Онцлох мэдээ / Нийтлэл

Тавин га-д бослого гаргах нь, таван тэрбум долларын эсрэг бол дайн хийх нь ээ

Хуваалцах:

Монголын нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмж байгуулах зөвшөөрлийг Хятадын "Тяньжин Фүүдс" компанид өгсөн мэдээлэл гарч сошиалаар нэг юм болж байна. Нийгмийн сүлжээ хүмүүст тийм их нөлөөтэй нь үнэн юм бол бараг бослого гарах нь. Бүгд л гар утас, компьютерийнхээ ард босоод зогсчихсон бололтой.
Энэхүү 50 га газрыг Хятадын компанид эзэмшүүлэх болсон нь хэн нэг эрх мэдэлтний дурын шийдвэр биш байх аа. Манайх зөрүүлээд Хятадын боомт дээр өөрийн газартай болох юм шиг байна. Нарийн учир нь удахгүй тодорхой болно биз. Энэ төр засаг чинь эргүү тэнэгүүдээр дүүрчихээгүй болохоор хоёр хөрштэйгөө “Танайх тэр асуудлаа тэгж шийдвэл, манайх тэгнэ” гэсэн яриа хөөрөө, гэрээ хэлцэл басчиг хийнэ. Тэр бүгдийгээ нийгэмд тайлбарлаад байх албагүй. Дэлхийд ч тийм практик байхгүй, ард түмэндээ нээлттэй байлгахаа байлгадаг, бусдаар далан булчирхайгаа тоочдоггүй. Энэ л хүрээнд 50 га газрын асуудлыг шийдсэн юм шиг байна. Үүгээр нь Хятадад дургүй тодорхой хэсэг дээр зарим хүн улс төр хийж байх шиг.
Сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийлээ. Зарим хүний муу амлаад байсан шиг ганзага хоосон ч ирсэнгүй ээ. Өмнө Ерөнхий сайдын айлчлалаар яригдсан асуудлуудыг баталгаажуулж, мөн өөрөө өмнө нь ШХАБ-ын уулзалтад оролцохдоо Хятадын даргатай ярьж байсан ажлаа цэгцэлж, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн гэрээ хэлцэл, санамжуудад гарын үсэг зураад ирлээ. Яг албан ёсоор мэдээлээд байгаа төсөл хөтөлбөрүүдийг нь хүргэе. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, Монголд “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэх “Эрдэнэс Стийл” компани, Хятадын “Синостийл Экүйпмэнт энд” Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр, Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монголын “Цэцэнс Майнинг энд Энержи” компани болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын гэрээ, Монголын “Гангар инвест” компани, Хятадын “СAMC Инженеринг Чайна” компани хоорондын “Шинэ амгалан хоороллын төсөл” хэрэгжүүлэх гэрээ, хоёр улс хоорондын 2019-2022 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хятадын Төмөр замын ерөнхий компани хоорондын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох тухай хэлэлцээр, мөн “Иш Ноён Бадрах” ХХК болон Хятадын Хөбэй мужийн "Хайфу акумляттор" ХХК хоорондын хамтын ажиллагааны гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ, Монголын “Мошеа Эко Энержи” компани болон Хятадын “Үндэсний техникийн импорт-экспортын корпораци” (CNTIC) хоорондын хамтын ажиллагааны гэрээ... гэхчлэн эдийн засгийн төсөл гэрээнүүдийг албан ёсжуулжээ. Үүн дээр нэмэгдээд урд хөршийн дэмжлэгээр барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл ахицтай ажиллаж байна. Монголд болох Азийн хүүхдийн спортын их наадамд зориулан Хятадын тусламжаар барих Спортын иж бүрэн цогцолбор, комплексын бүтээн байгуулалт байна. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байгаа. Мөн Монгол Улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авсан. Үүний үр дүнд нүүрс үнэтэй, махны экспорт урьд хожид байгаагүй өндөр байгааг эдийн засагчид ярьж байгаа. Ийм байдлаар цааш явбал 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ гэж төр засгийн түвшинд ярьсан нь бодитой болох нь.
Ерөнхийлөгчийн айлчлалаар хийгдсэн төсөл хөтөлбөр, гэрээ хэлэлцлүүдийн нийт мөнгөн дүнг урьдчилсан байдлаар багцаалахад эрт байна. Зөвхөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барих өртөг гэхэд урьдчилсан байдлаар таван тэрбум доллар гэж дуулдах юм. Энэ бол том тоо, том эдийн засаг шүү дээ. Энэ нь Хятад бол Монголд хөрөнгө оруулаад сурчихсан улс гэдгийг баталж байна. Дэлхий нүдээ бүлтийлгэн харж, мөнгө, зах зээлийг нь ашиглахын бөөн хүсэл байгаа БНХАУ-ыг монголчууд хангалттай ашиглаж, том бүтээн байгуулалтуудыг тэдний дэмжлэгээр хийж, валютын урсгалыг Монгол руу чиглүүлэх цаг болжээ. Алийн болгон “Аа муусайн хужаа нар” гэж тэнэгтэж суух юм. Мэдээж том төслүүдэд манайх газар өгнө. Олон олон боломжуудыг тэдэнд олгоно. Энэ бүгдийн эсрэг өнөө Хятадыг үзэн ядах өвчин, сошиал дахь нөхдүүдийн хийрхэл, улс төрчдийн турхиралт явагдвал яах юм бэ, 50 га газрын төлөө бослого гаргах гэж байгаа хүмүүс чинь таван тэрбум долларын өөдөөс дайн дажин хийх үү. Нийгмээ үймүүлэх үү. Үнэндээ энэ бүх заваан зүйлс бол хэдхэн хүний хийрхэсэн улстөржилтөөс эхтэй, манай том дарга нараас эхтэй юм. Монголын эрх мэдэлтнүүд улс төр хийхдээ дандаа Хятадын эсрэг хийдэг. Хийсээр ч байгаа. Жишээ нь, Хятад руу амьдаар нь адуу экспортлохгүй, сүлдэндээ мөнхөрсөн амьтныг муу сайн хятадын хоол болгохгүй ч гэх шиг. Төмөр зам баривал танк орж ирээд үндэсний аюулгүй байдалд занал учруулна ч гэх шиг. Ер нь л Хятадын эсрэг ард түмнийг турхирч болох юу л байна, бүгдийг нь манай улс төрчид ярьж, орилж чарлаж, урд хөршөө үзэн ядуулдаг. Энэ муухай улс төрийн “гай”, хөрш рүүгээ хийсэн мунхаглалын чинь үр дүнд ард түмэн чинь “50 га газрын төлөө” гээд босоод зогсчихсон орилж байна. Та нарын ажлыг хийлгэхгүй байгаа биз дээ. Өөрсдийн чинь тарьсан гай өөрсөд дээр чинь эргээд бууж байгаа нь энэ. Тэгэхээр урд хөршөөрөө улс төрждөгөө л больчих. Болихгүй бол Монгол улс хохирно. Та нарын буруу улс төржилт, попорсны гайт үр дагаврыг та нар өөрсдөө цаашид улам ихээр хүртэх болно. Сая Ерөнхийлөгчийн айлчлалын гэрээ хэлэлцээрийг хийх үеэр албан бусаар эмзэглэмээр зүйлс яригдсан нь дуулдаж л байна. “Хятадаас өнгөрсөн хугацаанд Монгол Улсад очсон зээл тусламж, хөрөнгө оруулалтуудын 57 хувь нь хулгайлагдсан” гэж. Энэ бол Хятадын том даргын манайхны чихэнд шивнэсэн үг. Хятад бол их бага бүх хөрөнгөө хаана байгаагаа мэдэж байдаг ард түмэн. Даашинхүүгийн пүүсийн өрийн данс одоо хэр нь Тайванийн архивт байдаг гээд бодчих. Саяны айлчлалаар бол ерэн оноос хойшихыг ярьсан байлгүй. Энэ мэт шивнээг манай дарга нар ирээд ярихгүй гүлдийгээд байгаа харагдана. Ингэж гүлдийгээд байгаа чинь ч учиртай. Та нар дараагийн улс төрөө мөн л ингэж хийж, ингэж хийрхэж, ард түмнийг үймүүлэх гэж байгаа учраас тэр юм. Бүр тодорхой хэлбэл дахин сонгогдох нэг технологи чинь Хятадыг үзэн ядах сэтгэлгээн дээр улс төр хийж тоглох чинь шүү дээ. Гэтэл хятадууд монголд ямар гай тарьсан юм бэ. Жишээ нь, үүнийг уншиж суугаа таны амьдралд хятад хүн муу зүйл хийсэн үү. Хятадуудыг үзэн ядалт дэврэхийн хэрээр Монголын эдийн засаг хумигдаж, хөрөнгө оруулалтууд зогсож (Монгол Улс дахь хоёр дахь том хөрөнгө оруулагч шүү дээ), Монголд бүтээн байгуулалтын ажил явагдахгүй байна. Дэлхийд Хятад улс л хөрөнгө оруулалтыг хамгийн баавартай, хөрөнгөлөг хийж байна. Дэлхийн бүх улс орон Хятадын мөнгийг гуйж, зах зээлийг нь ашиглахыг хүсч, зорьж тэмүүлж байна. Ийм байтал хаяа залган суугаа монголчууд нөгөөдүүлээ зүхэж, яваад барагдахгүй их газартай байж “50 га-г өглөө” хэмээн бослого гаргах шахуу юм болж байгаа нь дэлхийд өөрсдийгөө үнэхээр тэнэг харагдуулж байна. Манайхаас өөр улс орнууд бол хятадууд “50 га газар ашиглая” гэвэл бөөн баяр болж “50 га хэрэггүй, 500 га-г ашигла” гэж хэлнэ. Зөрүүлээд таван тэрбум ам.долларын наймаа ярина.
Үнэн ийм л байгаа болохоор өнөөдрөөс эхлэн Монголын улстөрчид хятадаар улс төр хийдгээ боль, төрийн өндөрлөгүүдийн зүгээс ямар ч нам эвсэл, хөдөлгөөн, холбоо, олон нийтийн байгууллага хятадаар улс төр хийхгүй байхыг уриалж, өөрсдөө үлгэрлэж, “Монгол Улсыг эзэлнэ” гэдэг хүүхдийн гэнэн сэтгэлгээнээсээ нийгмийн тодорхой хэсгийг салгах ажлыг өрнүүлмээр байна. Энэ асуудалд ухаалгаар хандах цаг болжээ. Бидний Хятадын эсрэг хандлага бүхэн Монголын тусгаар тогтнолд аюул учруулж, эдийн засгийг сульдааж, бүр дэлхийгээс тусгаарлах хэмжээний хор хохиролд хүргэж мэдэх нь. Та бүхэн Олон улсын өнөөгийн байдлыг тогтож сайн хар, мэдэр. Хятад улстай ухаалгаар харьцаж, хамтран ажиллаж чадаж байгаа улс орон бүхэн мөнгө олж, ашиг тусыг нь хүртэж, улс орноо өөд нь татаж байна.
Эцэст нь хэдэн зүйл хэлье. “50 га газар” бол Хэнтийн нөхөн сонгууль, У.Хүрэлсүхэд зориулсан сошиалаар дэвэргэж буй улс төр. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулгын Хятадад хийсэн айлчлалын үр дүн бол урдаас үй олон хятад орж ирэх биш, харин урдаас үй олон мөнгө орж ирэх боломж нээгдлээ гэсэн үг. Гуравдугаарт, Хятадын хөрөнгө оруулалтыг төрийн бодлогоор шинэ түвшинд гаргах цаг болжээ. Дөрөвдүгээрт, монголчууд нийтээрээ хятадад хандах хандлага, сэтгэлгээндээ өөрчлөлт хийх цаг болсон байна. Эцэст нь хэлэхэд монголчууд усан далайд гарцгүй байж болно. Далайн тээвэр юунд хэрэгтэй вэ гэвэл том зах зээлд бараа таваараа хямд зардлаар хүргэх, тэндээс бараа таваар авахад л ач холбогдол нь оршдог. Тэгвэл монголчууд усан далайгүй ч дэлхийн хамгийн том хүн далайд гарцтай орон. 1,3 тэрбум хүнтэй зах зээл хамар дор маань байна. Дэлхийн бүх улс орнууд Хятад хэмээх хүн далайд сэлэхийг, загас жараахай, шүр сувд шүүрэхийг хүсч, тэмүүлж, хөдөлмөрлөж байхад бид өөрсдийнхөө байгаа царайг хар даа. Дэлхий биднийг галзуучууд гэж ойлгочих гээд байна шүү дээ.
Өдрийн сонин
скачать dle 12.0