Нийтлэл

Улсаа шившиглэсэн ДИПЛОМАТ албаныхан

Хуваалцах:
Чингис хаан дэлхийн нийтийг нэгэн туган дор захирахдаа дипломат аргыг өргөн хэрэглэж байсан тухай түүх өгүүлдэг.Эрт үеэс үүсэлтэй гэх энэ хариуцлагатай албаныхандэлхийн өнцөг булан бүрт улсынхаа нэрийн хуудас, таних тэмдэг болж, газар сайгүй тархаж улс гүрнүүдийн хоорондох дипломат үйл ажиллагааны гүүр болсоор ирсэн.
Гэтэл эх орноо төлөөлөн гадаад улсуудад сууж буй дипломат албаныханы  хийсэн үйлдэл нь эерэг биш сөрөг сурталчилгаа болох нь сүүлийн хоёр жилд эрс  ихэслээ. Тухайлбал, тухайн улсдаа сурч, ажиллаж, амьдарч буй нутаг нэгтнүүддээ үйлчилгээ үзүүлэх үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж чаддаггүй Монголын дипломатчид үндсэн ажлаа умартан өөрсдийн бизнестээ санаа тавиад завгүй байдаг гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харлаа.
Сүүлийн жишээ нь "Цагаан тахал" хэмээн нэрлэгдэж дэлхий дахинд түгшүүрийн дохио хангинуулах болсон хар тамхины хэрэгт Монголын дипломат албаныхан холбогдсон нь дуулиан тарьсан хэвээр л байна.Тодруулбал,Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг буюу 3 сая еврогийн үнэ бүхий геройныг албаныхаа машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын гаалийн ажилтнуудад саатуулагдсан. Монголын дипломатууд хар тамхи зөөвөрлөсөн, контрбандын хэрэгт холбогдсон анхны тохиолдол энэ биш юм.
Мэдээж хар тамхины наймаанаас олох ашгийг гадаад өр, тусламж, бондуудтай харьцууулахааргүй их ашиг олдог гэдэг.Хар мөртэй хар тамхины наймаанд холбоо сүлбээ ч мөн маш их чухал байдаг аж.Тиймдээ ч хар тамхины наймаанаас олсон асар их хэмжээний бохир мөнгө намуудыг санхүүжүүлэх, албан тушаал худалдаж авахад нь хэрэг болдог байх хэмээн олон нийт үзэж буй.Гэвч үүнийг эцсийг нь хүртэл шалгаж ямар хариуцлага тооцсон талаарх мэдээлэл тун хомс.
Дипломат албаныханы хар түүх
Түүх сөхвөл Монголын дипломатууд тамхины хэрэгт холбогддогоороо Европт алдартай.Өмнө нь олон албан тушаалтан ийм хэрэгт холбогдож нэр хүндээ сэвтүүлж байсны эргэн сануулая.
2001-2003 он.
н.Алтансайхан, н.Баялаг-Эрдэм, н.Баярхүү нар нь ХБНГУ, Франц, Бельгид улсуудад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус тамхины наймааны хэрэгт холбогдов.
2003-2007 он.
Австри улсад ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан С.Эрдэнэ ХБНГУ-д тамхины хууль бус наймааны хэрэгт үйлдсэн хэмээн хоригдон шалгуулав. Монгол улсаас Бельги улсад суугаа ЭСЯ-ны ажилтан н.Баярхүү Англид; Унгарт суух ЭСЯ-ны ажилтан н.Цэрэнсодном мөн л тамхины наймааны хэргээр мөн онд баригдав. Беларусийн Брестэд сууж асан Монгол Улсын консул Д.Далайжаргалыг Польш улсад тамхины хууль бус наймаа эрхлэгч н.Цэвэгмид гэгчийг шүүхээс батлан даалтаар гарган авч, оргуулсан хэргээр саатуулж байсан. Тус улсын Люблин мужийн хууль хяналтын байгууллагаас консул Х.Болдбаатарыг дээрх хууль бус наймаачинтай холбоотой хэмээн сэжиглэж, саатуулсан. Женевийн элчин сайд асан Х.Бэхбат мөн л хууль бус тамхины наймааны хэрэгт тус бүр шалгагдсан.
2005 оны 3 дугаар сарын 23.
Монгол улсаас Болгар улсад суугаа ЭСЯ-ны элчин зөвлөхөөр ажилладаг байсан Д.Шатарбал Монгол улсын дипломат дугаар бүхий албаны машиндаа 120 орчим кг хар тамхи тээвэрлэж яваад тус улсын тусгай албаныханд баригдав.Элчин зөвлөх Д.Шатарбалын тээвэрлэж явсан хар тамхи нь тухай үеийн ханшаар 23 сая ам.доллартай тэнцэхүйц байжээ. Олон улсын хууль сахиулах байгууллагынхны хяналтад байдаг “Black Morgan” гэх бүлэгтэй холбоотой байсан түүнийг Болгарын хууль, хяналтын албаныхан 5 сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь, эд мөрийн баримттайгаар баривчилсан нь энэ байжээ. Монгол улсын дипломат албаны ажилтан, элчин зөвлөх Д.Шатарбалд холбогдох хэргийг 2006 онд Монгол улсад шилжүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн өршөөлөөр хугацаанаасаа өмнө суллагдаж байв.
2005 он.
Монгол Улсаас ХБНГУ, ОХУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд нийлсэн 12 дипломатч Украин, Болгар зэрэг улсуудаас ЕХ-ны улсууд руу хууль бус бараа зөөвөрлөхдөө Монгол улсын дипломат ажилтан гэсэн нэр, эрх ашиглан дипломат шуудан гэсэн өнгөлөн далдлалт хийн татваргүй нэвтрүүлдэг, байсан нь илрэв. Вьетнам хамтрагчдынхаа хамтаар 7.7 сая ширхэг тамхийг хууль бусаар зөөвөрлөсний улмаас 1.2 сая еврогийн хохирол учирсныг тухай ХБНГУ-ын гаалийн ажилтнууд тогтоосон байдаг. Герман улсын Лейпцик хотод төвлөрсөн уг хууль бус наймаанд гол үүрэг гүйцэтгэгч хил гаргаж өгдөг этгээдүүд нь Москва дахь ЭСЯ-ны зөвлөхасан  н.Ганболд, түүний эхнэр н.Сэлэнгэ нар байв.н.Ганболд эх орондоо буцаж ирсэн бол эхнэр н.Сэлэнгэ нь ХБНГУ-ын хуулийн дагуу ял шийтгэгдэхээр болсон.
2016 оны 6 сар.
Украин, Румын улсын хилийн Дьяково боомтоор Будапешт дахь Монгол улсын ЭСЯ-д нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр “дипломат шуудан”-ын наалт ашиглан нийт 29145 хайрцаг тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдаж байгаад баригдсан.  Д.Дөхөмбаяр нь 2015 оны наймдугаар сард өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарсан ч дипломат ажилтны паспортоо өгөлгүй, хууль бус наймаа хийхдээ ашиглаж явсан нь тогтоогдсон байдаг.
2017 оны 4 сар.
Украин-Унгарын хилийн Лужанка боомтоор Монгол Улсын иргэн  О.Лхагвацэрэн /Д0000949 дугаартай дипломат паспортоороо/  хууль бусаар ихээхэн хэмжээний тамхи нэвтрүүлэхийг завдаж саатуулагдсан. Түүний паспортын мэдээллийг шалгахад иргэн О.Лхагвацэрэн нь 2014 оны нэгдүгээр сарын 30-нд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлын албаны нарийн бичгийн дарга гэх төрийн албан хаагчийн статусаар Гадаад харилцааны яаманд дипломат паспорт мэдүүлж авсан нь тогтоогдсон. Хил хамгаалах ерөнхий газраас  авсан тодруулгаар иргэн О.Лхагвацэрэн нь 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд энгийн паспортоор Турк улсад нэвтрээд эх орондоо ирээгүй байгааг олж тогтоосон гэдгийг ГХЯ-наас албан ёсоор мэдэгдэж байв.
Энэ мэтээр Монгол Улсыг төлөөлөн суугаа дипломат албаныханы  хууль бус наймаанд оролцсон, баригдсан, эх орныхоо нэрийг худалдаж идсэн нөхдүүдийн жагсаалт тун урт.
Ямартай ч Монгол Улсыг гадаад сурталчилж улсынхаа Алтан аргамжны бодлогыг хэрэгжүүлэх ёстой чухал хүмүүс маань очсон газар бүртээ улсынхаа нэрийг гутааж тухайн улсаасаа эгүүлэн татагдах хэмжээнд хүрч буй нь харамсалтай. Тиймээс энэхүү гадаад бодлого дээр хаана хаанаа анхаарах цаг нь нэгэнт болжээ.

Б.Учрал
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0