Онцлох мэдээ

Монголчууд яагаад гадаадыг зорьдог вэ

Хуваалцах:

“Гадагшаа л явж ажиллаж амьдармаар байна. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажиллаад амьдрал дээшлэхгүй юм. Байрныхаа лизинг, банкныхаа зээлийг төлж дийлэхгүй байна. Хэдэн нялх хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө эртхэн шиг гадаад явж ажилламаар байх юм. Хэдэн төгрөг ч байсан хамаа алга. Хээл хахуулийг нь өгөөд хаашаа ч хамаагүй гарчихмаар байна. Чамд таньдаг хүн байна уу.” гэж танил эгч халаглан ярьж байсан юм. Залуучуудын “газар дээрх диваажин” гэж нэрлэдэг гадаад орон Монгол шиг  амар амгалан байж чадах болов уу. Очиход ажил, амьдрах байр, хүссэн цалин чинь таныг угтах уу. Энэ бүгдэд хариулт авахаар  ТУРКТ, СОЛОНГОС, ЧЕХ  улсад амьдардаг гурван хүнтэй холбогдож, доорхи гурван асуултад хариулт авсан юм. Тэд эх орон,  эцэг эх, энхрий үрээ элгээ шимширтэл санадаг ч ирээдүйн сайн сайхныхаа төлөө шүд зуун ажиллаж байгааг уншигчид та ойлгох байх...
1. Та өөрийгөө товч танилцуулна уу.Таны гадаад явах шалтгаан юу байсан вэ. Тодорхой зорилго, шалтгааны улмаас явсан уу. Эсвэл... Эргээд харахад таны сонголт зөв байсан уу.
 2. Гэхдээ гадаадыг зорьсон хүн бүхэн өөрийн хүссэн ажлаа шууд хийдэггүй болов уу. Ихэвчлэн угааж, цэвэрлэх, өргөж, зөөх зэргээр хар бор ажил хийдэг нь анзаарагддаг. Гэр бүл амьжиргаа, үндсэн орлогоо нэмэгдүүлэхийн тулд хийдэг байх л даа. Ер нь аль нэг улсыг зорьсон монголчуудыг очиход хамгийн эхний шат дамжлага нь “хүн”-д зарагдахаас эхэлдэг гэсэн ойлголт бий шүү дээ. Гадаадад амьдардаг монголчууд бие биедээ хэр тусалж, дэмдэг вэ?
 3. Гадаадад гэр бүлээрээ амьдрахын давуу тал нь юу байдаг бол. Хүүхдээ сургуульд хамруулахаас эхлээд хүндрэл тулгардаг байх. Эх орондоо ирж, ажиллаж, амьдрах тухай бодож байсан уу. Хэрэв Монголд байсан бол таны амьдрал одоо ямар байх байсан бол? Гэсэн гурван асуултын хүрээнд хариулт авсан юм.
Т.Ариунтунгалаг: "Ээжээ хүрээд ирээ, хамт амьдаръя.  Би ээж, аавгүй хүүхэд биш биздээ" гэдэг 
 
Турк: Хариулт: 1
Намайг. Т. Ариунтунгалаг гэдэг. Би 27 настай. Турк улсад ажиллаж, амьдраад таван жил болж байна.  Гэр бүлээрээ хамт амьдрах гээд хүүгээ авчирсан. Хуулийнхан дагуу амьдрах, оршин суух зөвшөөрлийн авсан. Гэвч хүү маань дасан зохицож чадахгүй байсаар нутаг буцсан. Хүсээгүй газар нь амьдруулах хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх тал ажиглагдсан.  Тиймээс  явуулахаас өөр сонголт надад үлдээгүй.  Би жилийн өмнө сарын хугацаатай   эх орондоо очоод ирсэн.  Өвлийн улирал эхэлчихсэн болохоор их хүйтэн байсан.  Агаарын бохирдол, утаа, бензин, өргөн хэрэглээний барааны үнэ  таван жилийн хугацаанд таваас илүү нугалагдаж зарагдаж байгаа юм шиг  санагдсан шүү. Амьжиргааны хувьд ч хэцүү , ядуурлын төвшин хэрээс хэтэрсэн тал ажиглагдсан. Европын орныг судалж үзсэн. Ер нь хүүхдээ л нэг номерт тавьдгын байна лээ. Хоёрт эмэгтэй хүн, гуравт нохой, дөрөвт эр хүн гэж ангилдаг юм билээ. Хүүхдийн эрхийг эрхэмлэн дээдэлдэг. Над шиг өрх тойлголсон ганц бие эмэгтэйчүүд Европын оронд амьдарвал аюулгүй нийгэмд амьдрах баталгаатай юм шиг санагдсан.
Хариулт 2: Би сэтгүүлч мэргэжлээр СУИС-ын Радио телевизын сургуулийг төгссөн. Тэгэхээр яалтчгүй мэргэжлийн хүний нүдээр харж, шүүмжилдэг.  Хүний нутагт Монголчууд бие биедээ тусалж, өөдтэй өнгөтэй сайхан явуулъя гэж боддоггүй. Харин ч амжилттай ажиллаж байгаа нэгнийгээ доош нь татдаг. Бие биедээ урам өгч,  харж , хандаж, хайрладаггүй. Жибээлбэл, Манай ажил гэр ойрхон байдаг. Өдрийн цайны цагаар би гэртээ очиж унд уухаар гүйж байлаа. Гэтэл  дөрвөн Турк залуу миний утасыг дээрэмдсэн. Намайг алгадаад, гарыг минь боогоод халаасанд байсан утасыг маань авсан. Утсанд миний амьнаасаа илүү хайрладаг хүүгийн маань зураг, бичлэг байсан. Би өдөр бүр хүүгийнхээ зургийг харж, бичлэгээ үзэж, үрээ санасан сэтгэлээ дэвтээдэг. Тиймээс  би өгөхгүй гээд тэдэнтэй тэмцэлдсэн.  Хүүгийн минь зураггүй, үнэтэй утас байвал би тэдэнд зүгээр өгөөд явуулна. Миний амь наснаас үнэтэй биш ш дээ.  Энэ үйл явдал хэдхэн минутанд болоод өнгөрсөн. Тэгээд би амь авраарай гээд орилж тусламж хүссэн. Гэтэл хажуу талын тагтаараа гурван монгол хүн хараад, зогсч байсан. Хажуугаар ч бас Монголчууд явж л байсан. Хэн нь ч надад туслаагүй.  Элэг нэгтэй хүмүүс байж хараагүй юм шиг дүр эсгэдгийн байна лээ.  Цагдаа дуудаач юм уу, эсвэл боль гэж хэлж болно шүү дээ. Үүнээс гадаадад байдаг монголчууд хэзээч атгасан гар шиг эв нэгдэлтэй, бие биедээ туслаж дэмждэггүй. Харин ч эсрэгээрээ үргэлж атаархаж,  амжилттай яваа нэгнээ муулж, доромжилж амьдардаг.
Ер нь харж байхад 16 настай хүүхдээс эхлээд амьдралаа сайжруулна гээд гадаад орныг зорих нь ихэсч байна. Турк улс бол Исламын Мусалма шашинтай. Хүмүүсийнхэн сэтгэхүй хүртэл арай өөр санагддаг. 80 сая хүн амтай. Сургуульд сурж, боловсрол эзэмшсэн хүн ховор.  Турк улсад оёдлын үлйдвэр их байдаг. Тэгэхээр монголоос эмэгтэй хүмүүс их ирж байна. Энд байдаг эмэгтэйчүүдийн 90 хувь нь өрх толгойлсон 1-5 хүүхэдтэй ээжүүд байдаг.  Нөхрөөсөө салсан эмэгтэйчүүд эхорондоо ажиллаад хүүхдүүдээ тэжээх боломжгүй болоод хүний нутагт  боол хийх гээд ирж байгаа. Дөнгөж насанд хүрсэн охидууд энд ирж ажиллаж байгаад би харамсдаг. Гадаад оронд  ирчихвэл сайхан амьдарна гэж боддог хүмүүс олон. Үнэндээ таны бодсон амьдрал энд угтахгүй.  Дасан зохицож амьдарна гэдэг хэцүү. Мэдэхгүй зүйл олон тохиолдоно, шантарна. Тэр бүхэнд  ээжрүүгээ залгаад “энд хэцүү байна. Би хүний нутагт зовж, зүдэрч амьдарч байна” гэж хэлж  болохгүй. Хэцүү бүхнээ нууна. Аль болох болж  байна, бүтэж байна, ажиллаад амьдраад сайхан байна гэж ээждээ хэлдэг. Тэгэхгүй бол хөгшин хүний сэтгэл нь зовно. Сайхан амьдарч байгаа юм шиг дүр эсгэж, зургаа авхуулж фэйсбүүктаа пост оруулдаг хүмүүс ч бий.
Хариулт 3:
 Мэдээж эх орондоо амьдрах юмсан. Ээж аав, үр хүүхэдтэйгээ хамт элэг бүтэн амьдрах юмсан гэж бодолгүй яахав. Гадаададад амьдардаг  хүн бүхэн эх орныхоо агаараар амьсгалж, усын ууж, элэг бүтэн амьдрах юмсан гэсэн бодолтой явдаг. Би ч бас тийм л бодолтой явдаг. Гэхдээ эх орондоо амьдарч байсан бол миний амьдрал ямар байх бол гэж бодож үздэг.  Ямар ч байсан өнөөдөр шиг боломжийн амьдарч чадахгүй байх.  “Ээжээ та яагаад намайг жаахан байхад орхиод явчихсан юм бэ” гэж хүү маань асуудаг. Тэгэхээр нь Монголд амьдархад хэцүү байсан. Чамайг тэжээхийн тулд, илүү сайн сайхан амьдруулахын тулд ээж нь энд ажил хийж байна гэж хэлэхээс өөр үг олдодгүй юм. Өөрийгөө өмөөрөнгүй хариулт хэлж байгаадаа хүүгийнхээ өмнө гэмшиж, сэтгэл сэмэрдэг. Үнэхээр надад хүний нутагт очиж, боломжийн цалинтай ажил хийхээс өөр сонголт байгаагүй.  Таван жилийн турш цаг наргүй хөдөлмөрсний хүчинд хүүгээ болон аав ээжээ боломжийн амьдруулж байна. Хэрэв эх орондоо ажиллассан бол 3-4 хүнийг тэжээгээд, хувцаслаж чадахгүй шүү дээ. Хүүгээ орхиод хүний нутгийг зорьсондоо гэмшдэг болохоос, ажил хийж амьдралаа дээшлүүлж байгаадаа харамсдаггүй.
Хүү маань 7 нас хүрэх гэж байна. “Ээжээ хүрээд ирээч хоёулаа хамт амьдаръя. Хурдан ир. Би ээж аавгүй хүүхэд биш биздээ”гэдэг. Энэ үгийг сонсохоороо элэг зүрх эмтррэх шиг болдог.  Би хүүгээ ой  гарантай байхад нь амьдрахын эрхээр алс холыг зорьсон. Одоо хоёрдугаар ангид сурдаг. Мундаг том хүү байна.  Хүүгээ маш их санадаг. Хүүгийнхээ формыг өмсгөөд, хичээлд нь хүргэж өгөх юмсан гэж боддог. Цэцэрлэгийнхээ концертод оролцож байхад нь нэг ч удаа харж байгаагүй. Бага насныхан хамгийн сайхан дурсамжыг нь би харж чадаагүй. Энэ бүхэнд үнэхээр харамсдаг.  Эх үр хоёр хол байх хамгийн аймшигтай зүйл.
Монголдоо очоод сэтгүүлч мэргэжилээрээ ажиллахаар цалин багатай, цаг наргүй ажиллах шаардлага гарна.  Ардаа олон ам тэжээж байгаа хүн сэтгүүлчийн цалингаар амьдарч чадахгүй шүү дээ.  Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцох залуу боловсон хүчин би 21 настай их сургууль төгчихөөд хүний нутагт ирээд боолын хөдөлмөр хийгээд амьдарч байна. Ажлын байр, цалин хангамж сайтай байсан бол нялх үрээ орхиод хүнд дээрэлхүүлж энд ажиллах шаардлага надад байхгүй шүү дээ.  Надад үнэхээр харамсалтай санагддаг. Хүүхэдтэйгээ өнгөрүүлэх дурсамж дүүрэн өдрүүдээ хүний нутаг ажиллаж, хүүгээ санаж бэтгэрч өнгөрүүлж байна. “Хүүгийнхээ төлөө би хөдөлмөрлөж” байна гэх бодлоор  гэмшлээ дарж амьдардаг.
Монгол Улсын иргэн хүний хувьд Ерөнхийлөгч болон УИХ-ын хэдэн сайхан эмэгтэй гишүүддээ хандаад хэдэн үг дайя.  Эх орноо хөгжүүлэх, ирээдүйтээ боловсон хүчин болсон залуучуудаа хүний нутагт боолын хөдөлмөр хийлгэхээр битгий явуулаач.  Ажиллаж амьдрах орчин нөхцлийн бүрдүүлж, хангалттай цалин өгдөг болгооч гэж гуймаар байна.  Мөн эх үрийг битгий амьдын хагацал дунд амьдруулаач. Өрх толгойлсон ээжүүдээ дэмжээч ээ гэж хэлмээр байна. Залуучуудаа хүний нутагт ажиллаж, амьдрах гэж тэмүүлсэний хэрэггүй чиний хүссэн орчин энд чамайг угтахгүй шүү.  Мэдлэг, боловсрол чадвартай залуучууд  лалын шашинтай оронд барлаг болж амьдрах нь харамсалтай. Би бол хүүгийнхээ ирээдүйн сайн сайханы төлөө өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл ажилладаг эх хүн.
Г.Эрдэнэсувд : Монголдоо байсан бол ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд зогссон эмч байх байсан болов уу
 
 
Хариулт 1: Намайг   Дамбийнямын   Эрдэнэсувд   гэдэг.  Миний хувьд Солонгост амьдраад 12 дах жилтэйгээ золгож байна. Их сургуулиа төгсөөд хоёр жил дадлагажигч эмчээр ажилладаг   байхдаа хотод өрхийн эмчээр хуваарилагдаад байсан. Тэр үед ах маань Солонгост ажиллаж, амьдарч таарсан болохоор өндөр хөгжилтэй оронд суралцахаар зорьсон. Бүх   зүйл нь сонин   содон   санагдаж   байсан ба   өнгөлөг   гэрэлтэй  харагдажбайсан. Тухайн үед нутгаасаа хол хүний нутагт хоол унданд нь дасахгүй, талх нь хүртэл хөөсөн чихэр шиг нэгүмхээд л орчихдог идэнгэгүй санагдаад манай монголын хүнс үнэхээр байгалиараа чанартай байдгийг ойлгож билээ. 2007-2008онд Сөүлийн Кванг Үн их сургуулийн хэлний курсд жил сурсан. Ирээд гурван цагийн зайтай Гуанжу гэдэг Сөүлийн хажуугийн мужаас сургуульдаа үүрийн тавн цагт босч метро автобус дамжин явдаг байлаа. Сүүлдээ сургуулийнхаа хажууд нүүж ирэн хэлний курст байхдаа хажуугаар нь   ажил   хийж   сургалтын   төлбөрөө   олдог   байлаа.   Энэ   үеэс   жинхэнэ Солонгос   ямар   ажилч   хичээнгүй   хөдөлмөрч   улс   вэ   гэдгийг   зах   зухаас   нь   мэдэрч   эхэлсэн.
Нэг зүйлдээ зүрх  сэтгэлээ зориулж  чаддаг  түүнийхээ  төлөө  уйгагүй   тэмцэж   зүтгэж   чаддаг   үнэнчхариуцлагатай ард түмнээс суралцах зүйл асар их бий. Одоо ч суралцасаар л байна. Хоёр дах эх орон мааньСолонгос улс болсон байна.
Хариулт 2: Ямар зорилгоор тухайн улсыг зорьсон бэ гэдгээс их зүйл шалтгаална. Миний хувьд анх илүү сайн боловсрол  эзэмшиж, мэргэжлээ ахиулахаар   ирсэн. Академик боловсрол эзэмшиж буй хүн ажил хийхээр ирсэн хүн хоёрын харьцаж буй хүрээлэл орчин асар ялгаатай. Боломжууд нь хүртэл өөр болоод ирдэг. Ингээд бодохоор тухайн   орны   хэл   усыг   сайн   сурсанаар   сургалт   дамжаанд   хамрагдан   гарцуудыг  судалж эхэлснээр арай ахиу цалинтай мэргэжлийн дагуу биш юм гэхэд оффисын зэргээр арай хөнгөн сонирхолтой ажилд орж чадаж байгаа болов уу. Монголчуудын   хувьд   Солонгост   амьдрал   ахуйгаадээшлүүлэхээр   ирээд   харладаг   тохиолдол   их   гардаг. Одоо   үед  хараар  амьдрана   гэдэг  асар эрсдэл дагуулдаг. Хууль бусаар ажиллаж амьдрахыг хориглодог болохоор шахаж гаргах олон аян  өрнөдөг. Хууль   бусаар   амьдарч   ажиллахад   хувь   хүний   өөрийн   эрх   зөрчигдөж нийгмийн бүхий боломж нь хаагдмал болдог. Визээ л хадгалж авч үлдэх гарцыг хайж байгаасай гэж монголчуудаасаа хүсмээр байна. Хэл мэдэхгүй бүх л хүмүүс эхлээд шат дамжлага нь угааж цэвэрлэх зөөх ачих гээд Солонгост хамгийн хүнддээ ордог ажлаас эхэлдэг нь үнэн.Оршин суух визний төрлөөсөө шалтгаалж ажил хийж   болох   үгүйг   нь   тусгасан   байдаг. Үүнээс   шалтгаалж   олдсон   ажил   л   байвал юу ч хамаагүй хийдэг. Хөдөлвөл хөлс гэдэг нийгмийн тогтолцоо тул хэн хөдөлнө тэр нь сайн амьдрана гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг бас л чанга хатуу нийгэмтэй улс шүү. Оюутнуудын   хувьд   ажлын   цагийг   нь долоо хоногт  20-40 цаг   гэж  заагаад   өгсөн   байдаг.
Ер нь бол хаана ч ялгаагүй тухайн орныхоо хэл соёл ёс заншлыг түргэн л  ойлгож  дасан   зохицож   чадвал   тэр   хэмжээгээрээ   өөрийнхөө   боломж бололцоонд  тааруулж  хурдан  хүссэн  үр  дүндээ  хүрч  болно  гэж  боддог. Хүний нутаг хатуу ч зөв явж чадвал харин ч зөөлөн өлгийдөөд авах орон юм уу даа гэж хардаг шүү.
Хариулт 3: Хүний нутагт гэр бүлээрээ элэг бүтэн амьдрана гэдэг хамгийн аз жаргал. Мэдээж өртөг өндөртэй оронд зохицож амьдарна гэдэг амаргүй ч үр хүүхэдтэйгээ хамт байна гэдэг л аз  жаргал юм  шиг. Эхэндээ   хүүхдээ  яах  хаана   ямар   сургууль  соёлд   оруулах  ажлын цагтай цэцэрлэг сургуулийн цагийг тааруулах гээд зөндөө л асуудлууд тулгардаг  ч   яг цагаа тулаад  хүн   үр  хүүхдийнхээ төлөө бүгдийг зохицуулж сурдаг  л  юм  байна. Гэр бүлээрээ хамт амьдарснаараа үр хүүхдээ өөрсдөө бие дааж өсгөн эцэг эх үр хүүхдийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн төлөө илүү их чармайн хичээж үүргээ ухамсарлан, хүүхдүүддээхоёрдогч орны хэл соёл сургах нэг боломж нээгдэж байна гэж боддог. Гэхдээ аливаа юм хоёр талтайн адилаар бас нутаг ус хэл ёс заншлаа мартах ах дүү хамаатан саднаа мэдэхгүй хөндийрөх олон зүйлс бас тулгарч байна. Гэр  бүлээрээ  амьдрахад зугаа цэнгэл гэж мартдаг. Алт шиг цагийг  зөв  зүйтэй үрбүтээлтэйгээ гэр бүлтэйгээ өнгөрүүлэх л хамгийн дээд амралт болдог. Солонгосын хувьд хаа очиж дунд сургуульд хуулиараа гадаад дотоодын бүх хүүхэд ерөнхий   боловсрол   эзэмших   ёстой   учраас хангамж сайтай санагддаг. Дунд анги хүртэл үнэгүй байдаг. Цэцэрлэг нь хувийн улсынх гэснээрээ  ялгаатай. Гадаад   хүүхэд   төлбөртэй   сурдаг.  Монголын   шиг   шахуу  системээр сургахгүй. Илүү  бодит тухайн нөхцөлд очиж танилцаж суралцах  байдлаар сургаж бие даах сэтгэн бодох амьдрах ухаанд сургаж баг хамт олноор нь нэгтгэдэг.
Бага сургуульд хэлний бэрхшээл байвал тухайн орных нь буюу монгол багшийг авчраад хэл заадаг систем хүртэл хэрэгжээд эхэлсэн байна. Цаашид үр хүүхдийн ирээдүй бусад олон хүчин зүйлсийг бодож үзээд монгол эх орондоо очиж ажиллаж амьдарна гэсэн бодол үргэлж дагаж явдаг ч яг шууд очиход эдийн засаг нийгмийн байдлыг харсаар сунжирж байгаа нь үнэн ч удахгүй мэргэжлээрээ эх орондоо ихийг хийнэ гэжнайддаг. Үр хүүхдээ зөв төлөвшилтэй ирээдүйд эх орныхоо төлөө их зүйлс хийх нийгмийн сайн сайханы төлөө ажиллах сайн иргэн болгож төлөвшүүлэхийн тулд эцэг эх бид байнгын хараа хяналт тавьж нутаг устайгаа ойрхон байлгаж эх хэлийг нь мартуулалгүй зааж сургаж байх нь гадаадад амьдардаг монголчуудын үүрэг мэт санагддаг. Монголоо алдахгүй байх гэдэг л чухал байна. Монголдоо магадгүй байсан бол тангараг өргөсөн эмчээ хийгээд явж байх байсан болвуу. Одоо ч оройтоогүй. Удахгүй   Монголын   ард   түмнийхээ   эрүүл мэндийн төлөө их зүйлийг сураад очиж ажиллана гэж боддог.
 
О.Долгорсүрэн: Эх орондоо авч чадахгүй боломж буюу Чехийн банкнаас 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой
 
Чех: О.Долгорсүрэн:
Хариулт 1:  
Эргээд харахад зөв сонголт байгаагүй. Цалин мөнгө хангалттай байгаагүй болохоор Чех улсыг зорих сонголт л байсан. Амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд ирсэн.  Гадагшаа гарсан хүн бүр ямар шугамаар гарснаас шалтгаалж хийх ажил нь өөр өөр байдаг.  Манай гэр бүл гэрээгээр ирсэн. Тэгэхээр хүндрэлтэй зүйл байгаагүй.Би суудлын бүрээс оёдог үйлдвэрт ажилладаг. Ажлаа хийгээд сурчихсан болохоор хүнд, хэцүү санагдадгүй.  Ажлын найман цагаар долоо хоног бүр өөр, өөр ээлжинд ажилладаг.  Илүү цагаар ажиллах боломж тэр бүр олдодгүй.  Гэрээгээр ирсэн болохоор өөр цагийн ажил хийж болохгүй. Тэр нь жаахан хүндрэлтэй санагддаг.
Хариулт 2:  Тэгнэ шүү дээ. Мэдээж хар бор ажил хийдэг.  Оёдлын үйлдвэр,
Хариулт 3:  Гэр бүлээрээ амьдарч байгаа болохоор арагшаа санаа зовох нь бага байдаг. Олсон хэдэн төгрөгөөрөө нааш, цааш нь хуваахгүй хадгалах боломжтой. Хуулийн дагуу гэрээгээр ажиллаж байгаа болохоор хүүхэд сургуульд болон хүссэн сургалтад хамрагдах боломжтой. Сургуульд суралцуулж, сургалтад хамруулахад хүндрэл байдаггүй. Чех хэлийг сайн мэдэхгүй болохоор хүүхдэдэд туслах багшаар хичээл заалгана. Хүүхэд хичээлээс гадна хүссэн бүх дугуйландаа сууж болно. Ямар ч үнэ төлбөргүй.
Эх орондоо очиж, ажиллаж амьдрахыг хүсдэг. Гэхдээ төлөвлөөгөөнийхөө дагуу хувийн аж ахуй ажиллуулах санхүүжилтээ босгох гээд нөхөртэйгөө хамт хөдөлмөрлөж байна. Чех хүмүүс биднийг хүний нутагт амьдарч байна гээд дарамталж, дээрэлхээд хавчаад байдаггүй. Харин монголчууд өөрсдөө их асуудал тарьдаг. Архи пиво эр эмгүй хэтрүүлэн хэрэглэж, хэрэлдэж, зодолдоно. Хэл ам байнга тарьж, бусдийгаа хорлоно. Хүнээс гарах ёстой муу муухай ааш авирыг энд манайхан л гаргадаг. Чех улсын хуулинд орой 22:00 цагаас хойш чимээ шуугиан гаргахыг хатуу хориглодог юм. Гэтэл энд амьдардаг монголчуудын шоу цэнгээн яг 22.00 цагт эхэлнэ. Үнэнийг хэлэхэд монголчуудыг амьдруулах түрээсийн байр байтугай пивоны газар ч энд байхгүй.
Нэгнийгээ сайн явах, амжилттай ажиллахад нь Монголчууд үнэндээ дургүй байдаг. Яагаад нэгнийгээ дэмждэггүй хүмүүс вэ гээд чех захирлууд аргаа бардаг.Энд манайхан шар айрагыг цай шиг уудаг. Монгол хүний жинэхэн зан чанар хүний нутагт харийн гүрэнд гардаг гэж би боддог. Манай хотод л гэхэд албан бус тоогоор 2500 орчим монгол хүн  амьдарч байна.  Чингисийн удамт Монгол гэдэг сайхан нэрийг муутгаж байна. Ямар ч нэргүй. Монголчууд цөөхөн амьдардаг хотод очиход Чехүүд их сайхан угтаж авдаг. Тэгээд удалгүй тарийн таниад ирэхээрээ үзэн ядаж эхэлнэ.  Тэгэхэд төлөг гэггдэг Вьетнамчууд манайхны дэргэд үнэхээр сайхан амьдардаг. Бие биенээ их сайн дэмжиж, хамгаалдаг. Нэг үйлчилгээний газар ажиллуулж байгаад нэгэндээ үлдээгээд дахиад өөр газар ажиллуулж үргэлж нэгэндээ тусалдаг нь анзаарагддаг юм.
Гэхдээ бүх зүйл хоёр талтай учир сайн сайхан бахархмаар амьдардаг хүмүүс ч байгаа. Энд монголчууд эх орондоо авч чадахгүй боломжыг авдаг. Тогтсон ажил, орлоготой болохоор Чехийн банкнаас 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой. Энд амьдардаг монголчуудын ихэнх нь зээл авч, монголдоо өөрийн хүссэн үйлдвэрлэл эрхлээд зээлээ төлөөд санаа амар амьдардаг.Тэгэхээр нэг гэр бүлийн хоёр хүн 100 саяын зээл авах боломжтой гэсэн үг. Бидэнд хэзээч монголын банк 50 сая төгрөг зээлэхгүй шүү дээ. Тэгэхээр монголд олдохгүй боломжыг энд авч ашиглаад амьдрал ахуйгаа дээшлүүлж байгаа олон хүн байна.  Хамгийн харамсалтай зүйл нь зээл авчихаад ор сураггүй зугтаад алга болчихдог хүмүүс байна. Тийм хүнээс болоод бидэнд итгэх итгэл нь алдардаг. Дараа нь ирж ажиллах нэгнийгээ боддоггүй.
С.Ичинхорлоо
скачать dle 12.0