Нийтлэл

Монголын төр авлигалд бүрэн идэгдсэн нь буюу Сахал Эрдэнэбилэгизм хэмээх шинэ үзэгдэл

Хуваалцах:
Өдгөө олон түмний дунд томоохон шуугианы эзэн болоод буй Сахал Эрдэнэбилэг гэгч нь Ц.Элбэгдоржийн дотны хүн гэсэн мэдээлэл сүүлийн үед тараад байна. Тэрээр  Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын даргын албан тушаалыг  хашдаг нэгэн ажээ.  УИХ-ын гишүүн асан Бадамжунайгийн хүргэн гэгддэг Д.Эрдэнэбилэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай 1990-ээд оноос ойрын хүрээнд нь ажиллан жолоочийг нь хүртэл хийж байсан, хамгийн итгэлтэй хүн нь байсан гэнэ. Д.Эрдэнэбилэг нь Х.Баттулгыг гадагш яваад ирэх хугацаанд нь Х.Баттулгын мэдлийн ХХБ-ийн 60 гаруй хувийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад ТУЗ-ын даргын суудлыг эзлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлд багтан, дотных нь хүн болсон тухай мэдээлэл байдаг. Тиймдээ ч Ц.Элбэгдоржийг спонсорлодог түүнийх нь хариуд ашигтай шийдвэр гаргаж бизнесийг нь дэмждэг тухай мэдээлэл байдаг юм байна.  
Д.Эрдэнэбилэг гэгч нь өнгөрсөн жилүүдэд нууц ноёнтон маягаар ажиллаж, амьдрахдаа Монголын эдийн засгийн амин чухал нөлөө бүхий томоохон салбаруудад өөрийн ноёрхлоо тогтоож ирсэн төдийгүй, 2014 онд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 30 жилийн хугацаатайгаар хувьчлах шийдвэрийг засгаас гаргуулж байсан зайтай нэгэн аж.
Саяхан Эрдэнэтийн асуудал дээр УИХ-ын эрхэм гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр 27 настай хүүхэд Эрдэнэтийн 49 хувийг авчихаад байна”. Тэр 27 настай хүүхэд нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хүү, тэгэхээр “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэгийн гарт Монголын хамгийн том үйлдвэр орлоо, иймд Монгол Улсын Засгийн газар буцааж авах хэрэгтэй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хэлсэн байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ХХБанкны ажилтан авсан гэх зүйл ч яригддаг.
Энэ хүний талаар цухас дурдахад улс төрийн хүрээнийхний дунд яригддаг зүйл ийм байна. Тэгвэл Эрдэнэтийн 49%-ийг хувьдаа авсан луйврын схемийг УИХ-аас байгуулсан ажлын хэсэг шалгаж, тэр дундаа ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж тодорхой баримт дээр тулгуурлан ярьж тайлбарладаг бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшдэг 49%-ийг худалдан авсан 400 сая долларыг хаанаас босгосон, хэний мөнгө, хэн цаана нь нуугдаж байгааг та бүхэн дараах санхүүгийн схемээс харж болно.
Нэг бүрчлэн тайлбарлахад цаг орох тул товчлоод хүргэхэд Монгол банк- Эрдэнэбилэгийн ХХБанкинд-160 тэрбум, Хөгжлийн Банк- Эрдэнэбилэгийн Кью Эс Си ХХК –д 51.3 сая доллар,136 тэрбум төгрөг, Аж үйлдвэрийн яам- Эрдэнэбилэгийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 90.3 сая доллар, Эрдэнэт үйлдвэр нь – Эрдэнэбилэгийн Кью Эс Си ХХК-д 17.2 тэрбум төгрөг, Эрдэнэбилэгийн хөтөлийн цемент шохойн үйлдвэрт- 15 тэрбум төгрөг, Эрдэнэбилэгийн дарханы төмөрлөгийн үйлдвэрт 87 тэрбум төгрөг тус тус шилжүүлсэн байна. Ингээд мөнгөтэй болсон Эрдэнэбилэг хамаарал бүхий 3 компанидаа өөрийн ХХБанк, Кью Эс Си ХХК-иас мөнгө хийж байгаа нэрээр Монголын зэс компанид дамжуулан 343.9 сая доллар, дээр нь дахин Эрдэнэт үйлдвэрээс 58.3 сая доллар, УБ банкнаас нэмж 112 тэрбум төгрөг, нийт 400.27 сая долларыг ОХУ-ын Альфа Банкинд шилжүүлэн Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлджээ.
Үүнийг яагаад гэмт хэрэг гэж үзэж байгаа вэ гэхээр төр буцааж 49%-иа авахаас, гэм буруутай үйлдэл нь ил болохоос, Монголын ард иргэдээс үнхэлцгээ хагартал айсан Эрдэнэбилэгтэнгүүд ээлжит мэхээ хэрэглэн, төр Эрдэнэтэд шахаагаа хийхийн тулд хувийн өмчийг булааж байна гэж хэвлэлийн бага хурал зарлан, иргэдийн санаа бодлыг өөрчлөх бүхий л арга хэлбэр зохион олон нийтийн сүлжээгээр цацаж эхэлсэн байна.
Гэтэл энэ схемээс харахад тэдний ярьсанчлан, цэвэр хувийн хөрөнгөөр 49%-ийг худалдан авсан бус харин ч төрийн мөнгийг, тэр дундаа хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ашиглан луйвар хийсэн нь хэн ч харсан ойлгомжтой байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэбилэгийн банк, түүний хамаарал бүхий компаниудад төрийн банкууд, төрийн яам ам долларыг сая саяар нь шилжүүлэн санхүүжүүлж, гэмт үйлдлийг нь өөгшүүлж байгаа бодит байдал энэ бөгөөд тэр утгаараа өнөөдөр Засгийн газар нь цалин тэтгэвэр нэмэх, сургууль цэцэрлэг барих, бүтээн байгуулалт хийхэд мөнгөгүй гээд амаа билүүдэн, гараа хумиад суудаг атлаа хувийн ашиг сонирхлоо хамгаалах болохоор төр хувийн хэвшил нь нийлээд орчихдог ийм л мафижсан систем биднийг хайрцаглан барьж байгааг бид бүхэн харж байна.
Гэхдээ үнэн хэзээд ялна гэдэгт бид үргэлж итгэж найдсаар ирсэн бөгөөд шударга үнэний дуу хоолой хэзээ ч боомилогдохгүй  гэдэг нь тодорхой билээ.  УИХ дахь шударга гишүүд хууль зөрчсөн, Монгол төр, Монголын ард түмнийг басамжилсан энэ даварсан үйлдлийг тэвчиж өнгөрөөлгүй тэмцсээр ирсэн. Гэтэл ард түмэндээ үйлчлэх ёстой шүүхийн байгууллага албан тушаалтан, тэдний цаад эздэд үйлчилж, хариуцлага хүлээлгэх чадамжгүй гэдгээ дахин нотлон харуулсаар байна.
Өөрөөр хэлбэл хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ийн Эрдэнэтийн 49%-ийг Монголын төр авах ёстой гэсэн шийдвэрийг Дээд шүүх хянан хэлэлцээд УИХ-ыг хууль зөрчсөн байна гэж үзэн, уг шийдвэрийг хүчингүй болгожээ.
Харамсалтай нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц УИХ-ын шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзсээр байтал, УИХ-аас ажлын хэсэг гарч, хичнээн дүгнэлт уншаад ч, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь зохион байгуулалттай гэмт хэргийг эзэдтэй нь илчилж дэлгээд ч тусыг эс олсон ба харин ч Эрдэнэтийг хувьдаа авсан цагаас хойшхи буюу 2016 оны 6 сарын 27- 11 сарын 21 хүртэлх нийт 5 сарын хугацааны орлого, зарлагын асуудлыг авч үзэхэд 2012 оны ногдол ашиг гэж 47 сая америк доллар, 2013 ногдол ашиг гэж 8.6 сая америк доллар, “Монголын зэс корпораци”-д гэрээний урьдчилгаа гэх 2.6 сая ам.доллар, нийт 58 сая америк долларыг Ц.Пүрэвтүвшингийн “Монголын зэс корпораци” руу шилжүүлсэн байна.
Түүгээр ч барахгүй ОХУ-ын аваагүй ногдол ашгийг 2012, 2013 онуудад “Эрдэнэт үйлдвэр ”-тэй ямар ч холбоогүй байсан энэ компани аваад, мөнгийг зувчуулчихсан байх юм.
Мөн Д.Эрдэнэбилэгийн мэдэлд бүтэц нь шилжсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр рүү 2 орчим тэрбум төгрөг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 17 тэрбум төгрөг шилжүүлсэн байдалтай байгаа ба татварын албанаас хийсэн шалгалтаар энэ жилийн татварын орлого 223 тэрбум  төгрөгөөр буурах төлөвтэй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл цаашид энэ бүлэглэл татвар төлөх сонирхолгүй, зөвхөн байгаа хөрөнгөө шархаа нөхөхөд зориулах юм байна гэдэг нь шалгалтын явцад ажиглагдсан гэж ХЗДХ-ийн сайд мэдэгдэж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр сахал хэмээх Д.Эрдэнэбилэг нь ХХБ, УБ банк, Эрдэнэтийн 49 хувь, Сүхбаатарын талбайн талыг эзэмшдэг нь багадаад Баянхонгор аймгийн Заг сумын малчдын амьдралыг тэтгэдэг Загийн голын эхээс алт олборлох гэж уйлайран, мөнгө төгрөг амлаж, аргаа барсан сумын иргэд “Газар нутгийг минь бүтэн үлдээж өгөөчээ. Малчид бид 100 сая төгрөгний чинь оронд 100 хонь бэлэглэе” гэж аргаа баран хэвлэлийн хурлаар гуйж байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ил болсон юм.
Тэр үүднээсээ энэ хүний хууль бус үйлдлийг таслан зогсоох хүч Монголын төрд байгаа бол хүчээ үзүүлж төр төмөр нүүрээ харуулаачээ гэж нутгийн иргэд хүсэж байгаагаа илэрхийлсээр байгаа ба эцэст нь дүгнэж хэлэхэд Монгол улсын төр засаг нэгэнт авлигад бүрэн идэгдсэн төдийгүй улс төр бизнесийн бүлэглэлийн мафийн сүлжээнд тэр чигээрээ орсон гэдэг нь дээрх баримтуудаас харагдаж байгааг харамсалтайгаар тэмдэглэн хэлье.

Ж.Бат
скачать dle 12.0