Нийтлэл

В.Путин: "Нөхөр чоно хэнийг идэхээ мэднэ, идэхдээ бас яарахгүй”

Хуваалцах:
Хойд хөршийн төрийн тэргүүн В.Путин удахгүй манай улсад айлчлан ирэх гэж байгаа билээ. Түүний айлчлалд Монгол улс өндөр ач холбогдол өгөхөөс өөр арга үгүй. Энэ удаад бид Оросын төрийн тэргүүний намтрын талаар та бүхэнд цухас толилуулхыг зорьлоо.
Ерөөс ингэхэд Путин гэж хэн бэ гэдэг өөрөө их сонин асуулт. Ямартай ч барууны сэтгүүлчид түүнийг Оросын түүхэнд байсан удирдагчдаас хамгийн боловсролтой нь хэмээн онцолдог. Гэхдээ Путин, Сталины дэргэд тийм ч баялаг намтартай, гавьяа зүтгэл болоод нүгэл хилэнцтэй хүн биш. Энд түүний улс төрийн удирдагч ерөнхийлөгчийн хувьд бус харин хэрхэн улс төрч болсон түүхээс сонирхуулъя. Тэрээр Ленинград хотын жирийн ажилчны гэр бүлд төрж нийтийн байранд өсөж торнижээ. В.Путин бол Ельцинээс тэс ондоо хүн. Хүйтэн, эрс шулуун зантай, дүрэм журмыг баримтлах дуртай нягт нямбай эр. Өөрөөр хэлбэл шоу түүний байх орчин биш. Түүнийг сайн таньж мэдэх нэг нь тэр их сахилга баттай бас хэзээ ч архи уудаггүй гэж тодорхойлдог. 1998 онд Холбооны Аюулгүй байдлын албаны даргаар томилогдохдоо тэрээр “Эцгийнхээ гэрт ирсэн юм шиг сайхан санагдлаа” хэмээж байв. Тэрээр хуульч мэргэжилтэй боловч тагнуулын албанд зүтгэж, амьдралынхаа ихэнх он жилүүдийг Зөвлөлтийн КГБ-ийн /УАХХ/ Гадаад тагнуулын албанд ажиллаж өнгөрүүлсэн юм. Орост бүү хэл дэлхийд зартай КГБ-д хамгийн бага албан тушаалаас эхлээд гадаад тагнуулын алба хүртэл бүх шат давхаргыг туулсан хашир “чоно”. Бүхэл бүтэн 15 жил Зүүн Германы Эрфурт, Дрезден зэрэг хотод олон улсын тагнуулын ажил хийж байлаа. Герман хэлийг мэдээж гаргууд эзэмшсэн нэгэн.
Зөвлөлт Холбоот Улс задран унахад Путин КГБ-ээс гарч Санкт-Петербургийн захирагч Анатолий Собчакийн ажлын албанд ажиллах болов. Энэ үедээ Собчакийг хотын төсвөөс хэдэн сая ам доллар дутаасан хэргээс нь аргалж тусалсан хэмээн ярих нь бий. Үүгээрээ Путин Кремль болон дээдсийнхний анхаарлыг татаж чадсан гэдэг. Москвагийн Карнеги төвийн улс төр судлаач Николай Петров түүний талаар хэлэхдээ “Путин хязгаар мужийн удирдагчдыг дарамт шахалтаар эрхэндээ оруулдаг байсан. Түүний хүссэн зүйлийг хийгээгүй үед тэр тэднийг янз бүрийн аргаар дарамталж, дуугүй болгодог байсан” гэжээ.
Мань эр нэгэнтээ “Хүнд нөлөөлөх гурван арга байдаг: дарамтлах, ална гэж заналхийлэх, архидуулах” хэмээн хошигносон удаатай. Тэр бүү хэл Москва хотын дарга Лужковын эхнэр Елена Батурины эсрэг хэрэг болон Ерөнхий прокурор Юрий Скуратовын секс бичлэг зэргийн ард Путиныг байсан гэж ажиглагчид үздэг. Хэдийгээр түүнийг зарим нь коммунист гэдэг ч Чечений асуудлыг шийдвэрлэж чадсан гэдгээрээ олон түмний дунд нэр хүндтэй байдаг. Түүний талаар Зүүн Германы тагнуулын албаны дарга Маркус Вольф хэлэхдээ “Магадгүй Путин гадаад тагнуулд ажилласанаараа өөрийгөө илүү нээж, боловсорсон байх” гэдэг. Ямар ч байсан түүнийг 1998 онд Штазигийн дарга Эрих Милке хүндэт медалиар шагнасан нь ховор тохиолдол байсан гэж тагнуулч нөхөд нь дурсацгаадаг.
Судлаачид барууныхан Путинтэй тохиролцоход их хэцүү, тэр бараг хуучин коммунист арга барилаар хандана гэж үздэг. Ямартай ч Путин олон улсын дэвжээнд гол тоглогчоор тоглож байгаа нь үнэн. Тэрээр нэгэнтээ Америкт хандаж “нөхөр чоно хэнийг идэхээ мэднэ, идэхдээ бас яарахгүй” гэж занаж байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ утгаараа барууны ертөнцийн Орос улстай харилцах харьцаа төвөгтэй байсаар байх төлөвтэй. Ийн их гүрнүүдийн сонирхлын зөрчил цаашдаа ч үргэлжлэх нь ойлгомжтой болж байна. Путин загас барих дуртай. Хэрвээ түүнийг хэн нэгэн үмхэхгүй бол тэр дэгээгээ хаядаг байна.
Ноён Путин гэр бүлийнхээ талаар олон түмэнд нэг их зарлаад байдаггүй. Тэрээр гэргий Людмилатайгаа анх онгоцны үйлчлэгч байхад нь танилцаж гэрлэсэн ба экс тэргүүн хатагтай ч мөн Германд боловсрол эзэмшсэн нэгэн.  Мөн тэднийх 2 охинтой бөгөөд охидууд нь ч гэсэн аавтайгаа адил  герман хэлийг төгс эзэмшсэн аж. Үүнээс үзэхэд Путиныхныг герман маягийн эмх цэгцтэй, дэг журамтай гэр бүл гэж ойлгож болох юм. Аргагүй ясны тагнуулч хүний зангаар В.Путин 1958 онд төрсөн Мария, 1986 онд төрсөн Екатрина хоёроо олны нүднээс чадварлаг нуудаг бөгөөд өдгөө тэд нар нь бизнесийн янз бүрийн салбарт ажил төрөл хийж байгаа юм байна.

Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn
скачать dle 12.0