Нийтлэл

Ё.Батбаяр өөрийгөө С.Зоригийн хэргийн гэрч хэмээн зарлалаа

Хуваалцах:
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр олны анхаарлыг татсан нэгэн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэлээ. Өдгөө түүний бэлдсэн тус нэвтэрүүлэг дахин шуугиан тарьж С.Зориг агсныг хөнөөлгөсөн  захиалагч нь илэрлээ гэж олон ч хүн үзэх болов. 
Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-нд  С.Зоригийн амь насаа алдсан өдрийн орой нэлээд сандарсан эрэгтэй, эмэгтэй хүнийг Нэгдүгээр сургууль орчмоос машинаараа 3 дугаар хорооллын эцэс хүргэж өгсөн тухайгаа ярьж тэднийг С.Зоригийг бүрэлгэсэн хоёр хүн байж магадгүй гэж өнөөдрийг хүртэл хардаж иржээ. Хачирхалтай нь энэ түүхийг Ё.Батбаяр бусдад ярих бүрт нь ямар нэгэн зүйл тохиолдсон тухай дараах нэвтрүүлэгтээ ярьсан тухайг бид ямар ч нэмэлт хачиргүйгээр сийрүүлэн хүргэе.
Нэвтрүүлэг үзэх:
Ерөнхий прокурорын орлогч асан Эрдэнэбатын оролцсон "Цензургүй яриа" нэвтрүүлгийг үзлээ. Маш их зүйл хүлээж байсан боловч ямар ч баримт нотолгоо гаргаж тавьсангүй. Яалт ч үгүй "Энэ хоёр алуурчин мөн юм байна" гэсэн баримт гаргаж тавих байх гэсэн хүлээлттэй байлаа. 
С.Зоригийн хэргийг илрүүлэхэд нэмэр болох болов уу гэсэн нэгэн мэдээллийг дэлгэхээр шийдлээ. Би маш олон хоног бодож байж энэ мэдэгдлийг хийж байна. Энэ мэдээллийг би өмнө нь олон удаа зохих байгууллагад өгөхөөр оролдож байсан боловч хэн ч тоож үзээгүй. Харин нэгэн цагдаагийн албан хаагч "Чиний амь насанд аюултай тул энэ хэргийг мартсан нь дээр шүү" гэж анд нөхрийн хувиар зөвлөж байсан.
Одоогоос 21 жилийн өмнө би өөрөө 24 настай. Гэр бүлтэй болчихсон. Манай том охин ой гаруйтай болчихсон байсан. 1996 онд их сургуулиа төгсөөд шууд гадаадын компанид ажилд орж, цалин мөнгө сайтай, хувийн машин тэрэгтэй ч байсан. Шведийн компани байсан бөгөөд ТЭЦ-3 турбины шинэчлэлийг хийх төсөл байсан юм. Төслийн удирдагч буюу захирал маань монгол эхнэртэй байсан бөгөөд 1997 онд төслөө дуусгаад эхнэрээ аваад нутаг буцсан юм. 
1998 оны аравдугаар сарын 2-ны орой төслийн удирдагчийн монгол эхнэр Шүрээ надтай холбогдож "Амралтаараа Монголд ирчихээд маргааш буцах гэж байна. Өнөөдөр орой уулзъя" гэж ярьсан. Хамт ажиллаж байсан Ариунаатай холбогдож орой нь Улаанбаатар рестораны замын эсрэг талын хуучны хоёр давхар байшингийн нэг давхарт байрлах "Тубор" гэж бааранд уулзацгаасан. Би машинтай явсан тул огт уугаагүй. Ярьж хөөрч сууж байгаад 22:00 цагийн орчимд түрүүлж гарч гэрийн зүг явсан.
Би машинаа УБ рестораны урд талын төв зам дагуу тавьсан байсан. Манай гэр төмөр замд байсан учраас Төв шуудангаар зүүн эргэж, Маршал Чойбалсангийн өвлийн байрны урдуур гарч явтал хоёр хүн гүйсээр гарч ирж, миний машины урдуур орж зогсоож, хүргэж өгөхийг гуйсан байдаг.
Харахад маш их сандарсан хүмүүс байсан. Би юм бодоогүй. Ойр дотны хүн хар нь өвдсөн юм болов уу гэж бодоод хүргэж өгөхийг зөвшөөрсөн. "Хорооллын эцэст очно" гэж надад хэлсэн. Хоорондоо маш их сандарсан байдалтайгаар "Одоо яанаа, одоо яах юм бэ" гэж дахин дахин хэлж байсан. 
Эмэгтэй нь эрэгтэйгээ тайвшруулсан байдалтай явцгаасан... 
Анх С.Зоригийн хэргийн дараа аман зургаар гарч байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүний дүр төрхтэй уг хоёр хүн тун адилхан байсан. Дүрсэлбэл, эмэгтэй нь жаахан бадриун биетэй, урт хар савхин хүрэмтэй. Эрэгтэй нь дан хувцастай байсан санагдаж байна. 6-р бичил хорооллын тэнд бууна гэснээ болиод 3-р хорооллын эцсийн ногоон байрны өмнө буусан.
Тэр хүмүүс анхны газраа буух байсан уу, намайг төөрүүлэх гэж цааш авч явсан уу гэдгийг би сайн мэдэхгүй. Тэр орой нь би телевиз үзээгүй. Маргааш нь ч юу болсныг сонсоогүй. Хүн бүрийн ярьж байснаар бол "Улс төрийн захиалгат аллага" гэж байсан. Би маш их айдастай байсан. Мэдэж байгаа зүйлээ шууд ярьчих юм бол надад аюултай байж магадгүй гээд би дуугай байсан. 
С.Зоригийн орцонд байсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж алуулсан гэдэг юм билээ. Энэ бүхнээс харвал би тухайн үед шууд гэрч болоогүй нь зөв байсан гэж өөртөө дүгнэдэг.
Буцах хаяггүйгээр би олон удаа захиа бичиж цагдаагийн байгууллага руу явуулж байсан. Олон удаа С.Зоригийн хэргийг шалгаж байгаа хүмүүстэй шууд болон шууд бусаар холбогдохыг оролдож байсан...
Би 2007 онд гэр бүлийн хамтаар телевизийн шугамаар АНУ-д ирсэн. 2012 оны есдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн тамгын газарт Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны даргаар томилогдож ажилд орсон. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед.
2012 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр хамт ажилладаг байсан нэгэн залуугийн төрсөн өдөр болж уригдан очихдоо би С.Зоригийн хэргийн гэрч байж магадгүй гээд өөрт тохиолдсон зүйлээ ярьсан. Гэтэл 2013 оны 01 сарын 17-ны өдөр ЦЕГ-аас над руу залгаж хоёр сэжигтэнг хаана буулгаснаа зааж өгөхийг хүссэн. 
Би өөрийн жолоочийн хамт 3-р хорооллын эцэст байрлах автобусны буудлын дэргэдэх газрыг зааж өгсөн. Мөн ЦЕГ-ын төв байранд очиж мэдүүлэг өгөхийг хүссэн. Цаг гаруй хугацаанд мэдүүлэг авсан. Цагдаа-ордон хоёр ойрхон учраас би жолоочоо явуулчихсан байсан. Тэндээс гараад 300 метр орчим яваад ордны зүүн хаалгаар ороход надаас мэдүүлэг авч байсан цагдаа Ерөнхийлөгчтэй уулзах гээд орох гэж зогсож байгаатай би таарсан.
Надаас авсан мэдүүлгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулах гэж байсан болов уу гэж би таадаг. 
Тэр өдрөө Ерөнхийлөгч хаалттай чуулганыг зарласан. Ордонд байсан бүх сэтгүүлчийг ордноос гаргаж, утасны сүлжээ унагасан. Тэр хуралдаанаар ямар асуудал хөндөж ярьсныг би мэдэхгүй. Би "С.Зоригийн хэргийг хаасан байх" гэж таамагладаг. 
Та бүхэн нэг зүйлийг анзаараарай.
-2013 оны дөрөвдүгээр сард Амгаланбаатарыг гэрээр нь оруулсан байдаг. "Өөр хүн амины хэрэг хүлээлгэх гээд байсан юм билээ" гэж ээж нь ярьж байсан. 2013 оны зургаан сараас эхлэн өргөж авсан ээжтэйгээ холбогдож, эмнэлэгт хэвтэж байгаа, хоёр сайн ахтай болсон талаар ярьсан байдаг. Тэр хоёр ах нь тагнуулын хүмүүс байсан бөгөөд хүн тамлан зовоосон, эрүүдэн шүүсэн хэргээр одоо байцаагдаж байгаа.
-2013 оны нэг сарын 17-нд энэ хэргийг Ерөнхийлөгч ерөнхийдөө мэдсэн. 
-2013 оны 6-р сард Амгаланбаатар эмнэлэгт хэвтсэн.
-2013 оны сүүлч болон 2014 онд Чимгээ болон Содномдаржаа нарын гар утас руу мсж явуулсан байдаг. Ямар мсж болохыг та бүхэн санаж байгаа байх. Явсан, ирсэн он сар бүгд нээлттэй болсон. 
-Эдгээр хүмүүсийг С.Зоригийн аллагад сэжиглэж байгаа шийдвэр аль 2004 онд гарсан  гэж Ц.Нямдорж сайд хэвлэлийнхэнд хэлж байна билээ.
Энэ бүх хугацаанд надад Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллах нь маш их эрсдэлтэй санагдаж байсан. Миний араас өдөр шөнөгүй хүмүүс тагнаж байгаа нь мэдэгдэж байсан. Орцны үүдэнд өвлийн шөнө хүртэл  асаалттай машинууд хонодог байсан. Ар гэр маань тухайн үед АНУ-д байсан тул би "өөрийн хүсэлтээр ажлаа өгье" гээд МҮОНРТ-ийн дэд захирлаар шилжсэн. 
2014 оны аравдугаар сарын 22-24 ны өдөр Макаод болсон олон улсын хуралд би МҮОНРТ-ийн Ерөнхий захирал байсан Наранбаатартай хамт оролцсон. Би Наранбаатарт дээрх хэргийн талаар болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай нэгэн мэдээллийг задалсан юм. 
2007 оны долоодугаар сарын 11-нд Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж УБЗ 00-24 гэсэн улсын дугаартай машинтай явж байгаад авто осол гаргасан байдаг. Олон жил түүний жолоочоор ажиллаж байсан Баярсайхан амь үрэгдсэн. Хамгийн хачирхалтай нь Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн төрийн хамгаалалтыг гурав хоногийн өмнө буулгасан байсан. Байнга хамт явдаг байсан төрийн хамгаалалт нь буунгуут ийм осол болсонд би их гайхдаг. Ослын дараагаар Ц.Элбэгдоржийг нисдэг тэргээр Гэмтлийн эмнэлэгт авчирсан бөгөөд тархиндаа хүнд гэмтэл авсан байсан. АНУ, БНСУ руу явсан гэдэг ч, хэн ч мэддэггүй. Харин энэ үед Ц.Элбэгдорж ямар ч гэмтэл аваагүй бөгөөд АНУ-д байх Батсайхан, Оюунсүрэн гэх гэр бүлийн хоёр хүнийд очиж бүгсэн байдаг. "Энэ хэргийг намжтал танайд байя. Та хоёр харин миний тухай гарч байгаа мэдээллийн дор сэтгэгдэл бичиж намайг сайн хүн гэх мэтээр магт" гэсэн байдаг юм билээ.
Мөн миний эргэлзээг төрүүлээд байгаа нэг зүйл бол талийгаач жолооч Баярсайханы охиныг ослын дараа Ц.Элбэгдорж өөрийн нэр дээр өргөж аваад АНУ руу сургуульд явуулсан байдаг. Талийгаач жолоочийн хувьд НАХЯ-нд олон жил ажиллаж байгаад 1990 онд төрийн тусгай хамгаалалт руу шилжсэн хүн юм билээ. Ийм учраас С.Зоригийн хэргийн гол баримтуудыг мэддэг хүн байсан байж магадгүй гэсэн эргэлзээ надад байдаг. Энэ таамгаа би Наранбаатар захиралд Макаод байхдаа хэлсэн.
Хэлсэн шалтгаан нь Наранбаатар захирал Ц.Элбэгдоржтой их ойрын хүмүүс, хоорондоо өдөр бүр утсаар ярьдгийг нь мэдэх учраас миний хэлсэн зүйлийг Ерөнхийлөгчид хэлж таарна. Реакци нь ямархуу байсныг харах зорилготой байсан.
Буцах замдаа би Сөүлээр дайрч тэнд сурч байсан охинтойгоо уулзаад буцсан. Наранбаатар захирал хоёр өдрийн өмнө Монголд очсон байсан. 
2014 оны 11 сарын 01-нд Монголдоо ирж ажил дээрээ очиход миний өрөөний цоож гацаатай болсон байсан. Өрөөндөө орж чадахгүй байсан тул мужаан дуудаж, цоожийг нь эвдэж орсон. Өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь надад илт байсан. Кофе уусны дараагаар миний бие их муудаж, түргэн дуудсан ч ирэхгүй байсан тул би өөрөө эмнэлэгт очсон. Зүрхний цохилт муу, даралт ихссэн байна гээд тариа тарьж, цаг гаруй хэвтүүлсэн. Ингээд гартаа харьсан.
Дараа нь анзаараад байсан миний өрөөг цэвэрлэдэг байсан цэвэрлэгч ажилдаа ирэхээ больсон. 
Үүнээс хойш өрөөндөө би цэвэр ус, кофе уухаа больсон. "Би энд удаж болохгүй юм байна" гэдгийг ухаарч өрөөндөө байсан өөрийн гэх бүх юмаа гэртээ зөөгөөд аваачиж тавьсан. Манай жолооч ч үүнийг гэрчилнэ. 
Манай гэрийн бүргэд хаалганы гурван нугасны дунд нугасыг мултлаад авчихсан байсан. Аваад удаагүй нь илт байсан. Намайг байхгүй хугацаанд гэрийн хаалгыг эвдэж, түлхүүр тааруулж орж, голын нугасыг авсан байсан. Ямар нэг тохиолдолд манай гэрийн хаалгыг хөшиж онгойлгож орох зорилготой байсан байх. 
Ё.Батбаяр: Энэ бүхэн миний бол зөвхөн миний хардлага шүү. /үүнийгээ дахин, дахин хэлэв/ 
2014 оны 12 сарын 08-нд Макаогоос ирээд сарын дараа намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Би гарч явахдаа Наранбаатар захиралтай тааралдаж "Бид хоёрын Макаод ярьсан яриа бичлэгээр байгаа. Надад болон миний гэр бүлд ямар нэг зүйл болбол би чамтай ярина шүү" гэж хэлсэн. Царай нь барайгаад "Би хэнд ч хэлээгүй шүү дээ" гэж хэлсэн. Ингэж хэлсэндээ би их баярласан. Учир нь баримт байгаа гэсэн учраас Наранбаатар тэр үгийг Ерөнхийлөгчид хэлж, тэр баримт намайг бас хамгаалсан юм болов уу гэж би боддог юм. 
2015 оны 02 сарын 04-нд ажилд эргүүлэн авах захирамж гарсан. Н.Оюундарь захирал гэнэт "Чамайг ажилд авах боломжгүй болчихлоо. Дээрээс ийм үүрэг өгөгдөөд байна. Чи өөрөө өргөдлөө өгчихөөч" гэсэн. Өөрөөр хэлбэл, намайг МҮОНРТ-ийн дэд захирлаар эргүүлэн аваад, тэр өдөртөө буцаагаад халсан тушаал гарсан. 
АНУ руу явах нь хамгийн зөв шийдэл байсан тул би татгалзаагүй юм. Энэ бүх хугацаанд манай гэр бүлийнхэн Монголдоо амьдарья гээд 2014 оны сүүлчээр ирчихсэн байсан. "Ийм юм болоод байгаа тул та хоёр буц" гээд 2015 оны 03 сарын 03-нд эхнэр болон бага охин хоёроо буцаасан. Сөүлд байсан охиноо сургуулийг нь хаяулж АНУ руу явуулсан. 
Тэд маань Монголоос яван явтлаа гэртээ хоол хийж идэхээс ч айдаг байсан. Би 2015 оны дөрөвдүгээр сарын эхээр АНУ руу явсан. Явахаасаа өмнө МАХН-ын дарга байсан Н.Энхбаяртай уулзах гээд чадаагүй. Ц.Элбэгдоржийн осолд орсон үе нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн засаглаж байсан үе тул асууж тодруулах зүйлс байсан. Тэр үед Н.Энхбаяр дарга БНСУ-д байсан тул МАХН-ын нэр бүхий албан тушаалтантай уулзаж эдгээр бүх зүйлийг дэлгэрэнгүй ярьж, Н.Энхбаяр даргатай холбогдож өгөхийг хүссэн.
Тэр хүн хариу өгөөгүй. Энэ бичлэгийг хийхийн өмнө өнөөх залуутайгаа холбогдож тэр үед Н.Энхбаяр даргад дуулгасан уу гэтэл "Дуулгасан. Үнэхээр гайхаад байсан" гэсэн хариуг өгсөн. Энэ залуу одоо бас гадаадад амьдарч байгаа. 
2015 оноос эхлэн тагнуулын ажилтан шалтаг гарган Содномдоржаатай дэлгүүрт зодоон хийсэн байдаг. 2015 оны 02 сарын 15-ны өдөр Ц.Элбэгдоржийн зарлигаар Улсын Ерөнхий прокуророор М.Энх-Амгалан томилогдож С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч болсон. 
Тухайн үед би Ц.Элбэгдорж руу "Та авто осолд орсныхоо дараа АНУ-д бүгэж байсан юм уу?" гэх агуулгатай мсж явуулсан. Үүний дараагаар буюу 2015 оны дөрөвдүгээр сарын эхээр Содномдаржаа, Чимгээ нарыг хорьж, хэргийн явц ширүүсэж эхэлсэн нь харагдаж байгаа юм. 
2015 оны тавдугаар сард Чимгээгийн ээжийн хашааг давуулан цогцос шидсэн гэх мэтээр миний өгсөн хоёр мсж-ийн араас энэ хэргийг хэн нэгэнд хүлээлгэж, хэргийг хаах явц түргэссэн болох нь он сар өдрөөр нь хайгаад үзвэл тодорхой байгаа юм. 
2015  оны наймдугаар сарын сүүлчээр Содномдаржаа болон Чимгээ нарыг баривчилж, тарчлаан зовоож, эрүүдэн шүүсэн...
Үүнийг миний хувьд үргэлж "худал" гэж бодож ирсэн... Би цуврал нэвтрүүлгүүд явуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ нэвтрүүлгээрээ би гэрч байж магадгүй, хоёр хүнийг машинаараа буулгасан гэсэн агуулгыг хөндсөөр байсан ч хэн ч анзаараагүй. 
Ё.Батбаяр: Товчхондоо бол С.Зоригийн хэрэгт Ц.Элбэгдорж холбоотой байж магадгүй, Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар нарт зохиомол хэрэг үүрүүлж, хэргийг яаралтай хаах гэсэн улс төрийн зорилготой хэрэг байсан гэж би дүгнэж байна...
Би тэр хоёр хүнийг машинаараа хүргэж өгсөн, өнгөрсөн бүх хугацаанд өрнөсөн бүх үйл явдлыг яагаад өдийг хүртэл хэлээгүй юм бэ гэж надаас олон хүн асуух байх. 
Нэгдүгээрт, Цаг хугацаа нь болоогүй байсан. Магадгүй яг одоо хэлэх цаг хугацаа нь мөн... Одоогоос 5-6 жилийн өмнө үүнийг хэлсэн бол надад хэн ч итгэхгүй байсан. Ц.Элбэгдоржтой холбож ойлгоод байсан. 
Хоёрдугаарт, Магадгүй би тэр үед энэ хэргийг хэлсэн бол амь нас маань эрсдэх байсан байж магадгүй. 
Миний хийсэн судалгаагаар нийт оролцсон хүмүүсийн 99,9 хувь нь "Ц.Элбэгдорж энэ хэрэгт оролцоотой байж магадгүй" гэсэн хариуг өгсөн. 
Намайг буруутгахаас илүү зөвөөр ойлгож хүлээж аваасай. Шинэ прокурортой болсон тул энэ хэрэг нааштай шийдэгдэх байх. 
Надад яагаад халдаж чадаагүй вэ гэж үү. Магадгүй
Манай гэр бүлийн гишүүн АНУ-д байсан. Тэр хэргийг давхар мэдэж байгаа учраас намайг устгавал олон улсын байгууллага гэх мэтэд хандаж, хэргийг улам задлах магадлалтай.
Миний бие АНУ-ын олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн гишүүн сэтгүүлч тул олон улсын анхааралд өртөх вий гэсэн таамаг бас бий. 
Энэ бүхнээс болж би 2013 оноос хойш байнгын айдас хүйдэстэй амьдарч байна. Цаг арай нааштай эргэж байгаа байх гэж би бодож энэ мэдэгдлийг өнөөдөр хийж байгаа юм. Шүрээ болон Ариунаа нар энэ бичлэгийг үзсэн бол надтай холбогдоорой гэж хэлье.  

Ё.Батбаяр
скачать dle 12.0