Нийтлэл

Хуульчдын сор нь өмгөөлөгч байдаг орчныг бүрдүүлэхсэн

Хуваалцах:
“...Москвагийн их сургуулийн хуулийн ангид сурч байхад орос оюутнуудын аль шилдэг нь өмгөөлөгч болно гэж ярьдаг байв. Мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын алдааг мэргэжлийн зүгээс мэдэрч, засаж залруулж, хүний эрхийг хамгаалах чадвар гагцхүү сайн өмгөөлөгчид л байдаг учраас хуульчдын сор нь өмгөөлөгч болдог юм билээ” хэмээн Монгол Улсын гавьяат хуульч, өмгөөлөгч Ж.Яринпил гуай нэгэнтээ хуучилсан юм. Өмгөөлөгч гэдэг мэргэжил ямар нэр хүндтэй, босго өндөртэй байдгийг тэгэхэд ухаарч, манайд ч гэсэн хүссэн нь биш, харин шилэгдмэл нь өмгөөлөгч байдаг бол мөн сайхан аа хэмээн бодогдож билээ. Японд шүүгч, прокурор болгох хүнээ БАР-ын Холбооных нь саналыг үндэслэн өмгөөлөгчдийн дундаас сонгон шалгаруулж  авдаг тухай сонсоод энэ бодол маань улам батжив.
Үүнээс улбаалаад Өмгөөллийн байгууллагын түүхэн замнал, хууль эрх зүйн орчны тухай сонирхож үзтэл “Шүүн таслах тухай олонд тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм” хэмээх 1928 оны тавдугаар сарын 25-ны өдрийн сонирхолтой баримт анхаарал өөрийн эрхгүй татав. БНМАУ-ын Засгийн газар, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 70 дугаар тогтоолоор баталсан энэхүү 5 бүлэг, 28 зүйлтэй дүрэмд Өмгөөллийн байгууллагын зорилго, эрх үүрэг, үйл ажиллагаа эрхлэх журам, хүлээх хариуцлага, өмгөөлөгчийн ёс зүй зэргийг нэн тодорхой тусгасан байх юм.
Шинэ тулгар Бүгд Найрамдах Улс “жинхэнэ ард түмнээр байгуулсан”, “олон ардын ашиг тусыг арчлан хамгаалах”, “дотоод гадаадын хүмүүст нэгэн адил тусламжийг” үзүүлэх “төлөөнөө заалдагч буюу өмгөөлөгч” нарын үйл ажиллагааг өнөөдрийн түвшнээс ер дутахааргүй ойлгож, үнэлж, ач холбогдол өгч байсны томоохон нотолгоо нь энэ юм.
Тэр үед мэргэжлийн боловсон хүчин дутмаг байсан болохоор бичиг үсгийн чадвар сайн, заргач, шударга хүмүүсийг сонгон өмгөөлөх ажлыг тохоож, Улаанбаатарт өдөр бүр жижүүрлүүлж, шаардлагатай тохиолдолд орчуулагч томилж өгч, ёс зүйн алдаа гаргасан, дүрэм зөрчсөн гишүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, бүлгэмээс хөөн зайлуулах хүртэл хатуу чанд арга хэмжээ авдаг анхнаасаа босго өндөртэй байсныг түүхийн шаргал хуудас гэрчилнэ.
Ер нь Монголчууд эхлээд үнэн мөнийг сайтар нягталсны дараа хэн нэгнийг буруутган шийтгэдэг уламжлалтай байсан нь “Үхэх хүний үгийг сонс”, “Хүний амийг хөнөөхөд хүндтэй шалтгаан хэрэгтэй” зэрэг хэлц үгнээс тодорхой харагддаг. Домог түүх, судар номонд ч зөвийг өмгөөлж, шударгыг тэтгэж, буруутны тайлбарыг заавал сонсож байж ямар шийтгэл оногдуулахаа шийдэж буй түүх олонтаа тааралддаг. Энэ бол Монголчууд эртнээс нааш хэн нэгнийг хилсээр хохироохоос ихээхэн болгоомжилдог байсны нэгэн тод илрэл юм. Энэ уламжлал өнөөдөр хэр хадгалагдаж байна? Өмгөөлөгчид, өмгөөллийн байгууллагын ач холбогдлыг ойлгох Монгол төрийн ойлголт 1928 онд анх Өмгөөллийн байгууллага байгуулах тогтоол гаргаж байсан үеийн түвшнээсээ хэр зэрэг ахисан бэ? Өмгөөллийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хуулиар хэрхэн баталгаажуулсан бол? Энэ мэт олон асуулт толгойд эргэлдэхийн учир нь өмгөөлөгч хэн бэ, хууль эрхзүйн ямар баталгаан дор хэрхэн ажиллах ёстой вэ гэдгийн зах зухаас сэтгүүлч хүний мэргэжлийн онцлогоос болоод мэдэх мэдрэх, санаа зовних болсных билээ.
Өмгөөлөгчийн ажлыг би эмчийнхтэй зүйрлэдэг. Нэг нь хүний эрүүл мэндийн, нөгөө нь хүний эрхийн манаач болохоор тэр. Тийм болохоор хариуцлага ихтэй, дээд зэргийн ёс зүй, мэдлэг шаардсан чухал алба. Гэтэл эмч болохын тулд бараг арваад жил сурч, дараа нь эмчлэх эрхээ олж авахын тулд хатуу шалгуур давдаг. Харин өмгөөлөгчдийн хувьд ийм шалгуурын босго нь улам намсаж, эрх зүйч мэргэжлээр төгссөн хүн хоёрхон жилийн дараа шалгалт өгөөд л өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болж байгаа явдлыг нэрлэж болох юм. Мэргэжлээрээ 4-5 жил ажилласны дараа өмгөөлөл хийх эрх авдаг, эрхээ олж аваад бас хоёр жил туслахаар ажиллаж, дадлагажиж байж сая бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой болдог зэрэг хатуу шалгуур арилж, өндөр босго нь ийнхүү намссаар байна.
Тэгээд ч хуульчийн шалгалт бол хууль эрх зүйн ерөнхий мэдлэгийн шалгалт, харин өмгөөлөгчийн шалгалт бол эрх зүйн мэдлэгээс гадна мэргэжлийн ур чадвар, хуульчийн ёс зүй, сэтгэлгээ зэрэг олон зүйлийг хамарсан цогц шалгалт учраас чанарын хувьд асар их ялгаатай.
Тийм болохоор өмгөөллийн үйл ажиллагааны чанар, өмгөөллийн үр нөлөөг сайн байлгая гэвэл Өмгөөллийн байгууллага, өмгөөлөгчдийн хараат бус байдлыг нь аль болохоор хуульчлан баталгаажуулж, ёс зүй, мэргэжлийн түвшинд нэгдмэл удирдлагаар хангах орчныг нь бүрдүүлж өгмөөр санагддаг. Энэ асуудал өмгөөллийн тухай бие даасан хуультай болж, овоо нэг зүгшрэх шинжтэй байтал тэр бүхнийг үгүйсгэн, хууль, эрх зүйн бодлогын шинэчлэл нэрийн дор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэмээх том малгайн дор аваачин буланд шахчихсан. Хараат бус байдлыг нь ингэж “хангаад” байхаар улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос ангид байх, өөрийн гэсэн мэргэжлийн байгууллага, удирдлага, дуу хоолойтой байх асуудал улам бүр эргэлзээтэй болсон нь үнэн. Товчхондоо, Монголын төр өмгөөллийн салбарт барих бодлогодоо том ухралт хийсэн гэж хэлж болно.
Харин энэ удаагийн УИХ-д дээрх алдааг залруулахаар хичээж, Өмгөөллийн тухай хуулийн төслийг  хэлэлцэж байна. Иргэдэд тусалдаг онцгой субъект гэдэг утгаараа өмгөөллийн салбар эргээд бие даасан хуультай болох гэж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг. Гагцхүү өмгөөллийн нэрээр улс төр бүү хийгээсэй, Монгол Улсад хүний эрхийг хангах үйлсэд чухал үүрэгтэй өмгөөллийн эрх зүй судлалыг нам бүлгийн талцал хуваагдал, өнөөдрийн шинжтэй явган хэрүүлд хутгахын оронд иргэдийнхээ Үндсэн хуулиар олгосон хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаатай болгоосой гэж хүснэ.
Өдгөө дэлхийн 198 орон Өмгөөллийн тухай тусгай бие даасан хуультай байгаа гэсэн тоо баримт өөрөө ихийг өгүүлж байна. Хэрэггүй, шаардлагагүй, амьдралд нийцэхгүй байсан бол энэ олон орон тусгай хууль гаргаж мөрдөхгүй байсан нь хэнд ч ойлгомжтой. “Хууль бол амьдрал. Амьдралаас тасархай хууль хэрэгжихгүй” хэмээсэн хэн нэгэн ухаантны хэлсэн үг яг одоо бодогдож байна. Амьдралд нийцсэн, урт настай, хамгийн гол нь энэ чухал салбарын үйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлыг ханган баталгаажуулсан хууль батлаасай хэмээн хүснэ. Ингэхэд НҮБ аль 1990 онд л Өмгөөллийн мэргэжлийн байгууллага нь гишүүнчлэлтэй, мэргэжлийн хариуцлагатай, өөрийн гэсэн санхүүжилттэй, хараат бус байвал зохихыг годлон томьёолсон гэдэг юм шүү.
Хамгийн сайн хуульчид нь өмгөөлөгч болдог, тэдний дундаас мэргэжлийн ур чадвар, ёс зүй, дадлага туршлагыг нь харгалзан шүүгч, прокурор болгох хүнээ сонгон шалгаруулдаг Япон зэрэг орны туршлагаас бүтээлчээр суралцаж чадвал Монгол оронд хууль шударгаар хэрэгжих нөхцөл боломж аяндаа үүснэ. Үүний тулд Өмгөөллийн тухай амьдралд нийцтэй сайн хууль батлан хэрэгжүүлэх нь эн тэргүүний зорилт мөн хэмээн мунхагланам.
Өмгөөлөгчийг хамгаалж, хараат бусаар ажиллах боломж бүрдүүлж, бас хамгийн шилдэг хуульчид л өмгөөлөгч байх нөхцөлийг бий болгох нь Монгол төрийн үүрэг гэж бодно. Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч абугай:
“Өршөөл эрсний сэтгэлд гал бадрааж
Өндөр их хуулийн өмнө зул өргөж
Өрөөл бусдад бол буян үйлдэж
Өөртөө бол аянга хурааж яваа
Өмгөөлөгч хүн би...
Төр, хууль, иргэн гурав ширтэлцэх цэгээс төвөггүй үнэнийг тунгаах элчээр намайг томилсон юм” гэж хориод жилийн тэртээ өмгөөлөгчийн тухай шүлэглэж, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Дашдондов эрхэм: “Сүүгээр амалсан хүмүүн заяаг Сүүдэр дайрахаас өмгөөлж зогсоно... Хяслын хорвоод гэгээн үнэнийг Хяргах цаазын илднээс хамгаална” гэж уран яруу тодорхойлсон билээ. Үүний л тулд “өмгөөлөгчийг өмгөөлөх” ёстой билээ.
Иргэд хууль зүйн туслалцаа авах эрх нь Үндсэн хуулиар олгогдсон бөгөөд мэргэжлийн сайн ур чадвартай, онол практикийн гүн бат мэдлэгтэй зэрэг нарийн шалгуур хангасан хуульчдаар энэхүү эрхийг нь хамгаалуулахаас татгалзах асуудал хаана ч, хэнд ч байж болохгүй юм.
Өндөр хөгжилтэй орнуудад тухайн улсын хуульч хэр зэрэг шударга байна тэр нь нийгмийнхээ өнгө төрх болдог гэж үздэг. Энэхүү дүгнэлтэд миний дэвшүүлсэн санал бодлууд бүрэн нийлнэ гэдэгт итгэлтэй байна.

Урианхан Б.Галаарид (МУСГЗ, доктор /Ph.D/ сэтгүүлч)
скачать dle 12.0