Эдийн засаг

Зарлагаа хазаарлаж, дүрмээ мөрдөхийг шинжээчид сануулж байна

Хуваалцах:
-Монголын эдийн засагт аз тохиосон гэв-
Ерэн оноос хойш манай улс ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа хамрагдаж байна.Тухай бүртээ 2-3 жилийн хугацаанд улс төр, эдийн засгийн эрх мэдлээ тэдэнтэй хуваалцсан гэсэн үг.Харин тэдгээр хөтөлбөрүүд хэрэгжиж, нааштай үзүүлэлтүүд гарсны дараа бид буцаад л санхүүгийн сахилга батаа алдаж, орж ирсэн мөнгөө дураараа зарцуулчихдаг.Тэгвэл сүүлийн буюу 2017 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр ирэх жилийн дунд гэхэд дуусна.Дууссаны дараа дахиад л бүх зүйл бахь байдгаараа үлдэх үү, эсвэл алдаагаа давталгүй урагшлах уу гэдэг асуулт тавигдах ёстой. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ОУВС-гаас авахын тулд тухайн үед  эрх баригчдын зүгээс багагүй зүтгэл гарсныг санах ёстой. Одоогийн нөхцөл байдлыг харахад манай эдийн засагт нааштай дүр зураг ноёлж, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна гэсэн үнэлэлт дагаж буйн нөгөө талд ОУВС-гийн зээлийг авснаас хойш Монгол Улсад аз тохиосон гэсэн дүгнэлтийг судлаачид хийж байгаа юм. 
2018 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдүүдийн ханш өсөж, нүүрсний үйлдвэрлэл түүхэн дээд түвшинд хүрч төсвийн орлого үлэмж нэмэгдэн, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5.3 хувьд хүрсэн нь хөтөлбөрийн хүрээнд төсөөлж байсан гурван хувиас их байв. Төсвийн алдагдал буурч, засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь багасч,  улсын зээлжих зэрэглэл сайжирч, гадаад валютын томоохон хоёр бондыг эргэн төлж чадсан. Мөн төсвийн хяналтыг сайжруулах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулсан гэхчлэн нааштай талууд бий ч төсвийн тогтвортой байдлын суурь асуудлууд хэвээр гэдгийг “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” болон “Гэрэгэ Партнерс”-ийн хамтран гаргасан тайланд дурдсан байсан.
Тодруулбал, Засгийн газрын өрийн хэмжээ өндөр хэвээр, эрдэс баялгийн орлогоос хамаарах байдал их чигээрээ. 2017 төлсөн хоёр  бондыг шинэ гадаад бондоор санхүүжүүлсэн бөгөөд 2021-2024 оны хооронд манай улс төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 14.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гараад байгаа юм. Тэгэхээр бид төсвийн орлого өнөөдөр өндөр түвшинд байгаа  ч цаашдаа үргэлж тэр хэвээрээ байна гэсэн үг биш гэдгийг анхаарч урагшлах ёстой юм. Түүхий эдийн ханш үргэлж л циклтэй байж, унаж, өгсдөг.Үүнээс гадна тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны дайн гэхчлэн томоохон хүчин зүйлсийн нөлөөллийг бид санах ёстой болчихоод байна.Түүнчлэн эдийн засагчид, судлаачдын зүгээс эрх баригчдад өгч буй зөвлөмжүүдээс тоймлон хүргэе.
ҮНИЙН СЭРГЭЛТ ДЭЭР СУУРИЛСАН ӨСӨЛТ ГЭДГИЙГ МАРТАХ ЁСГҮЙ
Эдийн засгийн нөхцөл байдал одоохондоо тааламжтай, төсвийн орлогын гүйцэтгэл сайн байгаа ч эрсдэлүүдээс үүсэх сөрөг үр дагаварт бэлтгэлтэй байх хэрэгтэй.Монгол Улсын эдийн засаг болон төсвийн орлого уул уурхайн салбараас улам хараат болсоор байна.Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь уул уурхайн үйлдвэрлэл, түүхий эдийн үнийн сэргэлт дээр суурилсан гэдгийг засгийн газар, улс төрчид болон олон нийт мартаж болохгүй бөгөөд болзошгүй сөрөг шок, эдийн засгийн савлагаанд ямагт бэлтгэлтэй байх хэрэгтэй.Засгийн газар орлогын төсөөллийг илүү няхуур, болгоомжтой хийх шаардлагатай байна.
ДҮРМЭЭ МӨРД
Засгийн газар Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд одоо хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ тууштай хэрэгжүүлж, урт хугацаанд өрийн тогтвортой байдалд хүргэх бусад шинэчлэлүүдийг хийж эхлэх хэрэгтэй юм. Засгийн газар 2010 оны Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгасан төсвийн анхны дүрмүүдийг аль болох хурдан мөрдөж эхлэх ёстойг,  дүрмүүдийг түр зуурын таагүй нөхцөл байдалд тохируулан байн байн өөрчлөх явдлыг зогсоох шаардлагатайг судлаачид хэлж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулсан нь төсвийн хяналтыг сайжруулах чухал алхам болсон ч түүний хараат бус байдал, чадавх, ил тод байдал, чиг үүргийг сайжруулах арга замыг эрэлхийлэх хэрэгтэйг мөн сануулж байгаа юм.
ЗАРЛАГАА ХАЗААРЛАХЫГ САНУУЛАВ
Засгийн газар төсвийн зардлыг батлагдсан түвшнээс нь хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.Орлогын гүйцэтгэл сайн байсан ч зардалд тавих хязгаарлалтаа сулруулахгүй байх нь чухал.Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тогтвортой байлгах хэрэгтэй.Яамдын тоо, зохион байгуулалт, сайд нарын үүрэг хариуцлагыг сонгуулийн дараа ч өөрчлөхгүй байх боломжтой.Мөн төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй байх боломжийг ашиглан төрийн албаны чиг үүргийг оновчтой болгох хэрэгтэй.Уул уурхайтай болон уул уурхайгүй аймгуудын хоорондох төсвийн орлогын тэгш бус байдлыг багасгахад анхаарах хэрэгтэй.
ЭХЛЭЭД ӨРӨӨ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ
Түрүүн дурдсан 2021-2024 оны бондуудын эргэн төлөлтийг хойшлуулахгүйг хичээж, өрөө бууруулахад анхаарах хэрэгтэй.Засгийн газар Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлал үүсгэхээс илүүтэйгээр өрийг бууруулахад анхаарах нь зүйтэй.Учир нь өрийн хэмжээ өндөр байгаагаас гадна Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн өгөөжөөс илүү өндөр зээлийн хүү төлөгдөж байна.Гэхдээ төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, орлогын тааруу гүйцэтгэлийг нөхөх үүднээс тус сангийн хуримтлалыг сэргээн нэмэгдүүлэх шаардлага ч бий.Өндөр хүүтэй мөн гадаад валютаар авсан Засгийн газрын өр их байгаа тул өр тогтвортой түвшинд буух хүртэл Ирээдүйн өв сангийн орлогыг өрийг бууруулахад зарцуулах нь зүйтэй гэхчлэн олон зөвлөмжийг судлаачид хэлж байгаа юм.

Э.Анура
Эх сурвалж: news.caak.mn



скачать dle 12.0