Эдийн засаг

Эрх баригчид төсвийн алдагдлыг Төв банкнаас мөнгө хэвлэх замаар санхүүжүүлэх үү?

Хуваалцах:
-Ерөнхий сайд аа, 13.3 их наяд төгрөгийн гадаад өрийг яаж төлөх вэ-
Манай улс 2020-2024 онд нийт 13.3 их наяд төгрийн гадаад өр төлнө. Энэ их өр төлбөрийг хэрхэн яаж барагдуулах вэ гэдэг бодлого одоогоор бүрхэг байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлт 8.6 хувь, төлбөрийн тэнцэл  200 гаруй сая ам.долларын ашигтай гарсан ч үүнд нүүрс зэсийн үнэ өндөр нөлөөлсөн. Дээр нь ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан төсвийн сахилга бат сахисан зэрэг үзүүлэлтүүд үүнд хамаатай. Гэтэл төсөв, өрийн тогтвортой байдлыг хангахад энэхүү өсөлт дээр тулгуурлан бодлогын ямар дорвитой шийдвэрүүдийг гаргах вэ гэдэг нь хүлээлт хэвээр байна.
Үүнийг шийдвэрлэхгүйгээр Монгол Улсад тогтвортой байдал ирэх боломжгүй. Орж ирсэн жаахан орлогоо өрөндөө суутгуулсаар байх хүндхэн нөхцөл байдал биднийг тосч байгаа билээ. Гэтэл төр тэлсэн төсөв хэрэгжүүлнэ. Энэ нь манайх шиг мөчлөгт өртөмтгий эмзэг дархлаагүй эдийн засагт дахиад хүнд цохилт өгнө. Угаас ийм байсаар л ирсэн.  Өөрөөр хэлбэл, Хөгжиж буй орнууд төсөвт сөргөөр нөлөөлөх шоконд амархан өртөмтгий байдаг. Тиймээс мөчлөг сөрсөн бодлого явуулж, эдийн засгийн өсөлтийн үед нөөц сан бий болгохгүй бол гэнэтийн шокийг даван гарч чадахгүй. 
2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дараагаар олон улс орнуудын өрийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдсэн билээ.  Хөгжингүй орнууд төдийгүй хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ нэмэгдэж хямралын өмнөх үетэй харьцуулахад тухайн улсуудын төсвийн байдал нь илт суларсан юм. Өрийн хэмжээ ийнхүү огцом өсөх нь төлбөрийн чадвар буурах эрсдэлийг нэмэгдүүлж, мөчлөг сөрсөн төсвийн бодлого явуулах орон зайг хязгаарладаг. Үүгээр зогсохгүй гадаад эх үүсвэрээс санхүүжүүлсэн зээлээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, өгөөж өндөртэй салбарт хөрөнгө оруулалт хийхгүй тохиолдолд зээлээ эргүүлэн төлөхөд хүндрэл учирдаг. Өрийн хэмжээг илтгэх гол үзүүлэлт нь өр, ДНБ-ий харьцаа байдаг. Уг харьцаа нь зохистой хэмжээнээс давсан тохиолдолд өрийн тогтвортой бус байдал үүсдэг. Төсөв болон өрийн тогтвортой байдал нэгэн зэрэг хангагдаагүй тохиолдолд төсвийн илүү муу, оновчгүй бодлого хэрэгжих, тэр дундаа Төв банкнаас мөнгө хэвлэх замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нь инфляцийг хөөрөгддөг. Татварын орлого шууд гадаад өрийн төлбөрт зарцуулагдахад хүрдэг. Өрийн хэмжээ өндөр байх нь зээлийн төлбөрөөр дамжин хөрөнгийн гадагшлах урсгалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг удаашруулж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулдаг. Түүнчлэн гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж, улмаар макро эдийн засгийн тогтвортой бус байдлыг бий болгодог.
Одоо бол манай улс үндсэн төлбөрийн болон хүүний дарамттай тулгараад байна.  Хэрвээ төсвийн алдагдлыг Төв банкнаас мөнгө хэвлэх замаар санхүүжүүлвэл, уг үйлдэл нь үнийн өсөлтийг хөөрөгдөх, цаашлаад гадаад худалдаа, урсгал тэнцлийн алдагдлыг өөгшүүлж, үндэсний валютын ханш сулрахад хүргэнэ. Энэ нь Төв банкны интервенцийн хэмжээг нэмэгдүүлж, гадаад валютын нөөц шавхагдах аюултай. Эцэст нь эдгээр шокууд макро болон санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулж, зээлжих зэрэглэл буурах, хүү өсөх шалтгаан болдог. Цаашлаад төсвийн алдагдлыг улам нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдахад хүргэх хор хөнөөлтэй шүү дээ.  
Үүнийг бүр сайн ойлгуулахын тулд төсвийн сахилга батыг алдагдуулж, төсвийн муу төлөвлөлт хийж, улмаар дээрх байдлаар макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүрч, өрийн хямралд автсан хамгийн том сургамжуудыг дахин сануулсаар байх хэрэгтэй. 
Гадны улс орнууд хямралд яаж орж байсан бэ?
Грек улсын хувьд зардлыг их хэмжээгээр тэлснээс гадна дотоодын хувийн хэвшлүүдийн ашиг сонирхлыг илүүд үзсэнээс, татварыг нэмж төсвийн орлогыг нэмэгдүүлж чадаагүй нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх шалтгаан болсон. Түүнчлэн төсвийн сахилга батыг сайжруулж, алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах зорилгоор олон улсын байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөгөөг дагалгүй төсвийн зардлыг нэмэгдүүлж, түүнчлэн төсвөөс гадуурх санхүүжилт хийж байсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж хямралын хүнд байдалд хүргэсэн. 
Зимбабве улс эдийн засгийн томоохон хямралд өртсөнийг жилийн инфляци нь 231 сая хувь, ажилгүйдлийн түвшин нь 95 хувьд хүрч байснаас харж болно. Үүний шалтгаан нь оновчгүй мөнгөний бодлого болон төсвийн сахилга бат алдагдсантай шууд холбоотой гэж үздэг. Дотоодын бослого, үймээнийг намжаах болон бусад улсуудтай хийсэн дайны хүрээнд батлан хамгаалахын салбарт зориулан их хэмжээний татаас олгож байв. Энэ нь төсвөөс гадуурх зардлыг нэмэгдүүлж уг зардлыг Төв банкнаас мөнгө хэвлэх замаар санхүүжүүлж байсан нь гиперинфляцийг бий болгосон. Улмаар дотоодын мөнгөн дэвсгэртэд итгэх итгэл буурч, долларжилт эрчимтэй явагдсан. 2009 оноос эхлэн тус улс дотоодын мөнгөн дэвсгэртээ хэрэглээнээс хасч, америк доллар, британи фунт, өмнөд африкийн рандаар гүйлгээ хийх болсон.
Тиймээс л манай улс дээрх улсуудын  дараагийн жишээнд иш татагдах улс болох учиргүй. Тормозоо татаад тогтворжилтийг бий болгоход анхаарсан бодлого үгүйлэгдэж байна. Харин үүний эсрэг ажиллавал өнөөдөр бодсон сонгуулийн ялалт эрх баригчдад ирэхгүй.  

Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0