Эдийн засаг:
Аль ч орны улс төрийн үйл явцад иргэдийн хөдөлгөөнүүд орж ирдэг. Үзэл бодол, тулгамдсан асуудлаараа нэгддэг улс төрийн үзэгдлүүд гэж болно.Монголд ч олон бий. Өмнө нь байсан, одоо байгаа, ирээдүйд ч байх биз. Зорилгодоо хүрэхээр аажмаар “татан буугддаг”, аль эсвэл зарим нэгэн эрх баригчид, улс төрийн намуудад “бууж өгснөөр” замдаа тардаг явдал бий.
Иймэрхүү хэдэн ТББ, хөдөлгөөн Улсын бүртгэлд байна вэ, өнөөдөр хэд нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа вэ гээд харьцуулахад нэг дүгнэлт гарч ирнэ. Гэхдээ сүүлийн зургаан сарын хугацаанд шинээр мэндэлсэн хоёр хөдөлгөөн анхаарал татаж байгаа юм.
Тэд бусдаас өөр. Өөр гэсний учир нь энэ хоёр хөдөлгөөн нутаг ус, салбарын эрх ашгийн төлөө тэмцээгүй. Бас үндэсний үзэл энэ тэрийг хамгаална гэж яриагүй. Гэхдээ улс төрийн агуулгатай тэмцэл зохион байгуулдаг. Зохион байгуулдаг ч гэж дээ, оролцдог гэвэл илүү зохимжтой.
Эхнийх нь “Нэхүүл”, дараагийнх нь “Хэвтүүл” гэдэг нэртэй юм.
Анх өнгөрсөн оны сүүлчээр “Нэхүүл” хөдөлгөөн гарч ирсэн. Нам бус залуучуудын хөдөлгөөн гэх тодотголтой “Нэхүүл” хөдөлгөөн ийм нэртэй кино нээлтээ хийснээс хоёр сарын дараа буюу 2018 оны арваннэгдүгээр сараас идэвхтэй ажиллаж эхэлсэн байдаг.
“Нэхүүл” хөдөлгөөн үйл ажиллагаагаа эхлэхдээ л тухайн үеийн УИХ-ын М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэх ёстой гэсэн шаардлага өгч байсан юм. Сүүлдээ М.Энхболдыг огцруулах хоёр удаагийн жагсаалын гол оролцогчид нь энэ хөдөлгөөнийхөн байсан.
“Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс анх УИХ-ын даргад өгсөн шаардлагын хариу сэлтийг авахаар тус хөдөлгөөний зохицуулагч, хувиараа бизнес эрхлэгч иргэн Л.Отгонбат, Сэлэнгэ аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч Д.Баянмөнх, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгч О.Мөнх-Эрдэнэ нар очиж байсан. Дараа нь энэ хөдөлгөөний зохицуулагч гээд М.Мунаа гэдэг хүн бас сэтгүүлчдэд мэдээлэл хийж байлаа.
“Нэхүүл”-ийнхэн 2018 оны арванэгдүгээр сарын 20-нд хэвлэлийн хурал зарлаж “…Анх 4000 гаруй залуу дуу хоолойгоо нэгтгэж, энэ сарын 14-нд тэмцлээ эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар 7000 орчим иргэн нэмэгдлээ” гэж мэдэгдсэн.
Эндээс харвал үнэхээр нам бус залуус харагдаж байгаа юм. Харин жагсаалуудад “Нэхүүл”-ийн нүүр царай нь жүжигчид, уран бүтээлчид гэсэн олны танил нэлээд эрхмүүд гарч ирж байлаа. “Нэхүүл” кинонд тоглосон гавьяат жүжигчин ч энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцож байв.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт бялдаржуулах клубт явж, “төмөр өргөдөг” залуус “Нэхүүл”-д тун идэвхтэй оролцож байгааг нотолсон зураг сэлтийг эх сурвалжууд нийтэлж байв.
…У.Хүрэлсүхийн “Нэгдсэн Монгол”, Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хоёрыг В.Путины “Нэгдсэн Орос”-ын замнал түүхтэй улс төрийн эртнээс уяад байгаа юм. Товчхондоо, энэ бүхний “эцэг” нь нэг гэх шивэр авир яриа учир мэдэх хүмүүсийн дунд яваад уджээ.
Ерөнхийдөө энэ хөдөлгөөнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбож буй юм. Ингэх бас нэг үндэслэл нь “Нэхүүл” ажиллаж эхлэхээс хоёр сарын өмнө 2018 оны есдүгээр сарын дундуур амралтын өдрийг дамнуулан Гачуурт шилтгээнд “Нэгдсэн Монгол” гэх хөдөлгөөний урлаг, спортын арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээнд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцсон нь тухайн үед ихээхэн анхаарал татаж байлаа. Яг тэр үед Нийслэлийн МАН-ын Бага чуулганы төлөөлөгчдийг сонгох явц болж байв.
У.Хүрэлсүх тэр үед “…Би мянган найзтай болохыг зорьж энэ өдөрлөгийг зохион байгууллаа. Бидний удирдлагын систем бол Чингисийн мянгат, зуут, аравтын систем байх болно. Өнөөдөр мянган найзтай боллоо” гэж хэлсэн юм. Түүнчлэн Гачууртад болсон энэхүү “Нэгдсэн Монгол” хөдөлгөөнд оролцогчид “Нэхүүл”-д бас нэгдсэн байдаг. Харин “Хэвтүүл” хэмээх хөдөлгөөн 2019 оны хоёрдугаар сарын сүүлчээр, цагаан сарын дараахан гарч ирсэн.
Бас л ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардан бүх нийтийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж 2018 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийв.
Тэд ЖДҮХС, 60 тэрбумын хэрэг, концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудад хуулийн өмнө, ард түмний өмнө хариуцлага хүлээхийг шаардах зорилготойгоор 2019 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах болсноо мэдэгдсэн юм.
“Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Э.Тамир “…ЖДҮХС-гийн асуудалтай хэргийг намдаахын тулд 60 тэрбумын хэргийг ярьж, ЖДҮ-г орхигдуулж, энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад бид яагаад жирийн ард иргэд авч болдоггүй юм. Тэр утгаар ЖДҮХС-гийн асуудал сөхөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр ирсэн хэсэг залуус нэгдсэн “Хэвтүүл” хөдөлгөөнийг эхлүүлж байна. Цаашдаа ч энэ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Ардчиллын суурь үнэт зүйлсэд илтэд заналхийлсэн үг, үйлдлийг эрх баригчдын зүгээс гаргах боллоо. Эрх баригчдын зүгээс ЖДҮХС-г хувьдаа завшсан улстөрчидтэй хариуцлага тооцох нь бүү хэл, харин ч хаацайлж, өмгөөлж хамгаалсаар өдий хүрлээ. Ингээд зогсохгүй ЖДҮ хулгай болон, 60 тэрбумын сүлжээгээр барьцаалагдсан УИХ, Засгийн газрын гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх урвагч санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч байна. Энэ байдлыг энэ хэвээр нь дуусгаж болохгүй” гэж байв.
Тэд Францын “шар хантаазтан”-уудын адилаар долоо хоног бүрийн бямба гариг бүрт жагсана гэсэн. Гэхдээ жагсаал болоод байна уу, болохгүй байгаа юу гэдэг нь тодорхой бус байгаа юм.
“Хэвтүүл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчид, удирдлагууд гэвэл ХАХНХ-ын дэд сайд асан, “Иточу”, “Комацу”-гаар овоглодог Э.Тамир, Ерөнхий сайдын зөвлөх асан, “Хутагт” группийн эзэн М.Хүдэрбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүний нөөцийн сургалт, хөгжлийн албаны дарга асан, Хөдөлмөрийн судалгааны институцийн дэд захирал асан Л.Алтансүх, НИТХ-ын төлөөлөгч, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн дэд захирал М.Тулгат, Эрүүл мэндийн дэд сайд асан, “Хаппи веритас” элэгний төв лабораторийн ерөнхий захирал Ж.Амарсанаа нар ил гарч харагдлаа.
Тэд АН-ын залуус байгаа юм. Тэр дундаа Н.Алтанхуягийн Засгийн газрын үед дэд сайд, зөвлөх, газрын даргаар ажиллаж байсан хүмүүс байна.
Тэгвэл энэ хөдөлгөөнөөс бас л хоёр сарын өмнө Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн байгуулснаа зарласан юм.
Тэрээр өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгч “Нэгдмэл Монгол”-оо идэвхтэй ажиллуулахаар боллоо. Өргөдөлдөө “…Тантай хамтран ажилласан нэг жил найман сарын хугацаанд МАНАН бүлгийн байгуулсан шударга бусын хонгил, байгалийн баялагт нүүрлэсэн хулгай дээрэм гээд олон хууль бус явдал илчлэгдэж улс орон маань зөв тал руугаа явах нь гэсэн итгэл найдвар бага ч гэсэн сэргэж байгаад бидний хамтын ажиллагааны хувь нэмэр өчүүхэн ч гэсэн атугай бий буй за. Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох хойшлуулашгүй ажлууд хүлээж байна. Эдгээр асуудалд цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо” гэсэн. Тиймээс Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол”-той “Хэвтүүл” хөдөлгөөн бас л нийлээд ирнэ гэдгийг эх сурвалжууд тайлбарлаж байна.
Ер нь бол “Нэхүүл” хөдөлгөөнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй, У.Хүрэлсүхийн “Нэгдсэн Монгол” хөдөлгөөнтэй холбох сэжим байна. Бас “Хэвтүүл” хөдөлгөөнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнтэй нийлүүлэх холбоос бас бий.
Харин У.Хүрэлсүхийн “Нэгдсэн Монгол”, Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хоёрыг В.Путины “Нэгдсэн Орос”-ын замнал түүхтэй улс төрийн эртнээс уяад байгаа юм. Товчхондоо, энэ бүхний “эцэг” нь нэг гэх шивэр авир яриа учир мэдэх хүмүүсийн дунд яваад уджээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18