Эдийн засаг:
Монгол Улсын Зэвсэгт хүчинд юу болоод байна вэ, Ерөнхийлөгч өө. Шил шилээ дагасан хар өдрүүд олон аав ээжийг айлгаж байна. “Байлдагч боллоо” гэж яваад бурхны орон руу явчихсан олон олон цэргийн амиа алдсан халуун цус хөрж амжаагүй байхад дахин нэг хэрэг гарчээ. Тодруулбал, зэвсэгт хүчний алба хаагч 51 настай, ахлах ахлагч цолтой иргэн бусдын буруугаас болж алтан амиа алдлаа.
Уг хэргийн талаар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа О.Баянжаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ сарын 28-ны өдөр ангийн үндсэн үүрэг, үйл ажиллагаа, оны болон сарын төлөвлөгөөт ажиллагаа хэрэгжүүлэхээр албан үүргээ гүйцэтгэж явсан тус ангийн хоёр албан хаагчийн нэг нь золгүй байдлаар амь насаа алдсан. Энэ явдалд ангийн захирагч, удирдлага, хамт олон гүнээ харамсаж эмгэнэж байна.
Асуудлыг хууль хяналтын байгууллага ЗХЖШ-ын хяналт шалгалт үнэлгээний газраас ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Тиймээс хэрэг явдлын талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Гэвч өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийн ангийн захирагчийн даалгавраар хувийн ажил гүйцэтгэж байсан гэх ташаа мэдээлэл тархаад байна. Энэ нь хувийн ажил, манай байгууллагын удирдлага генералын ажил байгаагүй. Албаны үүрэг байсан” гэв.
Зэвсэгт хүчний жанжин штабаас мөн өчигдөр албан ёсоор мэдээлэл өглөө. Талийгаач нь цэрэг биш тус ангийн ахлах ахлагч цолтой, 51 настай албан хаагч байсныг тодотгов. ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн С.Өлзийтогтох энэ талаар ярихдаа “Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр 19:00 цагийн үед осол гарсан.
Осол гарсан даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн албан хаагчид ирж ослын газрын үзлэг, шалгалтыг хийсэн. Ослын шалтгааныг тодруулахаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Ангийн сарын төлөвлөгөөт ажлын дагуу “Найман шарга” сувиллын газар хайрга татахаар хоёр ажилтан томилогдсон байсан юм. Нэг нь цолгүй энгийн жолооч, нөгөө нь туслах жолоочоор томилогдон ажиллаж байсан.
Тухайн үед ачааны машин дээр хайрга ачиж дуусаад хөдөлсөн юм билээ. Элсний карьер дээр хөрс нь элсэрхэг, газар нь гулгамтгай нөхцөл байдалтай байсан учраас машин дээшээ өгсөж явахдаа хүч алдаж зогссон. Алба хаагч машины дугуйн дор чулуу ивэх гэж байгаад дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа” гэв. Хэн нэг албан тушаалтны барилгад биш өөрийн ангийн харьяа сувиллын газарт засвар хийхээр очоод байхад энэхүү харамсалтай хэрэг гарсан гэдгийг тэрбээр мөн онцолсон.
ЗЭВСЭГТ ХҮЧИНД ЦЭРЭГ, АЛБА ХААГЧИД АМИА АЛДАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙНА УУ
Дээлээ даахтай болсон хүүгээ эр хүн болоод ир гээд эх орондоо “тушаасан” олон аав ээж цэрэг нэртэй дэгээс айж байна. Өнгөн дээрээ “Цэрэг гэдэг цэцэрлэгт байгаагаас ялгаагүй болсон” гэх гоё үгээр мэдэгдэл хийдэг ч бодит амьдрал дээр хал цэрэг, салааны ахлагчаас эхлээд хурандаа, генералуудынхаа гарт залуус амиа алдах боллоо. “Эх орны хүү боллоо” хэмээн хөөрч төрийн сүлдэндээ тангараг өргөж төрсөн гэрээ орхин гарч байхдаа эргэж дахин ирэхгүйгээр явж байгаагаа тэд яахан мэдэх билээ.
Ерөнхийлөгч өө, Зэвсэгт хүчинд дахин цэрэг, цэргийн ангийн алба хаагчид хэн нэгний тушаал зааврын дагуу хар ажилд дайчлагдах, өвс хадлангийн ажилд зүтгэх, харгис дэгийн боол болохгүй гэх баталгаа байна уу. Албан тушаал, зэрэг дэвийн харьцаа тэнгэр газар шиг зөрүүтэй зэвсэгт хүчинд хүнийг хүн гэж ойлгох халуун сэтгэл хэрэгтэй байна.
Хүн биш цэрэг учраас дэглүүлдэг, хүн биш цэрэг учраас ямар ч тушаалыг биелүүлнэ, хүн биш цэрэг учраас...гэсэн хуульгүй дүрэм хатуу үйлчилдгээс зэвсэгт хүчин дотроосоо өтөж, өт нь ил болсоор байх болов. Үүнийг батлах жишээ нь өнгөрсөн хугацаанд хангалттай илчлэгдэв.
БАРИМТ: 2019.01.22
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг өнгөрөгч нэгдүгээр сарын 22-нд гарсан. Энэ хэргээс үүдэлтэй олон нийтийн айдас арилж амжаагүй байтал дахин нэг цэрэг оргож, нас барсан нь иргэдийн зэвсэгт хүчинд итгэх итгэлийг мөхөөсөн.
БАРИМТ: 2019.01.30
Увс аймгийн Баруун туруун суман дахь хилийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч харуулын байраа орхин зэвсэгтэйгээ оргосон хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд гарч байв. ХХЕГ, ЦЕГ болон орон нутаг дахь хилийн ангиудын хамтарсан эрлийн баг оргосон байлдагчийг хайж, ОХУ-ын тал руу хил давсныг нь тогтоосон ч хэрэг гарснаас хоёр хоногийн дараа байлдагчийг нас барсан байдалтай байхад нь олж байв.
БАРИМТ: 2017.08.27
Ховд аймгийн Мянгат сумын Цагаанбулаг багийн нутаг дэвсгэр “Оросын тохой” гэдэг газарт гурван цэрэг усанд осолдсон харамсалтай осол гарав. Уг газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 75 км-т байдаг. Ховд голын усанд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба xaam С, Б, Е нар осолдсон тухай мэдээлэл онцгой байдлын албанд ирж байв. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Цагаан тохой” гэдэг газар усанд осолдсон хэрэг мөн л тэгсхийгээд нам жим болж байсныг бид мартаагүй.
Энхийн цагт ээж, аавын үрсийг хуулиар татаж авчихаад хугацаанаас нь өмнө “алчихаад” байгаа зэвсэгт хүчинд итгэхээс айж байна. Дахиад хэзээ, хэний хань ижил, үр хүүхэд алтан амиа алдаж хэдэн аав, ээж, хань, үр хүүхэд өнчрөлийн гашуун нулимс залгих вэ.
Эх сурвалж: Ikon.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18