Нийтлэл

Алдагдсан уран зургийн сураг буюу Ц.Элбэгдорж “сөрсөн базаа” хийх гэж оролдов

Хуваалцах:
Уран зургийн талаарх ойлголт мэдлэг монголчуудад түгээмэл биш. Тодорхой төвшинд уран зургийг мэдэрдэг, бас үнэлдэг гэхэд болно.Ер нь бол дэлхийд уран зургийн наймаа манайхаар бол морь шиг өндөр үнэлэгддэг гээд ойлгочиход болно.Гэхдээ уран зургийн үнэ УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн тэрбумаар азарга, 360 саяар хөөрөг авдгаас ч хэдэн зуу дахин илүү үнэлгээтэй.Уран зургийн ертөнцөд 100 сая ам.доллараас дээш үнээр зарагдсан 10 гаруй зураг байдаг юм байна.
Тэрбумтан Кен Гриффин гэдэг эрхэм Виллем де Кунингийн 1955 онд зурсан “Сэлгээ” хэмээх бүтээлийг 303 сая ам.доллараар худалдаж авсан гэдэг мэдээлэл интернэтэд байна. Мөн 2017 оны арваннэгдүгэр сарын 17-нд Нью-Йорк хотод Christie’s компанийн дуудлага худалдаагаар алдарт зураач Леонардо Да Винчигийн “Salvator Mundi” нэртэй уран зураг 450,3 сая ам.доллараар зарагджээ. Харин үнэлгээний хувьд мөн л Леонардо Да Винчигийн алдарт “Мона Лиза”-г худалдвал үнэлгээ нь 670 сая ам.доллараас дээшээ тавигдана гэж мэргэжлийнхэн тогтоосон байгаа юм.
Монголд ч уран зургийн үнэ ханш сүүлийн үед бага биш болсон. “…Уран зураг бол хаана ч үнэ нь буурдаггvй цорын ганц бараа” гэж ардын зураач Б.Чогсом гуайн хэлсэн нь одоо манайд биеллээ олж буй юм байна.Энэ бүхнийг тоочихын учир нь, уран зургийг хэн сонирхдог, хэн худалдаж авдаг вэ гэдгийг хэлэх гээд байгаа юм. Зүгээр нэг мань шиг амьтан бол уран зураг цуглуулахыг санаархах энэ тэрийн хэрэггүй гэсэн үг. Тэгвэл өчигдөр “…Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнөөс 30 орчим уран зураг хураажээ” гэсэн агуулга бүхий мэдээллүүд түгэв. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цахим сүлжээнд “…Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж уран зургуудыг хурааж авлаа” гэсэн “мэдээлэл” дамжуулсан байв. Түүнчлэн Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарынхаас дээрх уран зургуудыг хураасан гэх мэдээ бас явсан. Ямартай ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэлээд уран зураг хураалгасан болж таарсан.
Энэ талаар ЦЕГ, Прокурорын байгууллагаас ямар нэг тайлбар өгсөнгүй. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттеэртээ “…Женко технологи. Тавантолгойд бүрдүүлсэн цаас нь болох байсан уу. Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280 сая ам.долларын шороо нь олны анхааралд орох гээд байна уу. ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу. Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг, зураг хулгайлдаггүй” гэж “жиргэсэн” байна.
Харин баттай эх сурвалжийн мэдээллээр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос уран зураг хурааж авсан нь үнэн. Төр засгийн үйлчилгээний “Хатан туул” зочид буудалд байсан дөрвөн ширхэг зураг Ц.Элбэгдоржоос гарч ирсэн гэж байна.“Хатан туул” зочид буудал бол Их тэнгэрийн дээд хэсэгт оршдог. Төрийн тусгай хамгаалатад байдаг төр, засгийн үйлчилгээний зориулалттай зочид буудал юм.Эндээс үзэх нээ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хатан туул” зочид буудалд байсан дөрвөн ширхэг уран зураг ямар нэг байдлаар оччихсон байна. Энэ бол маш эвгүй факт.
Тиймээс Ц.Элбэгдорж “сөрсөн базаа” хийж Ерөнхийлөгч Х.Баттулгын “эмзэг цэг” гэж болох төмөр замын 280 сая ам.долларын асуудлыг сөхжээ. Гэвч өчигдөр гуравдугаар сарын 20-ны өдөр байв. Арав хоногийн өмнө гэхээр гуравдугаар сарын 10-ны өдөр болж байгаа юм. Тэр өдөр нь амралтын өдөр буюу бүтэн сайн байжээ.
Ийн өчигдөр алдагдсан уран зургийн сураг гарч, авсан эзнээр нь “тогтоогдсон” Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ийм байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулга руу “сөрсөн базаа” хийв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИР
скачать dle 12.0