Улс төр

Төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн манлайллыг хаанаас хайх вэ

Хуваалцах:


 Өнгөрөгч Бямба гарагт  ЗГХЭГ-ын дарга, Монголын Улсын сайд  Л.Оюун-Эрдэнэ  Үндэсний аудитын газрын удирдлагуудтай уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилт, хууль эрхзүйн баримт бичгүүдийн давхцал, төрийн бүтцийн орон тоо, давхцал үр ашиг, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд албан ёсоор аудит хийхийг хүссэн. Мэдээж хэрэг, энэ бол маш чухал асуудал төдийгүй  төрийн хүнд суртлыг  арилгах багасгах нэг боломж болно.

Өргөн утгаараа төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах,  давхардал хийдлийг  арилгана. Төрд мэдлэг чадвартай, хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнч хүн ажиллах нэг гаргалгаа нь энэ болж мэдэх юм. Тэгвэл элдэв дэл сул явдал, өөрийгөө бөөцийлөгч нар төрд шургалдаг явдал арилна.

Нөгөө талаар төрийн албаны нүсэр бүтцийг хөнгөвчлөх, цөөлөх боломж олгоно хэмээн харах учиртай. Товчхондоо том төрөөс ухаалаг төр рүү хийх нэг алхам болно гэж үзэх үндэстэй. 

Төрийн байгуллага төрийн албан хаагчдад ус агаар мэт үгүйлэгддэг чанар бол сахилга хариуцлага. Засгийн газар 2018 оныг  Хариуцлагын жил болгон зарласан. Энэ хүрээнд төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатгахаар зорьж байгаа юм.  Гэсэн хэдий ч тэр бүр санасанд хүрээгүй байна.

Үүний нэг эмгэнэлтэй жишээ нь ЗТХЯ-нд гэгээн цагаан өдөр гэрэлт шар нарнаар гарсан хүн амины хэрэг. Төрийн нэг яамны тогооноос хамтдаа халбагдаж байсан хүмүүс ийн нэгнийхээ аминд хүрсэн эмгэнэлтэй явдал гарсан билээ.

Энэ гашуун сургамж төрийн албан хаагчдад  сургамж нөлөө болсонгүй. Өнгөрөгч амралтын өдрөөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын хууль сахиулах байгуллагын ажилтнууд хамтдаа  архидан согтуурсаны улмаас прокурорын ажилтан амь алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын сум дундын прокурорын ажилтнууд болон мөн сумын цагдаагийн хэлтсийн нэр бүхий алба хаагчид хамтдаа хоёрдугаар сарын 27-ны өдөр архидан согтуурч хэрэг болох үед хохирогч прокурор, сумын цагдаагийн машинд сууж явсан гэх ба машин хурдтай явах үед шидэгдэн унаж, ард нь явсан автомашин түүнийг дайрч амь насыг нь хохироосон гэх мэдээлэл байна.

Хэдэн жилийн өмнө цагдаагийн ажилтнууд амарч аялж яваад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарч байсан удаа бас  бий.  Энэ архинаас улбаатай хэрэг зөрчил төрийн албаны тойрог хүрээлэл  дотор ар араасаа гарсаар байгаа нь харамсалтай.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын байран дээрээ архи уусан хэнийг ч болов ажлаас нь хална гэж мэдэгдсэнээс хойш жил шахамын хугацаа өнгөрч байна.  Гэтэл өнгөрөгч долоо хоногт НИТХ-ын төлөөлөгчид  даргаа сонгох хурал дээр согтуу байсан гэх мэдээлэл мөн л чих дэлслээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын  тэргүүнээ сонгох маш хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэх үедээ иргэдийн  маань итгэж сонгосон төлөөлөгчид  хэлээ хазсан шиг  донхолзож суусан байх гээд байна. Ажлынхаа байран дээр архи ууна гэдэг бол ёс зүйгүй хэрэг. Тухайн хувь  хүний ёс зүйг хуульчилна гэдэг нь боломжгүй асуудал байж мэднэ. Гэвч төрийн албаны хамгийн том босго шалгуур нь ёс зүй байх ёстой гэдэг нь ил цагаан харагдаж мэдрэгдээд байгаа шалгуур билээ.

Иймэрхүү жишээ олон бий.  Өнгөрсөн жил нэр бүхий судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа нь тодорхой болсон. Тухайлбал, санал асуулгад оролцогсдын 75 хувь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга, хариуцлага алдагдсан, төр хариуцлагатай бус байна гэж хариулжээ. Төрийн нэрийг унагаж, итгэлийг нь үргээж байгаа тэр хүмүүс бол төрийн албан хаагчид.

Тэгэхээр хариуцлага гарцаагүй байх, зөрчилд нь тохирсон, давхардуулахгүй, олон нийтэд ил тод байх, төрийн удирдах албан тушаалтан нь албан хаагчийн сахилга, ёс зүйг манлайлдаг байх тийм чанар  үгүйлэгдэж байна гэсэн үг. Сахилга хариуцлагын энэ орон зайг 2019 оны эхнээс хэрэгжиж эхлээд байгаа Төрийн албаны тухай шинэчилсэн хуулиар зохицуулахаар тусгаад байгаа билээ.  Үүнийг тодруулбал, төрийн албан хаагчийн хариуцлага нь ёс зүйн болон сахилгын гэсэн хэлбэртэй байх юм. Ёс зүйн хариуцлагад уучлал гуйх, сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх, бол сахилгын хариуцлагад сануулахаас эхлээд төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авахаар тусаад байгаа гэдгийг сануулах нь зөв байх.

Г.Хантулга

 


http://www.zaluu.com/read/3101e188c

скачать dle 12.0