Улс төр

Ард түмнээс асуух хэрэггүй

Хуваалцах:
Ардын намынхнаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шууд батлуулчих, ард түмнээс асуух ч хэрэггүй. Адаг сүүлд нь бардам ам асууж, гай, гавьяа аль нь ч бай ганцаараа үүрэг, тэд. “Ард түмнээс асуух ёстой” гэж цөөнгүй гишүүн саймширч байна. Хэрэг бишидвэл ард түмэн рүү “Та нараас асуусан шүү дээ” гэж ам асуух гэж байгаа юм. Тэгж л хариуцлагаас бултах гэж буй хэрэг.
Нөгөө талаас ард нийтийн санал асуулга явуулбал сонгууль зохион байгуулахаас илүү юү гэхээс дутуугүй ажил ундарна. 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад улсын төсвөөс 16.5 тэрбум төгрөг зарцуулснаар багцаалахад ард нийтийн санал асуулга явуулахад багагүй хөрөнгө гаргах нь гарцаагүй.
Тэгээд ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулахтай холбоотойгоор анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, ард иргэдээс төлөөлүүлэн саналыг нь авсан. Үндсэндээ тэрхүү зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн багц асуудлуудын хүрээнд төсөл боловсруулсан нь энэ. Ингээд зогсохгүй уг төслийн талаарх иргэдийн саналыг харгалзах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр УИХ тогтоол батлан, олон нийтийн хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулсан. Тэгж яривал 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа ард түмнээс асуух нь битгий хэл, хагас өдөр хуралдаад л алх цохьчихсон юм билээ. Ард түмнээс асуулгүй, хариуцлагаа дангаараа үүр, Ардын намынхаан.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ нэгэнт хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээ давсан тул ингэж хэлж байгаа юм. Одоо уг төслийн бүх шатны хэлэлцүүлгийг УИХ хийж эцэслэн батлах, эсвэл ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх хоёр зам бидний өмнө байна. Өөрөөр хэлбэл, УИХ эцсийн хэлэлцүүлэг хүртэл хэрэгтэй гэж үзсэнээ хэвээр үлдээж, хэрэггүйг нь хасаж, боловсронгуй болгож, багцлан батална. Эсвэл УИХ-ын түвшинд багцалж, цэгцэлсэн төслийг батлах уу, яах вэ гэдгийг л ард түмнээс асууна гэсэн үг. Ард түмэн “тэг” гэвэл тэр чигээр нь батална, үгүй гэвэл тэгээд л энэ төсөл хаягдана.
...Ийм хэмжээний олонх бүхий (нэг намаас ядаж 57 хүн) парламент бүрдэх нь юу л бол. Улс төрийн нам, тэр дундаа ээлжлэн төрийн эрхийг барьж ирсэн АН, МАН-д өгсөн итгэл алдарч, тэднээс залхах болсон энэ үед аль аль нь тийм олон суудалтай болно гэдэг бэрх..
Өнөөдрийг хүртэл олон зүйл давж ирсэн энэ төсөл ингээд хаягдаж болохгүй нь л хамгийн чухал. Одоо хэлэлцэж буй төсөлд олон нааштай заалт бий. Шүүмжлэл дагуулсан нь ч байна. УИХ-ын гишүүд хуралдаа суудаггүй, хэдхэн хүний саналаар хууль баталж байна гэх шүүмжлэлийг халахын тулд хариуцлагыг чангатгах, “давхар дээл”-ийг хязгаарлах, Засгийн газар, төрийн албыг тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой заалтуудыг эсэргүүцэх хүн үгүй биз. Учир нь АН, МАН-ынхан аль аль нь гудамжинд гарахаараа “давхар дээл”-ийг тайлъя хэмээн хоолой мэдэн хашхирч ирсэн. Мэдээж төсөлд тусгасанчлан Ерөнхий сайдын хамт Засгийн газрын таван сайдыг УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрөх үү, эсвэл бүгдийг нь парламентын гаднаас томилох уу гэдэг нь хэлэлцүүлгийн явцад хууль тогтоогчдын шийдэх хэрэг. Тэгээд ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үнэмлэхүй олонх бүхий ийм парламент эргэж бараг бүрдэхгүй ээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад 57 гишүүний (нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй) санал хангалттай. Нэг намын 64 нөхөр сууж байгаа өнөөгийн парламентад МАН-ынхан л үүнийг баталчихна гэсэн үг. Тиймээс ч бүлгээ бутаргачихсан АН-ынхан, МАХН-ын ганц “дайчин” О.Баасанхүү “Сөрөг хүчнээ сонсолгүйгээр Үндсэн хуулиа өөрчлөх нь” гэж улстөржих нь зүйн хэрэг. Үнэндээ Үндсэн хуульд гар хүрэх өндөр босгыг үнэмлэхүй олонх бүхий парламент л давдаг. 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хууль баталж, анхны чөлөөт сонгуулиар МАХН (одоогийн МАН) 70 суудал авч байв. Үүний дараа 1996 онд “Ардчилсан холбоо эвсэл” 50, 2000 онд МАХН 72 суудал авсныг эс тооцвол өнөөдрийнх шиг үнэмлэхүй олонх бүхий парламент бүрдэж байсангүй. Гэтэл өнөөдрийг хүртэл 27 жилийн хугацаанд Үндсэн хуульд оруулсан цор ганц удаагийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөх л үнэмлэхүй олонх бүхий парламентууд 1999, 2000 он дамжуулан хийсэн байдаг.
Түүхийг нь цухас дурдвал, 1996-1998 онд үүссэн улс төрийн хямралыг шийдвэрлэх зорилгоор Үндсэн хуульд 1999 оны арванхоёрдугаар сарын 24-нд анх удаа долоон багц асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өмнөх өдөр нь гишүүд төслийг нь өргөн барьж, шууд баталсан байдаг. Энэ нь процедурын болон агуулгын хувьд Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц 2000 оны гуравдугаар сард дүгнэснийг УИХ хэлэлцэлгүй, хойш тавьсаар сонгуультай золгож, МАХН үнэмлэхүй олонх болсон хэрэг. Ингээд анхдугаар чуулганаараа Цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцэн, “Цэц бүрэн эрхдээ үл хамаарах асуудлаар дүгнэлт гаргасан. Тиймээс УИХ дээрх дүгнэлтийг зөвшөөрөх, эсэх талаар шийдвэр гаргахгүй” хэмээн хариу барьсан бөгөөд Цэц 2000 оны арваннэгдүгээр сарын 29-нд тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ өнөөх долоон нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосон түүхтэй. Гэвч маргааш нь өмнөхтэй яг адил төслийг УИХ-ын гишүүд санаачилж, 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд МАХН-ын 68 гишүүн санал нэгтэй баталсан нь өдгөө “дордуулсан долоо” гэх тодотгол зүүж буй. Тухайн үед Ерөнхийлөгч Н.Багабанди хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль баталж, түүнд их, бага хэмжээгээр нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг гагцхүү үнэмлэхүй олонхын бярдаж хийх ажил бололтой. Тэгж яривал ардчилсан Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын 430 депутатын үнэмлэхүй олонх нь тухайн үеийн МАХН-ын гишүүн байв.
Харин үүнээс хойш, ирэх сонгуулиудад ийм хэмжээний олонх бүхий (нэг намаас ядаж 57 хүн) парламент бүрдэх нь юу л бол. Улс төрийн нам, тэр дундаа ээлжлэн төрийн эрхийг барьж ирсэн АН, МАН-д өгсөн итгэл алдарч, тэднээс залхах болсон энэ үед аль аль нь тийм олон суудалтай болно гэдэг бэрх. Үнэндээ АН, МАН хамтарч засаглах нөхцөл үүсэх, эсэх нь ч эргэлзээтэй байгаа. Энэ тохиолдолд хууль тогтоогчдоос Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт буюу далайцтай, суурь, зарчмын өөрчлөлт хүлээгээд нэмэргүй. Гэтэл цаг үеийн шаардлага, нийгмийн өөрчлөлтөөс улбаатай гажуудал, завхрал дунд бид хэр удаан тэсэх бол. Төрийн эрх барих дээд байгууллагад аль нэг намаас 57-гоос доошгүй хүн сонгогдохыг хүлээх хэрэг үү.
УИХ эхний хэлэлцүүлгийг нь хийчихсэн, дараагийн шатанд бэлтгэх ажлын хэсгийг байгуулчихсан тохиолдолд тун няхуур хандах учиртай. Үндсэн хуульд нэгэнт нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглодог, зэрэмдэглэх хэрэггүй. Хуралдаа суухгүй байгаа АН-ынхныг эзгүйчлээд юу юугүй алх цохиод баталчихгүй гэж найдна. Сая төсөл өргөн барихад МАН-аас Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн хоёр дэмжихгүйгээ илэрхийлж, гарын үсэг зураагүй. “Дордуулсан долоо”-г батлахад МАХН-ын 72 гишүүнээс дөрөв нь эсэргүүцэж, тухайн хуралдаанд оролцоогүй юм билээ. Юутай ч одоо хэлэлцүүлгийн явцад гарын үсэг зураагүй гишүүдээс гадна шүүмжлэлтэй үг унагаж, зарим зүйл, заалтыг эсэргүүцэх гишүүд байгааг нь олзуурхаж сууна. Өнгөрсөн парламентын үед Н.Батбаярын өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 48 хүн гарын үсэг зурсан бөгөөд тухайн үеийн олонх буюу АН-аас дөрвөн гишүүн эсэргүүцсэн нь Х.Баттулга (одоогийн Ерөнхийлөгч), Ц.Оюунгэрэл, Л.Болд, Р.Амаржаргал нар. Тухайн үед 34 гишүүнтэй байсан АН-ын бүлгээс дөрөв нь дэмжээгүй ч бусад 30 нь гарын үсгээ зурсан. Тэдгээрээс өнөөгийн парламентад Б.Наранхүү, Я.Санжмятав, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар сууж буй. Тэгээд ч Н.Батбаяр нарын боловсруулсан төслөөр “араг яс” босгож, одоо ярьж буйд 80 орчим хувийг нь тусгасан гэдгийг Д.Лүндээжанцан тэргүүтэй ажлын хэсгийнхэн хэлж байгаа.
Б. Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0