Дэлхийд

Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав

Хуваалцах:

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Тяньаньмэний талбайд болсон үйл явдлаас хойш 30 жил өнгөрч буйтай холбогдуулан хийсэн мэдэгдлийг Хятад улс эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Энэ тухай АНУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
"Помпеогийн мэдэгдэл нь БНХАУ-ын дотоод болон гадаад бодлогыг басамжлан доромжилж байгаа бөгөөд улс орны дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал юм. Энэ бол Хятадын ард түмнийг басамжилсан мэдэгдэл бөгөөд олон улсын харилцааг зохицуулдаг хууль, эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг ноцтой зөрчиж байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна” гэж мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Тяньаньмэний талбайд болсон үйл явдлаас хойш 30 жил өнгөрч буйтай холбогдуулан даваа гарагт бичгээр хийсэн мэдэгдэлдээ, “Хятад улсад нээлттэй, дэлхийн өөр өөр үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрдөг нийгэм байгуулагдана гэсэн АНУ-ын итгэл найдвар талаар боллоо” гэжээ. Помпеогийн хэлснээр, Хятадад “1989 оны зургадугаар сарын 4-нд дууссан” үйл явдал нь “эсэргүүцлийн баатарлаг хөдөлгөөн” байсан юм. “Хятадын нэг намын тогтолцоо бол өөрөөр сэтгэх үзлийг хүлээн зөвшөөрдөггүй, өөрийн эрх ашгийн төлөө цаг үргэлж хүний эрхийг зөрчдөг тогтолцоо юм” гэж мэдэгдэлд дурджээ. “Хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхийг хүсэж буй хүмүүсийг чөлөөлж, дур зоргоороо баривчилгаа явуулахаа зогсоохыг, үр ашиггүй бодлогоосоо татгалзахыг бид Хятад улсад уриалж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нэмж мэдэгджээ.
1989 онд Бээжин болон зарим хотод оюутнуудын эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, хотуудын зарим оршин суугч нэгдсэн юм. Зургадугаар сарын 4-нд Хятадын эрх баригчид Тяньаньмэний талбайд жагсагчдыг цэргийн хүчээр тараасан билээ. Эсэргүүцлийн ажиллагааг хүчээр дарсан нь тухайн үед Барууны орнуудын шүүмжлэлд өртөж, зэвсэг худалдахыг хориглох зэргээр Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахад хүргэж байв.  
 скачать dle 12.0