Улс төр

УИХ сайд нарыг хэлэлцэхээс татгалзаж, Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилээр сонгох ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

Хуваалцах:

Удтал дуншсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ажлын хэсгийнхэн өчигдөр УИХ-ын даргад өргөн барив. Ингэснээр энэ асуудал ямартай ч хэлэлцүүлгийн шатанд  очиж байна.
Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа нь иргэдийн анхаарлыг хамгийн их татаж буй. Тиймээс манай сайт “Эцэг” хуульд оруулахаар төлөвлөж буй өөрчлөлтүүдийг тоймлон хүргэж байна.  Гэхдээ энэ бүхэн одоогоор зөвхөн төсөл гэдгийг бодолцох учиртай. Энэ төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар “ долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хэлэлцэнэ гэдгээ илэрхийлээд байгаа билээ.
Үндсэн хуульд  дөрвөн багц асуудлаар өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулжээ. Үүнд:
1. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
2. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах асуудлаар  
3. Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт гэсэн үндсэн дөрвөн багц асуудал байгаа юм.
Энэхүү дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулаад байгаа гэдгээ ажлын хэсгийн хэлсэн. Ингээд дээрхи 4 багц өөрчлөлтийн талаар тус тусад нь хураангуйлан тодотгоё.
 Нэг.Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой  асуудлаар:
УИХ САЙД НАРЫГ НЭГ БҮРЧЛЭН ХЭЛЭЛЦЭЖ ТОМИЛОХ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАНА
 1. Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох, Улсын Их Хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлах өөрчлөлт оруулж байгаа юм байна. Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батлах, Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохоор заалт орж байгаа ажээ.   
 2. Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал өөрөө тарах,
-Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг Ерөнхийлөгч тараах,
3.-Улсын Их Хурал сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж томилох бүрэн эрхээсээ татгалзана.
-Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох,
4.-Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог байгуулах, түүний бүрэн эрх, ажиллах журмыг тогтоосон нэмэлтийг оруулж байгаа.
5.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох боломжийг нээхийн зэрэгцээ ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
6.Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа одоо болон ирээдүй хойч үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, тэгш байдал, шударга ёсны зарчмыг баримтлах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг алс хэтээ харсан урт хугацааны төрийн бодлогоор тодорхойлох зохицуулалтыг Үндсэн хуульд тусгав.
 Хоёр.Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах талаар:
ЗАСГИЙН ГАЗРЫН 5 ХҮРТЭЛХ ГИШҮҮН УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР ХАВСРАН АЖИЛЛАЖ БОЛНО
1.Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байна. Гэхдээ Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулах юм байна
2.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналаа хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлнэ.
-Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.
-Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохоор туссан.
3.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх, хэрэв тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцох, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор тусгав.
4.Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийг  өөрчилж Засгийн газрын 5 хүртэлх гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллаж болно.
5.Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЗӨВХӨН НЭГ УДАА 6 ЖИЛЭЭР СОНГОНО
-Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө.
-Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор өөрчлөн найруулсан.
Гурав.Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах талаар:            
                ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ 12 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛНО
-Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр, тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан иргэнийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор өөрчлөн найруулжээ.
 -Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэх бөгөөд  уг шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилоно.
- Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлж байх юм.
-Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлнэ
-Шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгохдоо нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгохоор тусгав.
-Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус-гишүүдийг нэр дэвшүүлж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор заасан.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхийн саналаар сонгоно.
ҮХЦ-ИЙН ГИШҮҮНИЙГ 9 ЖИЛИЙН ХУГАЦААГААР НЭГ УДАА ТОМИЛНО
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилгооны сонсгол хийсний үндсэн дээр Улсын Их Хурал нийт гишүүний олонхийн саналаар томилохоор өөрчилсөн.
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох, дахин томилохыг хориглохоор өөрчилөв.
 Дөрөв.Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар:
СУМ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ИРГЭД НЬ СОНГОДОГ БОЛНО
-Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно. Өөрөөр хэлбэл  Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хот улсын чанартай хот болж аймгуудын төв орон нутгийн хотын статустай болно гэсэн үг.
-Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.
-Харин баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилно.
-Сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгохоор заалт хуулийн төсөлд орсон байгаа.
Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй нэмэлт өөрчлөлтүүдийг тоймловол ийм байна. Хэрэв хуулийн төслийг хэлэлцэж батлавал шинэчлэгдсэн Үндсэн хууль 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас хэрэгжиж эхлэх юм байна.
Г.Хантулга
скачать dle 12.0