Улс төр

Монголын улс төрд Хэнтийгээс ирэх “бэлэг”

Хуваалцах:
Ерөнхийлөгч Х.Баттулга долоохон сарын хугацаанд хоёр дахь удаагаа УИХ тарахыг шаардсан нь У.Хүрэлсүхийн эсрэг баримталж буй онцгой байр суурь болж харагдав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын 76 дахь, МАН-ын бүлгийнхээ 65 дахь суудлыг өөрөө бөглөхөөр шийдэж, түүний удирдаж буй нам нэр дэвших үйл явцыг нь саадгүй баталгаажуулж өглөө. Гэвч УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт товлоод буй нөхөн сонгууль болох, эсэх нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж байна. 
“Бандааш” Д.Гантулгын УИХ-д гаргасан өргөдөл Монголын ширэн нүүртэй улс төрд ёсзүйн жишээ болж үлдсэн билээ. Харин одоо УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг нь ёсоор болгосон УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний тогтоол Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Цэц хянан үзэж байна. “Д.Гантулга гишүүн чөлөөлөгдөх хүсэлтдээ чухам ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо тодорхой дурдаагүй байсныг УИХ хүлээн авсан” гэж Цэцэд гомдол мэдүүлэгч Д.Ганхуяг үзсэн. Д.Гантулга УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа олон нийтийн дунд дэлгэсэн шившигт “бандаашныхаа” дуулианыг тэсвэрлэх аргагүйд хүрч, хууль тогтоох байгууллагад үргэлжлүүлэн ажиллах нэр төргүй болсон учраас өөрийн хүслээр парламентыг орхихоор шийдсэн нь тун ч ойлгомжтой явдал байв. Түүнчлэн судлаач Д.Ганхуяг нөхөн сонгуулийн өмнө гэнэт хэний захиалгаар Цэцэд хандав гэх асуулт урган гарсан. Тэр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад албан тушаалыг нь буцаан олгож өгөхийн төлөө ч юм уу, эсвэл түүнийг чөлөөлөх тогтоол гаргасных нь төлөө УИХ-ын нэр хүндийг унагах гээгүй болов уу. Харин нөхөн сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай нэгнээс болгоомжлогч талын сонирхол шингэсэн байхыг үгүйсгэхгүй. 
Цэцийн дүгнэлтийг хүлээх зуурт нөхөн сонгуулийн өмнөх үйл явц хуулийн дагуу үргэлжилж, МАН Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг, МАХН Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дэвшүүлэхээ албан ёсоор зарласан бол АН Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатараа сойхоор төлөвлөсөн хэдий ч хараахан эцэслэн шийдээгүй байна. 
У.Хүрэлсүхийг УИХ-ын сонгуульд анх нэр дэвшин очиход нь ялуулж, их улс төрд мөрөө гаргахад нь үргэлж дэмжиж тусалсан иргэд түүнийг Ерөнхий сайд болоод буцаад ирэхэд нь хэр хүлээн авахыг тааж ядах хэрэггүй. МАХН-ын лидер Н.Энхбаярын рейтинг Хэнтийн сонгогчдын дунд өрсөлдөхүйц өндөр байгаа боловч энэ удаагийн сонгууль У.Хүрэлсүхийнх болох таамаг харьцангуй бодитой. Тиймээс Цэцэд өргөдөл гаргагч нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүн болж парламент дахь өөрийн нөлөөгөө дотроос нь хангахыг үл хүсэгч нэгэн буюу ойроос хэтдээ улс төрийн хамгийн том өрсөлдөгч болон хувирч буй Ерөнхийлөгч Х.Баттулга байх магадлалтай. Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ тарахыг шаардсан нь сүүлийн долоохон сарын хугацаанд хоёронтаа давтагдаж байгаагаараа зөвхөн одоогийн УИХ-ын эсрэг төдийгүй эрх баригч МАН-ын эсрэг, улмаар У.Хүрэлсүхийн эсрэг баримталж буй онцгой байр суурь болж харагдав. 
Тиймээс У.Хүрэлсүхийн хувьд энэ удаагийн нөхөн сонгуульд ялалт байгуулах нь УИХ-ын 2020 оны сонгууль хүртэлх нэг жилийн хугацаанд МАН-ын рейтингийг тодорхойлох, М.Энхболдыг огцруулсны дараа намаа нэг зүгт зангидаж чадаж байгаагаа олон түмэнд харуулах, мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн хүчийг үзүүлэх гээд улс төрийн олон ашиг сонирхлыг нь илэрхийлсэн үйл явдал болох юм. Монголын улс төрийн хамгийн том хүчинд эрх мэдлийн хуваарилалт дахин явагдсаны дараа, эдийн засгийн бодлогод хэн нь илүү нөлөөтэй вэ гэдгээ шодож буй өрсөлдөөний эхэнд, Хэнтийгээс их улс төрд ирж бойжсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн цаг тоололд УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд У.Хүрэлсүх өөрөө нэр дэвшлээ. Түүний төлөө саналаа өгөх хүмүүс У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн болсноор ганц жилийн дотор тойрогтоо юу хийх вэ гэдгийг тооцоолохгүй ч байж мэднэ. Үнэхээр ч тэр юу ч хийж чадахгүй. Харин эсрэгээрээ Хэнтийн сонгогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүн болгосноор Монголын улс төрд түүнийг хүчтэй байгааг нь л нотолж чадна.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-аас дэвшиж байгаа нь У.Хүрэлсүхийн хамгийн том айдас. Энэ сонгууль бол Н.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиас хойш арван жилийн дараа оролцох гэж буй хамгийн том сорилго болж байна. Нөхөн сонгуульд У.Хүрэлсүх ялагдвал тэр нь Н.Энхбаяр их улс төрд эргэн ирэх хувь заяаны бэлэг болно. Тиймээс У.Хүрэлсүх Хэнтийгээс нэг бол өөрийнхөө хүчийг нотолсон батламжтай, нөгөө бол Н.Энхбаярыг их улс төрд тавтай морилуулах тийзтэй эргэж ирнэ. Хэнтийнхний сонголтын аль нь ч Монголын ирээдүйн улс төрийг шийдэх бэлэг байх болно.  

Б.Энхцэцэг
Эх сурвалж: ublife.mn
скачать dle 12.0