Улс төр

НАМ, ЛАМ хоёр ингэтлээ мунхрах гэж...

Хуваалцах:
Монголын улс төр ч хөөрхий биднийгээ уйдаахгүй, хөгжөөж хөхүүлэхээ бас орхигдуулахгүй юм аа. Ичмээр дамшиг гэдэг шиг, инээдтэй юм энд тэнд болж л байна. Үүний нэг нь жагсагчдын хүсэлтээр лам нар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулж, саарал ордны муу муухайг үлдэн хөөхөөр Төрийн ордны гадаа ном хурж, сан тавьсан явдал юм.
Ардчилсан намынхан Засгийн газрыг огцруулах нэг сарын акциа тун сонин содон хэлбэрээр үргэлжлүүлж, шинэлэг арга барилаар хэсэгчлэн ажиллаж байна. Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар хийж буй жагсаал ч бас үүний нэг хэсэг.  
Ж.Батзандан, Л.Болд нараа О.Баасанхүүгээр сольж, намаасаа нам төрүүлж С.Эрдэнэ даргын алхам болгон нь, акц бүр нь буруу замаар будаа тээдэг болсон.
Ардчилсан намын дарга С.Эрдэнийн толгой дээр хураад байгаа аадрын үүлийг саармагжуулж сарниулах, мартагнуулах, олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулахад жагсаал суулт хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ингэтлээ "Ард түмний хөдөлгөөн”-хөн гэж өөрсдийгөө нэрлэсэн хэдэн нөхдөөр гудамжны улаан хэрүүлийг ил цагаан хийлгэж, төрийн сайдыг огцруулахаар ордны гадаа лам нараар  ном уншуултлаа дор орсон гэж хэн санах билээ.  
Урьдын явдлыг санасан чинь ерөөс Ардчилсан намынхан маань шашинлаг хүмүүс юм шиг байна. Тус намын лидерүүдийн нэг гэгддэг Н.Батбаяр өмнөх парламентын үед тэнгэртэй харьцаж,  төрийн ордонд улс төр, тэнгэр тахилга хоёрыг тэнцүүхэн ярьдаг байв.  Тэрбээр ордны гадаа барьсан гэрт галын тахилга үйлдэж, тэнд нь тэр үеийн дуучин С.Жавхлан дээлийн захаа өргөж байсан санагдана.  
Улс төржилт бол угаас байдаг зүйл, бидний хувьд танил үйлдэл. Гэхдээ лам нар улстөржиж, парламентад суудалтай нам улс төрийн үйл ажиллагаандаа лам нарыг оролцуулж байгаа нь арай л хэтийдсэн акц  шиг санагдаад байгаа юм.  Хамгийн харамсалтай нь, 21 дүгээр зууны Монголд номын хүчээр төрийн сайдыг огцруулж болно гэсэн итгэл мунхаглал хэсүүчилж яваа юм биш биз. Ийм байваас дэлхийн шившиг болно.
Дээрхи жишгээр бол одоо улс төрчид хэн нэгнийг эсвэл Засгийн газраа номын хүчээр унагах гэж ордны гадаа аргал хүж унгасгаж, хонх дамар хангинуулдаг жишиг тогтчих юм биш биз дээ.
Уг нь лам нар буян номын мөрөө хөөж, ард түмнийхээ эв нэгдэл, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө залбирч явмаар. Гэтэл улс төрийн үйл ажиллагаанд оролцож, төрийн сайдыг огцруулна, ордны бузар булайг ариулна гээд томоогүйтэж явна. Нам, лам хоёр ингэтлээ мунхрах гэж.
Монгол Улс төр, шашины харилцаагаа хуулиар зохицуулдаг. Тэр харилцаа нь  төр нь шашинаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчим дээр үндэслэдэг.
Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4.6.-д “Сүм хийдээс төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэхгүй бөгөөд төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулах, түүнд оролцох, санхүүжүүлэхийг хориглоно” гэсэн заалт дурайж байна.  Энд байгаа “Сүм хийдээс... төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулах, түүнд оролцохыг хориглоно”  гэсэн заалтад анхаарал хандуулаарай. Нам, лам хоёр тус тусын зам мөр, заяа тавилантай.  Тэгснээс улстөржиж  сүжирч сүсэглээд байх хэрэггүй л болов уу.

М.Нэргүй
Эх сурвалж: Zaluu.com


скачать dle 12.0