Эдийн засаг:
Монголын улстөрчид хөрөнгө мөнгөтэй болох тусам боловсролгүйтсээр л. Боловсролгүй хүмүүс ухаалаг байтугай сэргэг ч байж чадахгүй. Хоосон хүмүүс ерөөсөө л мунхаг, бүдүүлэг, ичихгүй, шуналтай, юм болгонд үг хэлж мэдэмхийрэх гэсэн юм л бол зургаа даруулаад л, сонинд ярилцлага өгөөд л, зурагтаар өөрийгөө сурталчилж худлаа намтар зохиодогдоо.
Монголын улстөрчид паянгаа ярихаас өөр хийж бүтээсэн зүйлгүй. Тэд пан гөрөхөөс өөр сурсан зүйлгүй. Ихэнх улстөрчид 10 жилийн хүүхэд насаа нуун дардаг шүү дээ. Өнгөрсөн амьдралаа санахгүй бол тийм хүнийг хэн гэх вэ дээ. Нэгэнт худлаа хүмүүс УИХ-д ороод их л уйддаг бололтой. Олон жил УИХ-ын гишүүн байсан нөхөд ч яахав худлаагаа үнэн болгочихсон хүмүүс дээ. Ерөөсөө тэднээс яах гэж бас яагаад УИХ-ын гишүүн болсоныг асуувал юу гэж хариулах бол доо.
Улс оронд хийж бүтээх зүйл ямар их байна вэ? Гэтэл тэр чухал шийдвэрлэх цэгүүд дээр боловсролгүй хүмүүс очиж суугаад бүх ажил зогсоочихсон.
Боловсролгүй байж яах гэж ингэж улс орны хөгжилд садаа болж энэ тэнд сайд хийж эсвэл Их Хурлын гишүүн гэж утгагүй царайлцгаана вэ?
Мөнгөтэй л бол бүх ажил бүтнээ ерөөсөө мөнгө л хөгжил авчирна гэсэн ойлголт ямар их эндүүрэл болохыг олон арван жилийн өмнө Япон, Өмнөд Солонгос, Сингапур гэсэн Азийн орнууд харуулсан биздээ. Тэд ядуу орнууд байж байгаад мөнгөөр биш боловсролын ач тусаар хөгжилд хүрсэн биш билүү.
Монголын улстөрчид сонгуулийн тойрогтоо очиж сүүлийн 20 жилд хэлмэгдсэн хүмүүст цэцэрхэх амархан гэтэл гадаад оронд очоод яаж шившигээ тарьдаг билээ. Англи хэл дээр өөрийгөө танилцуулж хийж буй ажлаа ярьж шинэ зүйл сурч чадахгүй ердөө л орчуулагчийн золиос болцгоодог. Гадаад оронд очоод орчуулагч гэж оюутнаар орчуулга хийлгэнэ.
Оюутан орчуулагчтай төрийн хүн ёстой л ойлгох битгий хэл хүн хэлэхэд ичмээр зүйл болцгоодог. Гадаад явж хөгөө чирэхийн оронд муугаа мэдээд гэртээ л байцгаах хэрэгтэй. Олон улсын хурал дээр илтгэл тавих гэж бүр хүмүүсийн гайхшрал төрүүлчихдэг шүү дээ. Жилийн өмнө үсээ ардаа боочихсон нэг УИХ-ын гишүүн Хятад оронд оччихсон илтгэл тавих гэж бантан хутгасандаа.
Монголын төр цаашлаад улстөр 21-р зуунд ямар ч бэлтгэлгүй оржээ.
Ерөөсөө 21-р зууныг хүлээж авч чадсангүй. Мухар сүсэгтээ дарагдаж түүхгүй болцгоож ердөө л улстөрчидийн паянг сонинд бичиж зурагтаар нэвтрүүлдэг паянгийн орон болжээ. Паян дэлгэрсэн газар пан гөрөгчид л улстөрч болцгоох шив дээ. Ардчилал гадаа ирсэн биш бүр алс холын болжээ.
Мэдээж ардчилал өөрөө эхлэхдээ боловсролыг доромжилж эхэлсэн. Боловсролгүй залууг сайд болгосондоо. Энэ бол том гэмт хэрэг. Тэр үед эрх чөлөө ярьж, хүний эрх шаардсан болохоос боловсрол хамгийн чухал гэдгийг нуун дарагдуулсан. Боловсролгүй ардчилалаар яах юм бэ? Боловсролгүй хүн эрх чөлөөгөөр юу хийх вэ? Боловсрол өөрөө эрх чөлөөтэй болгодог. Үүнтэй адил боловсолтой хүн л ардчилалыг байгуулна. Яагаад Арабын орнуудад болсон бослогуудын дараа ардчилал хэрэгжих боломжгүй байна вэ гэхээр шашиндаа хэтэрхий баригдсан тул ардчилал боломжгүй болсон. Өнөөдөр Монгол оронд яагаад ардчилал боломжгүй вэ гэхээр мухар сүсэг хэтэрхий их газар авлаа шүү дээ. Хөдөө орон нутагт номын сан барихын оронд сүм хийд дугана барьсаар. Ардчилал ерөөсөө шашинтай таарахгүй.
Саяхан болж өнгөрсөн эдийн засгийн форум дээр Монголын улстөрчид оролцож хүмүүсийн асуултанд хариулж чадахгүй аргаа барж ёстой л ичих нүүргүй гэдгээ харуулсандаа. Мэдээж хоосон толгойтой хүний толгойноос юу гарах вэ дээ. Хоосон л бол хоосон шүү дээ. Ямар ч ид шид ер бусын ойлголт болоод маань мэгзэм хоосонд тус болохгүй. Хичнээн мөнгө хөрөнгө байгаад ч ямар ч том дарга боссоор хамгаалуулаад ч хоосон л бол хоосон. Нуух аргагүй. Ёстой л хоосон чанар.
Хамгийн гоё юу вэ гэхээр боловсролыг буюу мэдлэгийг зальдах боломжгүй. Үүнд л Монголын улстөрчидийн ялагдал ирдэг. Тийм ч учраас Америк, Герман гэх мэт өндөр боловсрол мэдлэгтэй газар очсон улстөрийн намынхан Монголдоо байдаг шигээ зальдаж болохгүй болохоор тун удалгүй буцаж ирцгээдэг. Америк явж хоёр гурван жил болохдоо юу сурах вэ дээ? Юу ч сурахгүй шүү дээ. Юу ч сураагүй хүмүүс өнөөдөр ардчилалыг төлөөлөөд явцгааж байна шүү дээ.
Яагаад эдийн засгийн чуулган дээр намуудын удирдлагууд баруун зүүнээ тайлбарлаж онолын түвшинд ярилцаж чадахгүй хоосон толгойлцгоов? Боловсролгүйгийн л баталгаа шүү дээ. Тэд мөнгөө боловсролд зарцуулсан бол юу гэж амаа таглуулах вэ дээ.
Хятад оронд ч Америк оронд ч хоёуланд зүүний намууд бий шүү дээ. Үүнтэй адил энэ хоёр оронд хоёуланд барууны намууд бий. Америкийн Ардчилсан нам буюу одоогийн ерөнхийлөгч Обамагийн нам бол зүүний чиглэлийн нам шүү. Харин Бүгд найрамдах нам бол консерватив буюу барууны чиглэлийн нам даа.
Монголчуудын намын тухай асуудал хөндөж ярихад одоогийн АН буюу Ардчилсан Нам зүүний нам л байх учиртай. Гэтэл тэд барууны гэж консерватив болох гээд зарлаад байдаг. Харин МАН буюу Монгол Ардын Нам консерватив тал руугаа барууны чиглэлийн нам байвал зохистой.
Онол дээр ямар ч төр социалист байх зорилготой. Харин эдийн засаг капиталист байх боломжтой. Улстөрийн бүтэц ардчилалтай байх ёстой. Энэ тухай олон улс орон уриалах болжээ. Социалист төртэй, капиталист эдийн засагтай, ардчилсан улстөртэй болж чадвал магад Монгол хүн олон төөрөгдөл мухар сүсэг бялдууч арчаагүй зангуудаасаа салах боломжтой.
Төр социалист байж чадвал хүнлэг энэрэнгүй нийтэч нийгмийг байгуулж чадна. Эдийн засаг капиталист байж чадвал улс оронд хөрөнгө босгож бүтээн байгуулалт хийж өөрсдөө үйлдвэрлэж хөгжинө. Улстөр ардчилалтай болж чадвал боловсролтой хүмүүс сонгогдож хоосонууд ядаж цөөхөн улстөрд орж ирнэ шүү дээ.
Монголын улстөрчидийн боловсролын асуудлыг одоо хөндөж цаашид дахин суралцахаас авахуулаад ямар дипломтой мөн гадаад хэлээр ярьдаг эсэх гээд л олон зүйлсийг тодруулж боловсролтой улстөрчидийг бэлдэхгүй бол гудамжны цэвэрлэгчээс ялгаагүй 10-р анги ч төгсөөгүй хэзээ хэдийд хаана их дээд сургуулийн бараа харсан эсэх тодорхой биш хүмүүсийг төрийн дээд албан тушаалд тавих бол зүгээр л паянгууд давтагдана.
Боловсролгүй улстөрчидийг толгой дээрээ гаргачихаад тэднээс юу найдаж юу хүлээх вэ дээ.
Монголын улстөрчид мэдлэг дээр биш зөвхөн үгээр тоглож хүнийг дуугүй болгох зорилготой мэтгэлцээн, маргаан, дебэт хийдэг уралдаан тэмцээнүүд бол бодоогүй хүмүүсийн арга хэмжээнүүд. Яагаад гэвэл ямар ч мэдлэгт тулгуурлахгүй зөвхөн л өөрийн хувийн сонссон харсан эсвэл энд тэнд уншиж цээжилсэн зүйлсээ нийтэд хүчинтэй мэдлэг мэт тулган хүлээлгэх гэсэн оролдлогууд юунд ч хүргэхгүй. Яагаад гэвэл тэд юу ч бодож ярилцаагүй.
Сэтгэх, сэтгэлгээ эсвэл сэтгэмж гэсэн үгнүүдийн үндэс нэгэнт сэтгэлийн тухай ойлголт тул бодол гэдгээс ялгаатай. Сэтгэлгээ уран сайхан уян зөөлөн гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнүүдийг илэрхийлдэг. Харин бодол бол гаргалгааг шаарддаг. Яагаад гэвэл гаргалгаа гаргаж логиктой бодож чадах чухал. Логиктой гаргалгаа бол үнэний төлөө. Харин сэтгэлгээ үнэний төлөө биш уран сайханы төлөө шүү дээ.
Монгол оронд яагаад яруу найрагч, бөө, мухар сүсэг, утга зохиол гээд дандаа сэтгэлийн тал дээр ажилладаг хүмүүс ашиг орлого их олдог вэ? Яагаад Монгол оронд боддог хүмүүс бараг л байхгүй вэ? Яагаад гэвэл бодох гэдэг логик тул түүнээс олон хүмүүс айж зугатаадаг. Логиктой болохын тулд суралцаж олон ном унших шаардлагатай.
Улстөрчид ном унших байтугай номны зорилгыг мэдэхгүй байж бас ном бичсэн гэж зарлаж өөрсдийнхөө боловсролгүй гэдгийг батлах гэж оролдох хэрэггүй. Докторын цолтой болох гэж хөөцөлдөх ч хэрэггүй. Эхлээд овоо нэг боловсролтой болох л чухал шүү дээ. Ном бичих бол дэндүү ахадсан асуудал. Хамаагүй дээгүүр зүйл шүү дээ.
Монголын экс ерөнхийлөгчид өнөөдөр хүртэл төрийн ажлыг хэрхэн зөв сайн хийх гэж хичээсэн тухайгаа ганц дурдатгал ном маягийн юм бичээгүй л явна шүү дээ. Хичээгээгүй бол юугаа ч бичих вэ дээ. Ёстой паянгаа л бичнэ биз.
Ямар ч боловсрол өөрөөс л хамаарна. Яагаад гэвэл өөрийн ухаантай болох чухал. Ялангуяа Монголын улстөрчидийг харахад өөрийн ухаангүй тул хэн гэдгээ мэддэггүй. Тиймээс тэд
Би хэн бэ? гэсэн асуулт өөрсдөө хэзээ ч тавьж яваагүй гэдэг тодорхой харагддаг даа. Залуу үе Би хэн бэ? гэсэн асуулт тавиад эхэлчихсэн байна шүү дээ.
Улстөрчидийн боловсролын түвшин доогуур тул тэд асуулт тавих гэдэг зүйлийг мэддэггүй. Ямар ч асуултанд хамаагүй хариулах гэж зүтгэдэг улстөрчид гэнэн хүүхэд шиг хариулах гэж ам уралдан ярьцгаахыг харахад хэцүү л байдагдаа. Тэд аргументлах гэж ерөөсөө ч мэдэхгүй. Мэдэхгүй бол би мэдэхгүй гээд хэлчихэд юу болохгүй байнаа.
Боловсрол гэдэг хоёр туйлтай бөгөөд нэг талаас шахаж шаардах хэрэгтэй болдог ба нөгөө талаас эрх чөлөөтэй болж сурах. Шахаж шаардахгүй бол хүн юу ч сурахгүй. Нөгөөтэйгүүр эрх чөлөөнд сургахгүй бол хөгжиж дэвшиж чадахгүй. Эрх чөлөө гэдэг бэлэн өгөгдсөн зүйл биш харин түүнд суралцах ёстой.
Яагаад 100 эрхэм нэвтрүүлгээр дандаа сэтгэлийн хөдөлгөөнтэй харин хэзээ ч боддоггүй хүмүүсийг гаргаж буйгийн шалтгаан бол нийт нийгэмд боддог хүнгүй тул сэтгэлийн хөдөлгөөндөө баригджээ. Боддог хүмүүс хэрэгтэй байна даа. Тэгсэн цагт л бодол бодлого болж чадна. Бодохгүй улстөрчид яаж улстөрийн бодлоготой байх вэ дээ.
Улстөрчидөд боловсрол хэрэгтэй гэдэг бол ардчилалд боловсрол хэрэгтэй гэсэн анхааруулга. Үүний дараагийн ирэх анхааруулга бол бараг л шаардлага. Тэр шаардлага бол улстөрчид сэхээтэн болох хэрэгтэй. Тэр хүртэл мөн хол зам байна даа.
С.Молор-Эрдэнэ
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18