Эдийн засаг:
Монголын анхны кун-фугийн сургууль болох “Лилин кун-фу”-гийн сургууль дээр саатаж, тус сургуулийн үүсгэн байгуулагч Лили Наритатай сонирхолтой яриа өрнүүлснийг та бүхэн хүлээн авч уншина уу.
-Таны нэрийг Лили Нарита гэдэг. Нарита гэж Япон нэр байх. Яагаад Япон овогтой болсон юм бэ? Энэ талаар хоёулаа яриагаа эхэлье.
-Манай аав япон хүн байдаг юм. Тийм болохоор аавынхаа нэрээр овоглосон гэж хэлж болно. Лили гэдэг бол миний багын нэр л дээ.
-Таны төрсөн аав чинь юмуу?
-Үгүй миний хойд аав. Гэхдээ миний аав учраас би ингэж ааваараа овоглодог.
-Таныг монголд анхны кун-фугийн сургууль байгуулсан хүн гэдэг. Та сургуулийнхаа талаар товчхон ярьж өгнө үү?
-Кун-фу өөрөө маш эртний түүхтэй тулааны урлаг. Дээрээс нь кун-фу маань өөрөө маш олон урсгал, төрөл, жанртай байдаг гэдгийг та дуулсан байх. 1990 оны үед хэсэг бүлэг хүмүүс Спортын төв ордонд У-шугийн секц нэртэй жоохон болхи хэлбэрийн сургалт маягийн юм зохион байгуулж байсан юм билээ. Тэгээд миний хувьд 2015 оны 11-р сарын 14-нд кун-фугийн сургуулиа байгуулж байлаа. Тухайн үед Монгол улсад кун-фугийн аль ч төрөл стилийн ямар ч сургууль байдаггүй байсан. Одоо ч гэсэн манайхаас өөр кун-фугийн сургууль байхгүй байгаа гэж хэлж болно. Зүгээр энд тэнд хятад хэл заадаг зарим сургуулиудад “Тайч”-ийн анги гээд кун-фугийн хийн дасгал заадаг секц энэ тэр бол мэр сэр байдаг юм билээ.
Гэхдээ тэр сургууль секцүүд яг бас манайх шиг тууштай албан ёсны сургалт бол биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэр утгаараа манай “Лилин кун-фу”-гийн сургуулийг монгол дахь анхны кун-фугийн сургууль гэж нэрлээд байгаа юм. Манай сургууль бол сайн дурын үндсэн дээр байгуулагдсан ашгийн бус байгууллага. Одоо ч гэсэн ийм зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Гол нь манай сургууль анхнаасаа хүүхэд багачууд болон ахмад настангуудын цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх газрыг бий болгох зорилготойгоор байгуулагдсан. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод тэдэнд тохирсон бие чийрэгжүүлэх дасгал сургуулилтын олигтой ямар ч газар байхгүй байгааг та бүхэн сайн мэднэ.
-Ер нь таны бодлоор өнөөдөр Монголд кун-фу ямархуу төвшинд хөгжсөн бэ? Энэ талаар та судалж үзсэн үү?
-Кун-фу одоо монголд өөрийгөө танилцуулах төвшинд байгаа гэж хэлж болно. Яг хүн нэрээ хэлээд, насаа хэлээд, өөрийнхөө ажлыг танилцуулдаг шиг ийм л төвшинд байна гэж би ойлгодог. Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр кун-фугийн талаарх монголчуудын ойлголт маш бүдэг бадаг байгаа. Зөвхөн киноноос авсан мэдээ мэдээлэлтэй тийм л байдалтай байна.
-Таныг сая монголчууд кун-фугийн талаар маш муу ойлголттой байдаг гэж хэлэхийг сонсоод би таниас нэг зүйлийг асуумаар санагдчихлаа. Яагаад өнө эртнээс хөрш хил залгаа оршиж ирсэн энэ улсад тэр эртний соёл иргэншилтэй орны соёлын нэг хэсэг нь орж ирээгүй юм бэ? Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Та маш сонирхолтой сонин зүйл асуулаа. Үнд хоёр гурван шалтгаан байдаг болов уу гэж би боддог юм. Эхний ээлжинд монголчууд санаатай санамсаргүй хятадуудыг аягүй их үзэн яддаг тийм сонин сэтгэхүйтэй хүмүүс байдаг. Хятад болохоор өөрөө маш том гүрэн учраас дэлхийн улс орон болгонтой харилцах өөрийн гэсэн тодорхой бодлого төлөвлөгөөтэй байдаг. Харин миний бодлоор манайд ийм бодлого төлөвлөлт огт байдаггүй юм шиг санагддаг. Яахав мэдээжийн хэрэг жижиг улс оронд том улс гүрэнд уусчих вий, ингэчих вий тэгчих вий гэсэн болгоомжлол байдаг л байх. Гэхдээ бид нар орчин үед амьдарч байгаа учраас бүх зүйлд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ялангуяа кун-фугээс монгол хүмүүс , монгол хүүхдүүд суралцах, амьдралын хэв маяг, хэвшил болгох маш олон сайн сайхан зүйлүүд байдаг.
Тэгээд тэр зүйлийг анзааралгүйгээр хятадаас орж ирсэн бүх юм муу муухай, бид нарыг хятадын соёлд оруулах гэж байна, бид нарыг идэх гэж байна, барих гэж байна гэсэн энэ бодол нь монголчуудад давамгайлдаг учраас магадгүй сонирхдоггүй байсан байж болох юм. Гэвч одоо мэдээ мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүмүүс гэдэг утгаараа аль аль нь буруу, аль ямар утга учиртай гэдгийг бага сага мэддэг болсон учраас кун-фу сонихдог хятад хэл сонирхдог тийм хүмүүс өдөр ирэх тусам ихсэж байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ тэр нь ихсэх ёстой ч юм уу, энэ зөв ч юм уу, буруу ч юм уу би сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хэрэгтэй хүмүүс нь энэ дасгалаар хичээллэж байгаасай л гэж би боддог.
-Би өөрөө тулааны урлаг их сонирхдог хүний нэг л дээ. Кун-фугийн тухай ном уншиж байхад энэ урлагийг анх эрт дээр үед Энэтхэгээс Хятадад даянчилж ирсэн Боддидхарма гэдэг лам
хүн үүсгэсэн гэж бичсэн байдаг. Та энэ талаар хэр сайн мэдэх вэ?
-Тийм тэр үнэн. Би саяхан анх Шаолины тулааны урлаг үүссэн гэгддэг Денфен гэдэг хотод яваад тэндхийн кун-фугийн сургуультай шефийн холбоо тогтоогоод ирлээ. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд дан ганц Шаолины сүмээр кун-фуг төсөөлж болохгүй юм. Шаолиний сүмийг 2000 гаруй жилийн түүхтэй эртний сүм гэж ярьдаг. Уг сүм тухайн үедээ анх йог, эрүүл мэндийн чиглэлийн дасгал хөдөлгөөнийг лам нарт зааж сурган тэрнийгээ цааш нь улам хөгжүүлж ирсэн түүхтэй байдаг. Тэгээд яваандаа уг сүм янз бүрийн хөгжлийн үе шатыг туулан сайжирч, өнөөгийн хөгжлийн шатанд хүрч ирсэн байна.
Кун-фу нь өөрөө олон мянган жилийн түүхтэй эртний урлаг учраас яваандаа бие эрүүл мэндэд тустай амьсгалын дасгал хөдөлгөөн, тулааны урлаг гэх мэтчилэн янз бүрийн байдлаар хөгжсөн байдаг. Бид нарын хувьд гэвэл нэгдүгээрт би хятад хүн биш, хоёрдугаарт хожуу кун-фу сонирхож суралцсан хүн учраас яг цэвэр өөрийнхөө амьдралын хэв маягийг сайн сайхан болгох, эрүүл сайхан амьдрахад чиглүүлж хөгжүүлхийг гол зорилгоо болгодог. Жишээ нь миний кун-фу хийдэг гол зорилго бол ерөөсөө бусад хүмүүст туслах хүсэл эрмэлзлэлийн төлөө л хийдэг гэж ойлгож болно. Би бол өөрөө “Вудан” кун-фугээр мэргэшсэн хүн. Шаолины кун-фуг сонирхож судалж байснаас биш яг хичээллэж үзээгүй. Гэхдээ сая тэр хотод очихдоо Шаолины кун-фугээр нэг сарын хичээл авсан.
-Тэгвэл та өөрийнхөө хичээлэдэг “Вудан”кун-фугийнхээ талаар манай уншигчдад ярьж өгөхгүй юу?
-“Вудан” кун-фу нь кун-фугийн олон төрөл стилүүдийн нэг төрөл бөгөөд Шаолины кун-фугээс юугаараа ялгаатай вэ гэвэл амьсгалын дасгал болон тархины дасгал, биеийн хүчний сургуулилтыг илүүтэй хийдгээрээ ялгаатай байдаг. Харин Шаолины кун-фу нь гол төлөв ихэвчлэн хүнээс асар их хүч тэвчээр шаардсан, дайчин, хатуу ширүүн хөдөлгөөн бүхий дасгал сургуулилтуудыг хийдгээрээ онцлогтой. “Вудан” дасгал дотроо “Тайчи” дасгалын хөдөлгөөн маш алдартай байдаг. Мэдээжийн хэрэг эдгээр урсгалууд нь өөр өөр газар үүсч хөгжсөн. Энэ дасгалын нэг онцлог нь бүх насны хүн хичээллэхэд хүний бие эрхтэнд ямар ч муу нөлөөгүй байдгаараа онцлогтой. Би энэ урсгалаар 8 орчим жил хичээллэхэд бусад биеийн тамирын дасгал сургуулилтаас надад илүү сайхан мэдрэмжийг өгсөн.
Гэхдээ кун-фугийн дасгал сургуулилтыг хийнэ гэдэг бол тухайн хүний өөрийнх нь сэтгэл зүйгээс асар их шалтгаалдаг. Тэр утгаараа кун-фугийн дасгал бол ямар ч хүний сэтгэл зүйн эмчилгээг дасгалаар дамжуулж хийдэг гэж хэлж болно. Зарим хүн “миний бие маш муу, би гүйж ч чаддаггүй” гэж хэлдэг. Тэгвэл кун-фугийн дасгал хөдөлгөөнийг хийснээр тухайн хүн бие нь сайжирч, өөрт нь шал өөр мэдрэмж төрдөг. Тийм учраас би хүн болгоныг кун-фугээр хичээллэж үзээсэй гэж тэр мэдрэмжийг бага ч гэсэн аваасай гэж хүсдэг. Гэхдээ би өөрийнхөө сургуулийг нэг их олон түмэнд сурталчлаад яваад байдаггүй. Яахав хувь тохиол нь байвал манайд ирж суралцаж болно.
-Кун-фугээр хичээллэхэд асар их тэсвэр тэвчээр, хатуу сахилга бат шаардагддаг гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Тийм. Тэр үнэхээр үнэн үг. Би өөрөө кун-фугийн багш болох 200 цагийн сургалтанд сууж энэ урлагийг сураагүй. Яалт ч үгүй амьдралынхаа 5 жилийг энэ урлагт тасралтгүй зориулж тэсвэр тэвчээр гаргаж суралцсан. Тэгсний дараа би өөрөө дасгалжуулагч болж, хүмүүст кун-фугийн хичээл заах эрхтэй болсон. Тэр утгаараа би кун-фугийн тэр нарийн торгон мэдрэмжийг хагас хугас ч гэсэн мэдэрч хүлээж авснаараа өөртөө маш итгэлтэй болсон. Кун-фугийн анхны бэлтгэл сургуулилт нь хамгийн эхлээд сунгалтын дасгалаас эхэлдэг.
Сунгалтын дасгал бол хамгийн хэцүү, хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгасан хүнд сорилт байдаг. Тийм болохоор анх кун-фу эхлэн суралцаж буй тухайн хүнээс ямар их тэсвэр тэвчээр шаарддаг гэдгийг энүүхний жишээнээс ойлгож болно. Гэхдээ би бүхий л төрлийн спорт хүнээс тэсвэр тэвчээр шаарддаг гэж боддог. Мэдээж амархан спорт гэж хаа ч байхгүй. Би өөрөө ч спортын бусад төрлүүд тухайлбал туялзуур жад, жиу-жицу, балет, фитнес зэргээр хичээллэж үзсэн. Тэр үүднээсээ би тэндээс юу ойлгож авсан бэ гэхээр хүн аливаа спортоор хичээллэхдээ өөрийнхөө зан характертай хамгийн ойр байж болохуйц тийм спортыг сонгох юм бол тууштай хичээллэж үр дүн нь гарч чадах юм байна гэдгийг мэдэж авсан.
-Монголд өнөөдөр кун-фугийн хэдэн мэргэшсэн мастер байгаа бол?
-Надад энэ талаар ямар нэгэн мэдээлэл алга. Миний хувьд Хятадад жилдээ нэг удаа болдог олон улсын кун-фугийн шалгаруулалтын шалгалтыг өгч “Коүч” буюу дасгалжуулагчийн эрхийг авсан хүн. Би тэр шалгалтыг анх 2011 онд өгч, дасгалжуулагчийнхаа эрхийг авсан. Яг кун-фугийн мастер энэ тэр гэдгийн хувьд бол тэр газраас тийм цол хэргэмийг ерөөсөө олгодоггүй. Кун-фугийн мастер гэдэг нь энэ урлагаар хэдэн жил хичээллэсэн, хэчнээн хүнд заасан гэдгээр нь дүгнэж олгодог тийм журамтай байдаг.
-Таны хэлснээс нэг зүйлийг ойлгоход танай“Лилин кун-фу”-гийн сургууль тулааны урлаг гэдэг талаасаа биш гол төлөв“Тайч”-гийн урсгалын дасгал хөдөлгөөн тал руугаа хичээл заадаг гэж ойлгогдлоо.
– Манай сургуулийн гол зорилго зорилт бол үзүүлбэр чиглэл рүүгээ, яг эрүүл мэнд, амьдралын хэмнэл чиглэл рүүгээ кун-фугийн хичээлийг заадаг. Тэрнээс биш манай сургууль хүмүүст хүн яаж зодох вэ, хүнийг яаж гэмтээх вэ гэсэн хичээл ерөөсөө заадаггүй. Тийм юмыг ч би ерөөсөө мэдэхгүй.
-Таны ажигласнаар өнөөдөр монгол хүүхдүүд кун-фу хэр сонирхож байна, танай сургуульд суралцах сонирхолтой хүүхдүүд хэр их байна.
-Яахав хүүхдүүд кун-фу гэхээр маш их сонирхоно, нисээд л тулалдаад л, яг кинон дээр гардаг шиг фантаз маягаар ингэх юм байна, тэгэх юм байна гэж ойлгодог. Тэгээд хүрч ирээд дасгалаа хийхээрээ нэлээд шантардаг. Ялангуяа монгол хүүхдүүдийн онцлог байдаг юмуу, яадаг юм бага зэрэг шантрах явдал их гардаг. Бас зарим нь нэг сар хичээллээд бага зэрэг уйддаг. Тэгэхээр тэр уйддаг шантардаг зан байдлыг хэрхэн яаж өөрчлөх вэ гэдэг дээр л бид өнөөдөр ажиллаж байна. Гэхдээ нэг тэр хэцүү давааг нь даваад гарсан хүүхдүүд цаашаагаа тууштай явдаг. Одоо манай сургууль дээр анх ирснээсээ хойш өнөөг хүртэл тууштай явж байгаа хүүхдүүд нэлээдгүй бий. Гэхдээ манай монгол хүүхдүүдэд ажиглагддаг нийтлэг нэг зүйл нь жоохон туйлбаргүй байдал ажиглагддаг. Тэр үүднээсээ би эцэг эхтэй нь хүртэл ажиллах тохиолдол ч гардаг.
-Та цаашид монголд кун-фуг ямар чиглэлээр хөгжүүлэе гэсэн бодолтой байгаа вэ?
-Би ерөнхийдөө анх хүүхдүүдтэй ажиллахын хажуугаар ахмад настай хүмүүстэй хамтарч ажиллана гэсэн бодолтой байсан. Одоо бол би тэр мөрөөдлөө бүр мөсөн хаясан. Энэ нь бас л туйлбаргүй, тууштай биш байсан гэдэг үүднээс болсон. Одоо би хүүхдүүдтэй нэлээн тулж ажиллана гэсэн бодолтой байгаа. Тулж ажиллана гэдэг маань бага ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр боловсруулж, Хятадын Шаолинь ч юмуу, эсвэл “Вудан” кун-фугийн сургуультай хамтарч ажиллаад нэлээн соёл тал руу нь бас судалж хичээллэнэ гэж бодож байгаа. Тэгээд тэр талаар ч түрүүчээсээ бас жаал жуул ажлууд хийгдээд эхэлсэн байгаа. Манай “Лилин кун-фу”-гийн сургуулийн сурагчдын хувьд гэвэл жилдээ нэг удаа Хятад руу аялал хийдэг. Тэнд 10-аад хоног багш дээрээ очиж дасгал сургуулилтаа хийчихээд ирдэг. Энэ жил саяхан явчихаад ирсэн. Дараа жилийн 6, 7-р сарын үед явахаар төлөвлөж байна.
-Таныг гарын шавиа бэлтгэж байгаа гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?
-Гарын шавиа бэлтгэх ч юу байхав дээ. Манайд одоогоор гурван жилийн хугацаанд идэвхитэй суралцсан хоёрхон л хүн байгаа. Кун-фугийн нэг онцлог нь заасан дасгал сургуулиа яг дахин зааж сургаж цээжлүүлэхдээ биш хүн болгоны дотоод сэтгэлтэй ажиллах шаардлага гардаг. Тэр үүднээсээ тухайн хичээл зааж буй багшаас маш нарийн торгон мэдрэмж шаардагддаг гэж хэлж болно. Зүгээр “За наад дасгалаа зөв хийгээрэй” гээд хаяж болдоггүй. Тийм учраас шавь бэлтгэх ч юмуу, багш бэлтгэнэ гэдэг маань өөрөө маш хэцүү зүйл байдаг. Тийм болохоор би кун-фугийн мундаг залуу багш нарыг ерөөсөө харж байгаагүй. Дандаа л ахмад настай хүмүүс байдаг. Тэр утгаараа тэрний утга учир нь тийм байдаг байж ч магадгүй. Гэхдээ нөгөө талаар би ч гэсэн өөрөө энэ урлагийн оройд нь гарчихсан хүн бас биш. Надад ч гэсэн уншиж судлах, суралцах зүйл бас маш их байгаа.
-Монголд дээхнэ үед“Баньд-зо”хэмээх үндэсний тулааны урлаг байсан гэж ярьцгаадаг. Та энэ талаар хэр сайн мэдэх вэ? Монголд ер нь өөрийн гэсэн үндэсний тулааны урлаг байсан болов уу?
-Би энэ талаар номыг нь уншиж байсан юм байна. Энэ тухай цөөхөн хэдэн монгол ном байдаг юм билээ. Кун-футэй бага зэрэг төстэй боловч жоохон монголчилчихсон тулааны урлаг гэж л ойлгосон. Гэхдээ би тэрнийг хийж байгаа, тэрүүгээр хичээллэж байгаа нэг ч хүнтэй уулзаж учирч байгаагүй. Зүгээр хоёр номноос хальт харсан болохоор надад хараахан тэр талаар нарийн тодорхой ойлголт алга. Тийм болохоор тэр талаар тийм сайн мэдэхгүй гэж хэлж болно. Бусад хүмүүс ч гэсэн энэ талаар тийм сайн мэдэхгүй байх.
-Монголын үндэсний бөхийг тулааны урлагийн нэг төрөл гэж хэлж болох уу?
-Болохгүй. Ямар ч байсан монголд кун-фу маягийн тулааны урлаг байгаагүй л гэж бодож байна. Гэхдээ би өөрөө монголд анхны тулааны урлагийг үндэслэсэн хүн бол биш. Яг одоохондоо монголд кун-фугээр хичээллэж байгаа хүмүүс гэвэл бид л байна. Тэгэхдээ одоохондоо “ганц би л байна” гэж хэлж бас болохгүй байх. Би анх энэ сургуулиа байгуулахдаа бага зэрэг айж байсан. Яагаад гэвэл хүмүүс яаж хүлээж авах бол, бас хятадын соёлыг сурталчилаад уналаа энэ тэр гээд янз бүрийн зүйл хэлэх вий гэж битүүхэндээ түгшиж байлаа. Гэхдээ би анхнаасаа монгол хүүхдүүдийнхээ төлөө энэ сургуулиа байгуулсан болохоор хүмүүс зүгээр дажгүй хүлээж авсан.
Эцэг эхчүүд нь ч гэсэн надад хэлж байсан. Хүүхэд маань кун-фугийн дугуйланд явснаас хойш их өөрчлөгдөж байна, эмх цэгцтэй болж байна гэж хэлж байсан. Одоохондоо сургуулиа цааш нь өргөжүүлэе гэсэн бодол санаа надад алга. Уул нь хөдөө орон нутагт кун-фугийн сургалт семинар явуулбал маш зүгээр байх болов уу гэж надад санагддаг юм. Энэ урлаг бол өөрөө улиг болчихсон тийм урлаг биш учраас олон хүнд таалагдах нь дамжиггүй. Эрт дээр үед хятадад зөвхөн мөнгөтэй, баян айлын хүүхэд л кун-фугээр хичээллэх боломжтой байсан юм билээ. Учир нь тэр үед кун-фу сурахын тулд эхлээд заавал ханз үсэг сурч байж дараа нь кун-фугийн эрдэмд суралцдаг байсан байгаа юм. Харин одоо бол тийм биш болсон. Одоо бол хэрвээ ямар нэгэн хүн өөрөө бие даан кун-фу сурахыг хүсч байвал интернетээс ч сурах боломжтой болсон. Манай сургуулийн хувьд одоохондоо ашиг хонжоо хараагүй зүгээр хүүхэд багачуудын боловсрол соёл, эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа болохоор өргөжүүлэе гэсэн бодол санаа алга.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлст амжилт хүсье.
Ж.Батдорж
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
“Дада” яаж амьд гарсан бэ?
3-10-2024, 17:14
Монгол компани Филиппинд амжилттай
2-10-2024, 16:27
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар
30-09-2024, 16:53
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар
30-09-2024, 16:52
"Шулам бурхан роман" номын нээлт болно
30-09-2024, 15:06