Улс төр

Л.Болд: УИХ-ын даргатай хариуцлага тооцох асуудлыг эцсээ хүртэл шаардана

Хуваалцах:
УИХ-ын гишүүн Л.Болдоос улс төрд өрнөөд буй цаг үеийн асуудлаар байр суурийг нь сонслоо.

-Эхлээд ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон хүмүүст ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэсэн шалтгаанаар УИХ-ын чуулган завсарлачихлаа. Чуулган завсарлах үндэслэл байгаа юу?
-Эхлээд УИХ-ын даргаас асуудлыг эхлэх ёстой. Яагаад УИХ-ын даргаас гэвэл 60 тэрбумын асуудалтай холбоотой. Энэ хүнд Ерөнхийлөгчийн сонгуулиар 60 тэрбумын асуудлаар ард түмэн дүн тавьсан. 60 тэрбумдаа арга хэмжээ авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, тэр асуудлын эзэн нь хариуцлага хүлээх байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулаад булзайруулчихсан. Одоо болохоор шалгасан нотлогдоогүй, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж байна. Засгийн газраар золиос гаргаж, эрх мэдэлдээ үлдэх гэж байна. Өнөөдөр дуулиан болоод байгаа ЖДҮ-ийн асуудал бол 60 тэрбумын нотлох баримт. ЖДҮ бол Засгийн газар гэдэг үлгэр зохиогоод ард түмнийг Засгийн газартай байлдуулж байгаа хэлбэр. Гэтэл одоо дахиад үлгэр зохиож, эргээд 60 тэрбум , түүнийхээ нотолгоо болсон ЖДҮ-гийнхээ асуудлыг булшлах гэж байна. Тэгэхээр эхлээд 60 тэрбум, түүнийхээ нотлох баримт болсон ЖДҮ-ийн асуудлыг шийдэх ёстой. Дараа нь Засгийн газарт хариуцлага тооцох ёстой.
-Та Засгийн газрыг огцруулах эсэх тухай санал хураалтад оролцох уу?
-Санал хураалтад оролцоно. Хамгийн гол нь УИХ-ын даргын асуудлыг яаж шийдэхээс бүх зүйл шалтгаална.
-Тэгэхээр Та Засгийн газрын талд байгаа гэсэн үг үү?
-Энэ асуудалд АН ямар ч хамаагүй. Эрх баригч нам хоёр хуваагдаж, хоёр бүлэглэл тулалдаж байна. АН-ын гишүүд энэ төрөөр тоглоогүй. АН энэ хямралын эзэн байж чадахгүй. Тиймээс би энэ будлианы эзэн УИХ-ын даргатай хариуцлага тооцох асуудлыг би эцсээ хүртэл шаардана. Энэ асуудал яаж шийдэгдсэнээр миний дараагийн дүгнэлт гарна.
-АН Засгийн газрын асуудалд нэгдмэл байр суурьтай байж чадахгүй байгаа хэрэг үү?
-АН сонгуулийн маргаашнаас л нэгдмэл байгаа. АН хэзээд эрх баригчийн эсрэг зогсоно. Засгийн газрыг огцруулах асуудлаар 60 тэрбумын нотлох баримтыг устгах үйл ажиллагаа болгохыг би хэзээ ч зөвшөөрөхгүй. 1400 хүн албан тушаал худалдаж авсан. Гэтэл хуулийн байгууллага шалгаад “Үгүй” гэсэн гэж байгаа юм. Мэдээж "Би авлига өгч, албан тушаал авсан" гэж хэн хэлэх юм бэ. Энэ асуудал гурван сарын дараа л алга болно. Хуулийн байгууллага тогтоож чадсангүй гээд л 60 тэрбум, ЖДҮ гээд бүгдийг булзааруулаад алга болгоно. Цаашдаа Монгол Улсад жинхэнэ дарангуйлал тогтоно. Тэгэхээр ард түмнийхээ талд би санал өгнө.
-УИХ-ын даргыг хууль зөрчиж байна гэж үзэж болох уу?
-Ёс зүйн дэд хороо шалгагдаж байгаа асуудлаар ямар нэгэн дүгнэлт гаргах боломжгүй гэж мэдэгдсээр байгаад өнөөдөр хуйвалдаан хийж болохгүй. Хуулийн хугацаатай УИХ-ын чуулганыг гацааж болохгүй. Энэ бол ард түмнийг барьцаанд авч байна гэсэн үг.

http://news.zindaa.mn
скачать dle 12.0