Нийтлэл

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг зургаа хоног эрүүдэн шүүсэн гэв

Хуваалцах:
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон билээ. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн гэх мэдээллийг өгсөн юм.
Хууль, хяналтын байгууллагаас С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял сонссон гэмт этгээдүүдийг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тагнуулын хоёр, ШШГЕГ-ын нэг ажилтныг цагдан хорьсон байдаг. Одоогоор ШШГЕГ-ын ажилтанг батлан даалтад гаргаад байгаа бол тагнуулын хоёр ажилтанг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 15 хоногийн хугацаатай саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Харин ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эмнэлэгт хэвтүүлээд байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэлдээ дурдсан байдаг.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгохоо мэдэгдсэн. Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагт /2019.03.25/ хуралдаж, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн гэх бичлэгийг олон нийтэд ил болгох шаардлагатай гэж үзсэн билээ. 
Харин дээрх асуудлаар өчигдөр /2019.03.26/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, эрүүдэн шүүж байгаа бичлэгийн зарим хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болгох шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж маш ноцтой асуудлыг гаргаж тавьсан. Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг зөрчсөн, гурван шатны шүүхээс хууль бусаар ялласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Олон улсын хүний эрхийн байгууллага Засгийн газартай холбогдож эхэллээ. Дэлхий нийтийн анхааралд ч өртөж эхэлсэн. Харин Засгийн газрын хуралдаанаар прокурорын зөвшөөрөлтэй эрүүдэн шүүж байгаа бичлэгийг багахан хэсгийг ил болгож, нууцын зэрэглэлээс гаргах шийдвэрийг гаргалаа" гэх тайлбарыг өглөө.
Эх сурвалжаас авсан мэдээллээр эрх баригч намын бүлгийн гишүүд С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг үзжээ. Тэднийг бүтэн зургаа хоног эрүүдэн шүүсэн гэдгийг зарим гишүүн онцолж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Эрүүдэн шүүж байгаа бичлэгийг гишүүдэд хоёр өдөр тайлбарлалаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийн үзсэн бүтэн зургаан өдрийн эрүүдэн шүүж байгаа бичлэгийг бидэнд ярьж, тайлбарласан. Тагнуулын байгууллагаас ч бичлэгийг сэргээсэн гэдгээ мэдэгдлээ, тодорхой үйл явцыг нь ярьж өглөө. Бичлэгийг удахгүй нийтэд ил болгох байх" хэмээн ярилаа.

Б.Эрхэс
скачать dle 12.0