга тусгаар улс болгосон Монгол Ардын Намыг энэ цагт авч яваа бидний хувьд улс орноо эдийн засгийн засгийн хямралаас гаргаж, XXI зууны дэлхий дахины хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхуулах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ногдож байна. Тийм учраас та бид энэ эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлэхийн төлөө өндөр ёс зүй хариуцлагатайгаар зүтгэцгээе.
 
Та бүхэндээ Эх орончдын өдрийн мэндийг дахин хүргэе.
 
МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА    Д.АМАРБАЯСГАЛАН
скачать dle 12.0