Нийтлэл

Дэлхийн улс орнууд Мартын 8-ыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Хуваалцах:

Эмэгтэй хүн нэг гараараа хүүхдээ, нөгөө гараараа дэлхийг өлгийддөг гэдэг. Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд дэлхийн олон улс оронд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг.  Дэлхийн улс орнууд Мартын 8-ны баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар уншигчиддаа хүргэе.
Герман
Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийн тэмдэглэдэг байсан юм. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байв. Тиймээс хоёр Германи нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ больсон. Тэд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна. 
Польш
Польшууд германчуудын адил Мартын 8-нд амардаггүй ч гэсэн ЗХУ-ын үеэс уламжлагдаж ирсэн баяраа мартаагүй. Энэ өдөр польш эрчүүд эмэгтэйчүүддээ баяр хүргэж,  цэцгийн баглаа бэлэглэдэг байна.
Литва
Литва улсад Мартын 8-ны баярыг орон даяар тэмдэглэдэггүй. Зөвхөн орос хэлтэй иргэд амьдардаг  мужуудад тэмдэглэдэг байна. Тиймээс энэ улсад Мартын 8-ны баярын тухай нэгдсэн ойлголт байдаггүй гэж ойлгож болно. Зарим нь ЗХУ-аас үлдсэн хуучин уламжлал гэж үздэг бол зарим нь эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг гол баяр хэмээн үздэг байна. Литвачууд эмэгтэйчүүдийг ганцхан өдөр баярлуулах биш өдөр бүр хайрлаж байх хэрэгтэй гэж үздэг аж.
Вьетнам 
Вьетнамчууд эмэгтэйчүүдийн өдрийг 200 жилийн турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэхүү өдрийг дээр үед “Чынг овогт эгч дүүсийг дурсах өдөр” хэмээн тэмдэглэдэг байжээ. Чынг овогт эгч дүүс дайны үеэр вьетнам үндэстний эрх чөлөөний төлөө тулалдсан эрэлхэг бүсгүйчүүд юм. Ялалтын өдрөөс хойш тэднийг дурсах өдөр Мартын 8-ны баяраар солигджээ. Энэ өдөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүддээ хамгийн гоё магтаалын үгсийг хайрлаж, хүндэтгэл үзүүлдэг байна. 
Франц 
Франц улсад Мартын 8-ны баярыг  мөн Литва улс шиг орон даяар өргөн тэмдэглэдэггүй байна. Тодруулбал, ихэвчлэн орос хэлтэй мужуудад болон коммунист үзэлтэй хүмүүс л  Мартын 8-ны баярыг  тэмдэглэдэг аж. Францчууд жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Эмээ нарын баяр”, харин тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг  албан ёсоор тэмдэглэдэг байна.
Итали
Итали улсын хувьд Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авалт зохион байгуулж хоорондоо бэлэг солилцдог уламжлалтай. Харин оройн цагаар шөнийн цэнгээний газрууд эмэгтэйчүүдэд тасалбаргүй байх аж.
Тус улсад 1946 оноос хойш мимоза  цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Тиймээс энэхүү өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна.
Болгар
Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай. 
Энэхүү өдөр охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг. Эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд нэг нэгэндээ баяр хүргэж, баяраа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байна.
Түркменстан
Түркменстанд Мартын 8-ны баяр ЗХУ-ын үеэс уламжлал болгон тэмдэглэн ирсэн албан ёсны баяр. Гэвч 2001 онд тухайн үед  Түркмен улсын Ерөнхийлөгч байсан Сапармұрат Ниязов Мартын 8-ны баяр тэмдэглэхийг хориглосон. Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 21-22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн мусылман шашинтны хаврын баяр Наурызын баярыг Түркменстан улсад “Хаврын баяр эмэгтэйчүүдийн баяр” болгон тэмдэглэж байхаар зарлиг гаргаж байв. Харин 2008 онд Сапармұрат Ниязовын дараа сонгогдсон Түркменстаны одоогийн Ерөнхийлөгч Гурбануглы Бердымухамедов Хөдөлмөрийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, Мартын 8-ны баярыг дахин сэргээсэн байна.
 
Нийтлэлч: Ноно
скачать dle 12.0