Эдийн засаг:
Хэнтий аймгийн гурван сумын иргэдийг төлөөлж хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон Д.Гантулгыг хүчингийн гэмт хэрэгт яллагдагчаар татсан шалтгаанаар УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсөн. Тэрээр чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгсөн юм. Ингэснээр бүтэн жилийн хугацаанд сонгогчид нь УИХ-д төлөөлөлгүй өдийг хүрээд байна. Орон гарсан суудлын нөхөн сонгуульд АН-аас Ж.Оюунбаатар, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших бол МАН Д.Гантулгыг УИХ-д эгүүлэн суулгах төлөвлөгөө боловсруулсан. Иймээс тэд Д.Гантулгыг чөлөөлсөн болоод нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг иргэдээр гаргуулсан. Дээрх гомдлыг Үндсэн хуулийн цэц өнөөдөр шуурхай хэлэлцсэн. Цэцийн дунд суудлын хуралдааныг эсэргүүцэж АН, МАХН-ынхан Цэцийн хашаанд бандааш өлгөн эсэргүүцсэн нь ийм учиртай. Дөнгөж сая Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулаад байна. Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хэлэлцэх учиртай бөгөөд хүлээж авсан тохиолдолд шийдвэрээ Үндсэн хуульд нийцүүлэх, хүлээж авахгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн Их суудлаар хэлэлцэх хуультай байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн шийдвэр эцсийнх гэж хэлэхэд эрт байна. Харин Цэцийн шийдвэр ёсоор хэдэн зүйл тодорхой болж байна.
Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 52.6-д Орон гарсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй гэж заасан. Өнөөдрийн хуралдаанаар нөхөн сонгуулийг зарласан УИХ-ын тогтоол цэц дээр унасан учраас 2020 оны сонгуулиас наана нөхөн сонгууль болохгүй ч байх магадлалтай боллоо.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын танилцуулсан шийдвэрийг товчилъё.
- УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн явдал нь Үндсэн хууль зөрчөөгүй байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 75 гишүүний 60 хувь нь түүнийг чөлөөлөхийг нууц санал хураалтаар дэмжсэн нь хуульд нийцсэн.
- УИХ-ын гишүүн өөрийг нь сонгосон иргэдийг төлөөлдөг императив буюу захирагдмал мандаттай бус. Харин нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хангахын тулд ажиллаж, түүний төлөө хариуцлага хүлээдэг чөлөөт мандаттай. Ийм учраас аль ч тойргийн сонгогч УИХ-ын аль ч гишүүнийг өөрийнх нь төлөөлөл гэж үзэх үндэслэл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн тойргоос сонгогддог хэдий ч нийт иргэдийн төлөөлөл болдог учиртай тул Хэнтий аймгийнхан төлөөлөлгүй болоогүй.
- УИХ-ын нийт гишүүний дөрөвны гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн бол УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно. Ийм учраас УИХ Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөлөхдөө бүрэн эрхээ хэрэгжүүлэх ирцтэй хуралджээ.
- Сонгуульд оролцох нам нь санал авах өдрөөс 180 хоногоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байна гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна. Эвсэлд нэгдсэн нам, бүх нам эвсэл санал авах өдрөөс 180 хоногоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байна гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд өнөөдрөөс түдгэлзэнэ. Дээрх заалтууд Хэнтий аймагт нөхөн сонгууль товлохдоо иргэн, улс төрийн нам, эвслийг тэгш оролцох боломжгүй болгожээ.
- Үндсэн хуулийн цэц 2018 онд энэ хийдлийг засах талаархи шийдвэрээ УИХ-д хүргүүлж байсан. Гэвч Сонгуулийн тухай хуулийн хийдэл, дутагдлыг арилгахгүйгээр Хэнтий аймагт нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах тухай УИХ-ын тогтоолыг баталжээ.
- Сонгуулийн эрх зүй нь сонгууль явуулах үе шат бүрийн эхлэх, дуусах хугацааг нарийвчлан тогтоохыг шаарддаг. Ийнхүү зохицуулаагүй тохиолдолд ерөнхий зохицуулалтыг баримтална. Энэ зарчмаар бол УИХ-ын нөхөн сонгуулийн санал авах өдрийг сонгууль болохоос 150-аас доошгүй өдрийн өмнө тогтоохоор байна. Үүнээс үзвэл УИХ нь Сонгуулийн тухай хуулийн дээрх зарчмыг зөрчиж 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр 22 дугаар тогтоол гарган 148 хоногийн өмнө УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал авах өдрийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг тогтоосон тогтоол Үндсэн хууль зөрчжээ.
- УИХ-ын 23 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгасан. Харин Сонгуулийн тухай хуульд сонгуулийн төсвийг УИХ-ын төсвөөс санхүүжүүлэх талаар хуульчилжээ. Засгийн газрын Тусгай сангуудын тухай хуульд нөөц сангаас урьдчилан мэдэх боломжгүй тохиолдолд санхүүжилт гаргах зохицуулалт бий. Гэхдээ УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг явуулах нь 2018 онд тодорхой байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2019 оны төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй болж байна.
Үндсэн хуулийн цэцээс гаргасан дээрх шийдвэрийг УИХ 15 хоногт хэлэлцэх учиртай. Төсөвт тодотгол хийхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэмжихгүй байгаа. Хэрэв төсвийн тодотголын хаалгыг нээвэл санхүүгийн сахилга бат алдагдана гэж тэрээр үзэж байгаа юм. Нөгөө талдаа Сонгуулийн тухай хуулийн 180 хоногийн босгыг багасгавал сүүлд бүртгүүлсэн намууд сонгуульд өрсөлдөх эрх нь нээгдэх эрсдэл гарна гэдгийг эрх баригч МАН-ынхан ярьсан. Энэ шалтгаанаар хугацаа алдаж, нөхөн сонгууль явуулж болох хугацааг өнгөрөөж мэдэхээр байгаа юм.
Б.Дамдинжав
Эх сурвалж: newspress.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18