Улс төр

Орчин цагийн “Мижид зайран”

Хуваалцах:
Монголын кино дэлгэцнээ хоржоонтой, хошин төрөл жанрын нэгэн содон бүтээл 1965 онд мэндэлсэн нь “Зэрэг нэмэхийн өмнө” хэмээх кино байв. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн “Жинс алдахын өмнө” зохиолд тулгуурлаж, ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осорын бүтээсэн эл кино тухайн үедээ намын Төв хороо, МАХН-ын чанд хатуу үзэл суртлын хяналт, олон шат дамжлагаар шүүгдсээр зохиолынхоо агуулга, үндсэн санаанаас “хэт хазайсан” гэдэг.
Ардын шог үлгэрийн өгүүлэмжтэй эл кинонд тайж Мижид зайран нийслэл хүрээ орж, Богд хаанд их өргөл өргөн, зэрэг цол нэмж, шан харамж хүртэхээр явах замд Боролдой, Долдой хэмээх хоёр зарц нь уран цэцэн арга мэх хэрэглэн үргэлж түүнийг даван дийлж байгаа явдлыг инээдмийн аясаар үзүүлдэг. Эцэст нь Хүрээ орохын даваан дээр замд тааралдсан нохойд ноёныхоо малгайг “өмсүүлсэн”-ээр аль ч үгүй хоцорч буйгаар дуусдаг нь одоо ч олон нийтийн ой тоонд хадаатай яваа.
Үүнтэй агаар нэгэн төрх шинэ цагийн Монголын улс төрийн хөрсөнд буух болсоор удаж байна. Нэг үгээр Мижид зайрангийн орчин цагийн төрх өнөөгийн Монголын, УИХ-ын төвшинд тодорч байх шиг. Үйлдлээрээ биш үгээрээ.
Санаж байгаа бол өнгөрсөн жилийн өдийд Өмнөговь аймгийн Говь гурван сайхан хайрханы төрийн тахилга болоход тэрбээр Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчөөр томилогдож, тэнгэр тайх ёслолд оролцохдоо нэгэн хачирхалтай тайлбар хэлж байсан нь одоо ч хэвлэлийн хуудаснаа шарлаагүй л байна. Учир нь, “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг ухан сэндийлэн байгаль дэлхийг хилэгнүүлсэн хүмүүсийн эсрэг би тухайн зан үйлийг хийсэн. Нэг талаар шашнаар дамжуулж байгаль дэлхийгээ аргадсан. Нөгөө талаар газар нутгийг сүйтгэсэн нөхдүүдтэй хатуу хариуцлага тооцож улмаар шаардлага тавиад ирэхээр тэдний бухимдал олон нийтийн сүлжээгээр ил гарч эхэлсэн. Уул уурхайн компаниудад хариуцлага тооцъё, шударга ёсыг бий болгоё, нүүрcтэй холбоотой хууль бус үйлдлүүдийг ил гаргасан зэрэг миний явуулж ирсэн акцуудад уур бухимдал нь төрсөн хэсэг бүлэг хүмүүс байдаг юм байлгүй дээ. Бусдаар намайг муулж, доромжилж мөлжих гээд өө сэв олдохгүй болохоор аргаа барж байна л даа” хэмээсэн нь хэсэгтээ олон нийтийн эгдүүцэл шүүмжлэлийг дагуулж байв. Олны үг ортой л байсан юм.
Хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл болсон эрхэм гишүүн байгаль дэлхийгээ аргадаж, шашин номын асуудлын тухай ярихаас илүүтэй тэнд байгаа иргэдийн амьдрал ахуй, амьжиргаанд хэрэгтэй хууль, журам батлах нь чухал. Ялангуяа УИХ-ын гишүүн. Гэтэл өмнө нь тэнд үүссэн асуудалтай холбогдуулж, ганц ч үг ганхийлгэлгүй явсан түшээ өөрийн болон хамаарал бүхий компаниар дамжуулж бизнес эрхэлж асан тэрбээр Ерөнхийлөгчийн зарлигаар Өмнөговь аймагт элчээр томилогдсоноо ийн тайлбарлаж, олон нийтээс оноос цуглуулахыг оролдсон нь дэндүү хачирхалтай хэрэг байлаа. Уг нь УИХ-ын гишүүн гэдэг сонгогдсон тойрог болон нийт иргэдийн эрх ашигтай холбоотой хууль санаачлах, боловсруулах үүрэгтэй. Түүнээс хэн нэгнээс өгсөн үүргийн дагуу, хаа нэгтээ очиж оноо цуглуулж, бусдыг үгүйсгэж, өөрийгөө өргөмжлөхийн нэр биш.
Энэ бол УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболд. Ер нь Л.Энхболд гэж хэн бэ. Сонгогдсон тойрог болох Өмнөговь аймагтаа тэрбээр шинэ хүн биш байх. “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүнээс эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байснаас харахад шүү дээ. “Ди Энд Эл групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал, “JCI Capital”-ийн ерөнхийлөгчөөр ажилласан туршлагаас нь үзвэл бизнесийн салбартаа ч эчнээ танил нэгэн байж мэдэх.
Гэхдээ улс төрд тэр бол шинэ хүн, намтар түүх нимгэнтэй нэгэн. Өмнөговь аймагт рейтингээрээ “босоо” явсан “Ажнай” хэмээх тодотголтой Д.Бат-Эрдэнийг илүүрхэж ялсан нь түүнийг олон нийтэд танигдах нэг имиж болж байсан нь саяхан. Хачирхалтай нь, тэр УИХ-ын гишүүн болоод тойргийнхоо иргэдийн төлөө яг юу хийв гэдэг нь сонин бөгөөд эргэлзээ төрүүлэм.
Хамгийн сүүлд бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь нийгэмд “гэрэл цохьсон”. Үүгээрээ УИХ-ын гишүүнээр анх удаагаа сонгогдсон даруйдаа ард түмэнд очих ёстой ЖДҮ-ээс хумслагч гэсэн тодотголтой хоцорч байх шиг.
Үүнтэй холбогдуулж, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, бусдын тэр дундаа иргэдийн боломжийг хулгайлсан гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хүсэлтээ парламентад хүргүүлж байлаа шүү дээ.
Гэвч Ардын нам, ах нар нь түүнийг хамгаалж, бүрэн эрхтэй нь авч үлдсэн юм. Үүнд нь Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан хүртэл “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь. Хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн зарчимтай Их хурал чинь яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм” хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны танхимаас зүгээр ч нэг эгдүүцээгүй болов уу.
УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш бүлх залгисан юм шиг явсан дуугүй явсан Л.Энхболд гишүүн өнөөдөр яагаад асуудал бүрт шүүмжлэлтэй хандах болов. Үнэхээр тойргийнхоо иргэдийн ахуй амьдралд бууж эхлэв үү, эсвэл ирэх сонгуулийн бэлтгэлээ базааж эхлэв үү.
Аль нь ч байж болох ч муу нэрийг хусавч арилахгүй гэчгээр ЖДҮ-ээс зээл авч, иргэдийнхээ боломжийг хумсалснаа намтартаа шигтгэдэггүй юм гэхэд түүнийг хэдийнэ “хар тамга”-тай улстөрч болсон гэдэгтэй хэн ч маргахгүй.
Эндээс харахад зохиолч Л.Түдэвийн “Жинс алдахын өмнө” зохиолоос улбаатай Мижид зайрангийн орчин цагийн сэрэг дүр болсон Л.Энхболд гишүүн ирэх сонгуульд лав “Зэрэг нэмэх”-гүй нь. Юу үнэн гэвэл энэ л үнэн.

Г.Болд
Эх сурвалж:24tsag.mn
скачать dle 12.0