Нийтлэл

Эмэгтэйчүүд шатахуунаар биеэ үнэлж байна

Хуваалцах:
"The Telegraph", "Autostraddle", "Huck Magazine" зэрэг томоохон цахим хуудсанд нийтлэлээ гаргадаг Меган Дэвидсон Лэдли Монгол дахь биеэ үнэлэлтийн талаар ийнхүү бичжээ. 
Сүхбаатарын талбайн арын гудамжинд шөнө дундын үед 31 настай Минжүүр гэх эмэгтэй даарахгүйн тулд гараа үрэн зогсоно. Амьдралынх нь нэгэн орой хэрхэн өнгөрдөг талаар Минжүүр шивнэх төдий ярьж байлаа. Эрчүүд түүнийг “Central Tower”-ын хүрээлэнгээс авч, ойролцоох зочид буудлыг зорьдог байна.
Минжүүрийн дээд уруулын баруун талд байрлах жижиг сорвийг нүүр будалт нь халхалж чадаагүй харагдах бөгөөд өөртэй нь ижил төрлийн ажил хийж байхдаа нас барсан найз нараа тэрбээр хуруу даран тоолох ажээ. Шөнөдөө гадаа хасах 20 хэмийн хүйтэн байдаг ба Минжүүр ханиад хүрчээ. Харин архи түүнийг дулаацуулдаг гэнэ. Түүний хэлснээр, өвлийн улирал маш хүнд байдаг аж.
Энд биеэ үнэлэгчид маш хүнд нөхцөлд ажилладаг. Хил орчмын бүс нутгуудад биеэ үнэлэлт нэмэгдсээр байгаагаас үл хамааран Улаанбаатар хотыг биеэ үнэлэлтийн төв хэмээн үздэг байна. Түүнчлэн биеэ үнэлэх хийгээд бэлгийн мөлжлөгийн төв цэг хэвээр байна.
“Биеэ үнэлж буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь маш ядуу байдаг бөгөөд хэрэгцээгээ хангахын тулд энэ ажлыг хийдэг” гэж “Төгс бүсгүйчүүд” төрийн бус байгууллагын төлөөлөгч Эрдэнэсүрэн хэлсэн байна. Уг байгууллага нь биеэ үнэлэгчдийн дунд бэлгийн замаар дамждаг халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, тэдгээрийг энэ ажлаа орхиход тусалдаг ажээ.
Монголд биеэ үнэлэлт болон хүний наймааг хуулиар хориглодог боловч биеэ үнэлэх явдал газар авсаар байна. Зарим эмэгтэй үйлчлүүлэгчдээ хайн гудамжинд зогсдог бол зарим нь караоке, шөнийн цэнгээний газар болон саун массажийн газруудад нууцаар ажилладаг байна.
НҮБ-ын Сургалт судалгааны институтын 2014 оны тайланд мэдээлснээр, жилд 3000-5000 эмэгтэй, хүүхэд хөдөө орон нутгаас хотууд руу эсвэл гадаадын орнууд руу худалдагддаг аж.
НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоолсноор, Монголд 19 мянга гаруй биеэ үнэлэгч байдаг аж. Тус улс нь 3 сая гаруй хүн амтай юм. Үүний зэрэгцээ цөөн тооны эрэгтэй биеэ үнэлэгч байдаг байна.
Монголын уул уурхайн салбар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хурдацтай хөгжсөний хэрээр гэр орноосоо хол ажиллах эрэгтэйчүүдийн тоо өссөн юм. Энэ нь биеэ үнэлэлт улам цэцэглэхэд хүргэжээ. “Rio Tinto” компани болон бусад гадаадын компанийн уул уурхайн төслүүд хэрэгжиж буй өмнөд нутгийн говьд буюу БНХАУ-тай залгаа хил орчмын бүс нутаг нь биеэ үнэлэлтийн шинэ төв болсон байна.
“Улаанбаатарт биеэ үнэлэгчид нь гэр бүл, хамтран ажиллагсдын дарамт шахалтад байдаг бол уул уурхайн бүсэд бүх хүн “мөнгө олох” гэсэн ижил зорилготой тул хэн ч нэгнээ шүүмжилдэггүй” гэж Сорбонне их сургуулийн угсаатны судлалын профессор Гаэль Лаказ хэлжээ.
Ачааны тэргүүд цуван жагссан замын хажууд байрладаг автобусан кафе нь жолоочдын цай ууж, өөр хоорондоо яриа өрнүүлэх цорын ганц цэг ажээ. Энд Өмнөговь аймгийн Таван толгой уурхайн жолооч Энхтайвантай таарав.
Малгайтай хар цамц өмссөн 39 настай ачааны тэрэгний жолооч нүүрсээ хүргэхээр дарааллаа хүлээж байгаа аж. Тэрбээр энэ ажлыг гурван жил хийж байгаа бөгөөд маш олон биеэ үнэлэгчтэй таарсан байна. Дүүрэн хүүхэн суусан машинууд замаар явж байдаг ба үнэ хөлсөө тохиролцсон тохиолдолд ачааны тэргэнд суудаг ажээ.
Энхтайваны хэлснээр, хилийн ойролцоо биеэ үнэлэх зар бүхий утасны дугаарын самбар байдаг, сонирхож байгаа тохиолдолд утсаар ярьдаг гэнэ. Мөнгө, эрэгтэйчүүд хаана байна тэнд биеэ үнэлэгчид очдог аж.
Монголын уул уурхайн тэсрэлт 2000-аад оны эхэн үеэс эхэлж, энэ салбар нь одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг бүрдүүлж байна. Уул уурхайн салбарын өсөлт нь дотоодын шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлсэн байна. Ялангуяа Өмнөговь аймаг руу.
Монголд ХДХВ-ийн тархалт 0.03 хувьтай байдаг бөгөөд халдвар авсан тохиолдолд эмчилгээ үнэгүй байдаг аж. 2017 оны мэдээллээс үзэхэд, ХДХВ-ийн халдвар тээсэн хүмүүсийн 32-хон хувь нь халдвар тээгч гэдгээ мэддэг байна.
“Уул уурхайн аж үйлдвэр нь ХДХВ-ийн халдварын цуутай халуун цэг болсон” гэж НҮБ-ын ХДХВ-ийн нэгдсэн хөтөлбөрийн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дарга Имонн Мерфи хэлсэн байна. “Тэнд мөнгө байна. Хүмүүс гэр орон, нийгэм болон бусад хүчин зүйлсээсээ хол байна. Тиймээс тэд энгийн үед гаргахгүй эрсдлийг гаргадаг” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Таван толгой нүүрсний уурхайгаас БНХАУ-ын хил хүртэлх чиглэл нь уул уурхайн салбар биеэ үнэлэлтийг хөхиүлэн дэмжиж буйн илэрхийлэл юм. 32 настай Укагийн хувьд нийслэл хотод байснаас энд байхыг илүү тухтай гэж үздэг гэнэ. Ука биеэ үнэлээд 10 жил болж байгаа аж. Охиноо төрүүлснээс хойш мөнгө олохын тулд энэ ажлыг хийж эхэлжээ. Тэр Улаанбаатарт биеэ үнэлдэг байсан боловч одоо хилийн орчимд ажиллах болсон байна. Түүний үйлчлүүлэгчид нь ачааны машины жолооч нар бөгөөд заримдаа тэд бэлэн мөнгөгүй байдаг тул төлбөрөө шатахуунаар хийдэг байна. Ука Улаанбаатар дахь хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулснаас шатахуунаар ажиллахыг илүүд үздэг гэнэ.
Укагийн хэлснээр, нийслэл дэх биеэ үнэлэгчид эзэд болон үйлчлүүлэгчдийн дарамттай байнга нүүр тулгардаг бол Өмнөговьд хамаагүй дээр байдаг гэнэ. Хотод байх нь сэтгэл гутралд оруулдаг бол хилийн бүсэд илүү нээлттэй байдаг аж. Түүний хэлснээр, 4-5 эмэгтэй нийлж, жолоочийн хамтаар хил рүү явж, тэндээ гэр түрээсэлж амьдардаг байна.
Маш олон ачааны жолооч дунд эмэгтэй хүн ганцаараа байх нь аюултай тул тэд үргэлж бүлгээрээ явах шаардлага үүсдэг ажээ. Ука нэг удаагийн бэлгийн хавьтал хийхэд 50 мянган төгрөг, нэг цагийн 80 мянга, хоногийн 200 мянган төгрөгийн хөлс авдаг байна. Хэрэв жолооч нар бэлэн мөнгөгүй байвал нэг удаа 40-50 литр, цагт 100 литр шатахууны хөлс авдаг байна. Үүний дараа тэд шатахуунаа зарж борлуулснаар мөнгөтэй болдог ажээ.
Мөн ажлаа хийх үедээ ямар нэг үнэтэй зүйлгүй явдаг байна. “Тэнд маш аюултай. Эрсдлийг дааж чадах нэгэн л тийшээ явдаг” гэж Эрдэнэсүрэн хэлсэн байна.
Улаанбаатарт бэлгийн замаар дамжин халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлгэвч тараах зэрэг олон хөтөлбөр байдаг. Эрдэнэсүрэн тэргүүтэй нийгмийн ажилтнууд таньдаг эмэгтэйчүүдээ өвчин авсан эсэхийг шалгадаг байна. Харин говьд ийм үйл ажиллагаа огт байхгүй.
Укагийн хамт ажилладаг эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах хэрэгсэл нь дууссан үедээ бие биеэсээ худалдан авдаг бөгөөд тэнд ийм төрлийн бүтээгдэхүүн худалддаг дэлгүүр байдаггүй ажээ.
Улаанбаатарт биеэ үнэлэгчдэд тусалдаг төрийн бус байгууллагуудтай холбогдох боломжтой байдаг боловч энэ нь тэдний хувьд хүндрэлтэй байдаг аж. Ука өмнө нь Улаанбаатарын нэгэн саунд биеэ үнэлдэг байсан боловч цагдаа нар болон үйлчлүүлэгчид нь түүнд гар хүрдэг байжээ. Түүний хэлснээр, хэт үндсэрхэг үзэлтнүүд гудамжинд зогсож байгаа биеэ үнэлэгчдийг онилж, бусдад жигшүүлэхийн тулд үсийг нь хусдаг байна. Энэ хэргийн тухайд Улаанбаатарын цагдаагийн байгууллагын зүгээс ямар ч хариу арга хэмжээ авдаггүй ажээ.
Монголд биеэ үнэлэлтийг ичгэвтэр ажил гэж үздэг байна. “Доромжлол болон айдас нь эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллага болон гэр бүлдээ хандахаас зайлсхийхэд хүргэдэг” гэж Эрдэнэсүрэн онцолсон байна. Монголчууд “Нэр хугарахаар яс хугар” гэж үздэг ажээ.
Хүмүүс биеэ үнэлэлтийн талаар чөлөөтэй ярьдаггүй. Эмэгтэйчүүд яагаад биеэ үнэлдэг шалтгааны талаар Ука тайлбарлахдаа, наймдугаар ангиа төгссөний дараа сургуулиасаа гарч, орлого олох цөөхөн арга замын нэг нь энэ байжээ.
“Зарим эмэгтэйн хувьд үйлдвэрт ажилласнаас биеэ үнэлэх нь илүү амар байдаг. Учир нь тэдэнд диплом байхгүй. Ганц бие ээжүүдийн хувьд хоол хүнсээ худалдаж авах мөнгө хэрэгтэй шүү дээ” гэж Г.Лаказ хэлсэн байна. Укагийн хэлснээр, түүнийг хэрхэн мөнгө олдогийг охин нь огт мэддэггүйн зэрэгцээ гэр бүлийнхэн нь түүнийг тогооч гэж боддог байна.
Дээр дурдсан Минжүүрийн хувьд өөрийгөө шөнийн цагаар шөнийн цэнгээний газарт үйлчлэгч хийдэг гэж гэрийнхэндээ хэлжээ. “Тэдний юу хийж байгааг хэн ч мэдэхгүй боловч хүн болгон мэдэж байдаг” гэж Г.Лаказ хэлсэн байна.
22 настай Гаамааг өмссөн хувцаснаас нь харахад амралтаа өнгөрүүлж буй их сургуулийн оюутан гэмээр ажээ. Тэрбээр сулхан хоолойгоор “хэрэв охид бэлгийн ажил хийхээс татгалзвал хүч хэрэглэнэ харин охидын бодлыг өөрчилж чадахгүй бол наймаачдыг дуудаад тэднийг зарчихдаг” гэж хэлэв.
Гаамаа маш олон удаа худалдагдаж, зарагдаж байсан байна. 2016 онд тэр хүчирхийлэлд өртдөг газраасаа зугтаж, төмөр замын буудлын ойролцоох саунд ажиллаж эхэлсэн байна. Тэнд цонхыг нь торлосон өрөөнүүдэд Гаамаа дөрвөн эмэгтэйтэй хамт ажилладаг байжээ. Тэд цагт 40 мянга, хоёр цагт 60 мянган төгрөгийн хөлс авдаг байна. Тэдний эзэн хоол хүнс болон хувцас хунараар хангах боловч олсон мөнгийг нь огт өгдөггүй байжээ. Гаамааг зугтахыг оролдсоныг нь олж мэдсэн даруйдаа эзэн нь түүнийг өөр саунд худалдсан байна.
“Нийгэм биеэ үнэлэгчдийг хог шаар гэж үздэг” гэж “Талита” Монгол төслийг үүсгэн байгуулагч, тэргүүн Цэрэнчунт хэлжээ. “Засгийн газар хохирогчдыг хамгаалахад сохор зоос ч зориулдаггүй, ийм юманд зарцуулах мөнгө төсөв ч байхгүй гэж тэд хэлдэг” гэж тэрбээр нэмж хэлжээ.
2017 онд биеэ үнэлэгчдэд тусалдаг “Талита” байгууллагын долоон салбарын төсвийг Шведийн Засгийн газар танаж, гурван салбар л үйл ажиллагаа явуулдаг болжээ. Эмэгтэйчүүдийн таван түр хоргодох байр үйл ажиллагаа явуулж, дөрөв нь түр хугацаагаар амьдрахыг зөвшөөрдөг болсон байна. “Талита” байгууллагын Улаанбаатар дахь салбар тав дахь салбар бөгөөд биеэ үнэлэгчид удаан хугацаагаар оршин суух боломжтой болсон хэдий ч орон тоо нь дүүрч байгаа ажээ.
БНХАУ руу наймаалагдсан Гаамаа олон хотод биеэ үнэлсэн бөгөөд түүнийг Бээжин дэх Монголын Элчин сайдын яам руу зугтахад нэгэн үйлчлүүлэгч нь тусалсан байна. Тэр 2017 оны эцсээр “Талита”-д иржээ.
Гаамаа өөрт тохиолдсон явдлынхаа талаар ярихдаа чичирч байсны зэрэгцээ одоо ч хар дарж зүүдэлдэг гэнэ. Тэр одоо гартаа чихмэл бамбарууш бариад, инээмсэглэн тогоочийн дамжаанд явах гэж байгаагаа хэлэв. Гэвч тэр хотод амьдрахаас санаа зовж байгаагаа дурдаад, өмнөх амьдралтай нь холбоотой хүмүүс түүнийг таньчихвий гэхээс эмээж байгаа гэнэ.
Цэрэнчунт ч мөн олон асуудлын талаар санаа зовж явдаг бөгөөд үүний нэг нь “Талита” байгууллагын илрүүлсэн олон гэмт этгээд ял шийтгэл хүлээгээгүй байдаг байна. Эмэгтэйчүүд айсны улмаас шүүх дээр мэдүүлгээ өөрчлөх эсвэл эргэн биеэ үнэлэх тохиолдол гардаг аж.
Гаамаагийн бодлоор, тэр БНХАУ руу наймаалагдаагүй бол биеэ үнэлэгч хэвээр байх байсан гэнэ. 

Э.Хулан  
 
скачать dle 12.0