Улстөрийн фронт халз “тулаантай” энэ үеэр эдийн засаг эрсдэл даллаж эхлээд байна. Гашуунсухайтын боомт дээр нүүрсний татан авалт “0” рүү чиглэж, энэ зуур ноён доллар ногт хазаараа аваад зулрах янзтай болов.
Монгол банкны өчигдрийн ханшаар нэг ам доллар 2605 төгрөгтэй тэнцэж түүхэн дээд амжилтаа тогтоов. Өчигдөр валют арилжааны “Найман шарга” захад нэг ам.долларыг 2627 төгрөгөөр худалдан авч, 2635 төгрөгөөр зарж байв. Өглөө 11:00 цагийн үед 2630 төгрөгийн ханштай байсан ам.доллар үдээс хойш таван төгрөгөөр чангарсаныг харахад өдрөөр бус бүр цаг минутаар өсөж байна гэсэн үг.
Өнгөрсөн зунаас өгсөж эхэлсэн ханш ингэж чангарахын хэрээр үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэгүйдэл иргэдээ сульдааж эхлээд байна.
Төв банкнаас арваннэгдүгээр сар гарснаас хойш нийтдээ 212.3 сая ам.долларын нийлүүлсэн ч валютын ханшийн өсөлтийг хазаарлаж чадахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд л долоо хоногийн өмнө буюу энэ сарын 22-ны өдөр 2591.93 төгрөгийн ханштайгаар 30.5 сая ам.доллар нийлүүлж байв.
Хэрэв улс орны нөхцөл байдал улс төрийн зодолдоон энэ бүхнийг тооцвол ханш мөддөө сулрах шинж үгүй байна. Дайны хажуугаар дажин гэдэг шиг юм болж Хятадын тал тодорхойгүй хугацаагаар нүүрсний татан авалтаа хамгийн доод түвшинд хүртэл бууруулсан нь Монгол руу орох ногоон мөнгөний урсгалыг тодорхой хэмжээгээр татрахад нөлөөлж байна.
Нэг ам доллар 2630 төгрөгөөс давж байгаа нь 2019 оны улсын төсөвт нэг амдолларыг 2530 төг байхаар тооцсоноос давсан үзүүлэлт болчихлоо. Энэ нь мэдээж төсвийн орлого тасрахад хүргэж болзошгүй юм.
Өнгөрөгч 10 дугаар сард төгрөгийн эсрэг 5 хувиар чангараад байсан долларын ханш удахгүй тогтворжино гэж байсан нь ийн талаар болов
Ханшийн уг өсөлтөд улирлын нөлөө байгаа гэж байсан ч Монголбанкны зүгээс худалдааны тэнцлийн ашиг хангалтгүй, импортын өсөлт хөрөнгө оруулалтын дүнг давж байгаатай холбоотойгоор ам.долларын эрэлт нэмэгдсэн гэж мэдээлж байсан нь бий. Тодруулбал, импортын өсөлт экспортын өсөлтөөс 2 дахин давсан, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 20 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Валютын ханш эдийн засгийн суурь шалтгаантай холбоотойгоор өсч байгаа ч огцом савлагаа гарахаас сэргийлэх нөөц хангалттай байгаа. Түүнчлэн Монголбанк ам долларын ханшийг эдийн засгийн идэвхжил өссөнтэйгээр холбон тайлбарлаж байсан удаа бий.
Ханш өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар улам доройтож, үндсэндээ инфляцаас шалтгаалсан ядуурал гэдэг юм бий болж магадгүй байна. Үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдлээс хамгаалж байх учиртай Монгол банкны бодлого зохицуулалт хаана байна вэ.
М.Нэргүй
http://www.zaluu.com/read/2dccd2ceg