Эдийн засаг:
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Авлигачдад хариуцлага тооцдог хуулийн тогтолцоо Монголд байхгүй. Хууль батлах замаар ашиг сонирхлоо, авлигаа нуун дарагдуулдаг, халхалдаг эрүүл бус тогтолцоонд шилжсэнийг шүүмжилдэг. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?
-Монголд хуулийн тогтолцоотой зэрэгцээд авлигын тогтолцоо өөрөө оршин тогтнож байна. Авлигын тогтолцоо өөрийн гэсэн дүрэмтэй, зохион байгуулалттай, өөрөө авлигын мөнгөөрөө хүчтэй санхүүждэг, яг л төрөөс санхүүжиж байгаатай адилхан хүчтэй санхүүжилттэй байдаг. Тэд хуулийг өөрсдөдөө зориулж гаргана. Шийдвэрийг өөрсдөдөө зориулж гаргана, төрийг өөрсдөдөө зориулж ашиглаж эхэлнэ. Тэгэхээр энэ нь албан болон албан бус тогтолцооны маш том зөрчилдөөн үүсээд эхэлж байгаа юм. Албан тогтолцоонд нэг асуудал байдаг. Тэр нь ил тод ажиллаж байдаг учраас дүрэм журамтай. Авлигын тогтолцоо бол эрүүл дүрэм журмаас эрүүл бус руу чиглэдэг учраас гэрчийг хүртэл “чи энийг мэдээлэх юм бол, зөрүүлээд тэрийг чинь ил болгоно шүү, чи ингэж байгаа бол тэрийг ч би хэлнэ шүү” гэхчлэн биенийгээ хатуу барьцаалчихсан байдаг учраас энэ барьцаалсан чөтгөрийн тойргоос гарч үнэнийг хэлэх хүн тэр болгон гарч ирэхгүй. Том аюул нь энэ. Тэгэхээр бид энэ чөтгөрийн тойргоос гаръя гэвэл ямар нэг арга замаар хуулийн бүх тогтолцоог ашиглах шаардлагатай байгаа юм. Хуулийн бүх нөөцийг ашиглахаас гадна, мэдээллийн ил тод байдлыг тодорхой болгох ёстой болно.
Нөгөөтэйгээр шүгэл үлээхээр буцаагаад хууль өөрөө үг хэлсэн хүний амыг барьдаг хэмжээний механизмтай болоод эхлэхээр нөгөө авлигын эсрэг дуугарах гэсэн ородлого нь авлигачдын гар хөл болсон хуулийн системээр дамжаад боомилох хэрэгсэл болж хувирч байна. Хаана, хаанаа эрсдэлтэй энэ үед бид зориг гаргахгүй бол үүний хор уршгаар албан бус тогтолцоонд улс орноо ч тавиад туухад бэлэн болоод байна.
Махан идэшт, өвсөн идэшт гэсэн авлигын хоёр төрөл бий. Өвсөн идэшт гэдэг нь өдөр тутам жижиг хэмжээний авлига авах байдлаар өөрсдийн хувийн хэрэгцээг хангаж байдаг төрийн байгууллагын үйл ажиллагаан дээр гардаг зүйл. Харин давтан биш гэхдээ нэг, хоёр удаа их хэмжээний мөнгө авах байдлаар асуудлыг шийддэг авлигын үзэгдлийг махан идэшт гэж нэрлээд байгаа юм. Монголд махан идэшт маягийн авлигын тогтолцоо угшсан байна. Авлигын мөнгөн дүн нь хэт том боллоо. Дээр нь энэ авлигыг нэг хоёр албан тушаалтнаас илүүтэйгээр бүлгээрээ урьдчилж, төлөвлөж зохион байгуулалттай хийдэг болсон байна. Энэ нь авлигын үзэгдэл шинэ шатанд орж байгаа хэлбэр. Намаараа, УИХ-ын дийлэнх олонхоороо, бүр сүүлдээ нь Засгийн газар нь өөрөө авлигын санаачилга гаргаж гишүүдийг хахуульддаг боллоо.
Ил цагаан хулгай хийсэн хүмүүсийг хорьж чадахгүй байна гэдэг нь хуулиас өөр зүйл ажиллаж байна гэсэн үг
-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан болохоор ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцож, цагдан хорьж шалгах боломжгүй болсон гэж байна. Таныг сайд байхад Эрүүгийн шинэ хууль батлагдсан шүү дээ?
-461-дүгээр хорих анги руу очоод үзээрэй. Тэнд жирийн иргэд дүүрэн байгаа. Хэлсээр хуулиас гадуур хэнийг ч хорихгүй байх гэдэг бол хүний эрхийн маш том баталгаа. Гэтэл ил цагаан хулгай хийсэн хүмүүсийг хорьж чадахгүй байна гэдэг бол энэ өөрөө хуулиас өөр зүйл үүний цаана ажиллаж байна гэсэн үг.
Ер нь цагдан хорьсноор хэрэг, маргааныг шийддэггүй юм. Шүүхэд аваачсанаар хэрэг маргааныг шийддэг. Авлигачид цагдан хоригддог. Гэтэл нэг нь ч шүүхэд очихгүй байна. Энэ нь хуулийн байгууллагуудын хуруу хүрч болох газруудыг боомжилж, хязгаарласан хууль тогтоомжууд гараад ирчихсэнтэй холбоотой. Жишээ нь, нэгд, 2015 онд Эрүүгийн тухай хуулийг боловсруулахад Монгол Улс Авлигатай тэмцэх конвенцэд нэгдэн орсон. Тэр үед албан тушаалтан өөртөө байгаа эрх мэдлийг урвуулан ашиглахаас илүүтэйгээр, албаны нөлөөгөө ашиглах замаар бусдад нөлөөлж, авлига сонирхлын зөрчлийнхөө үйлдлийг хийдэг юм. Танай хууль тогтоомжийн энэ зохицуулалт байхгүй болохоор авлигын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байна гэж хэлж байсан. Тиймд бид Эрүүгийн хуульд 22.2-т тэр заалтыг оруулсан байсан юм. Харамсалтай нь тэр заалтыг хоёр Засаг дамнуулж байгаад байхгүй болгочихлоо. Тэгэхээр одоо албан тушаалтан өөртөө байгаа эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд л Эрүүгийн хууль үйлчилнэ. Харин өөрт нь байхгүй, өөр хэн нэгэн албан тушаалтанд байгаа эрх мэдлийг гаднаас нөлөөлөх замаар ашигласан үйлдэлд хуулиар хариуцлага тооцох боломжгүй болчихсон. Хоёрт, Төрийн албаны тухай хуулийг батлах явцдаа хяналтын зөрчилтэй холбоотой хуулийн хамгийн чухал заалтыг өөрчилсөн байна. Илт сонирхлын зөрчилтэй хүнийг томилохгүй шүү гэдэг үүрэг болгосон заалтыг сонирхлын зөрчил нь ил байсан ч томилж байх ёстой гэж бичсэн байгаа юм. Энэ мэтчилэн Авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг нэг нэгээр нь хулгайлсаар байгаад энэ асуудалтай тэмцдэг хуулийн нөөцийг бараг байхгүй болгочихлоо.
-Улс төрчид концессийн булхайгаа нуухын тулд, хувьчлалыг бялуу хуваах зарчмаар явуулахын тулд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна гэж шүүмжилж байгаа. Нөгөөтэйгээр энэ нь ЖДҮ-гийн булхайгаа нуух гэсэн үйлдэл мөн үү?
-Засгийн газар болон Засгийн газрын агентлаг ЖДҮ-ийн зээлтэй холбоотой шийдвэр гаргах ёстой хүмүүсийг Захиргааны шүүхэд өгөх замаар Захиргааны шүүхийн тусламжтайгаар нотлох баримтуудыг цуглуулж авах гэж байна. Гэтэл яг энэ цаг үед УИХ дээр Захиргааны шүүхийн хяналтаас энэ бүхнийг гаргах гээд хууль санаачлаад явж байна. Тэгэхээр энэ чинь дахиад л авлигачдын төлөвлөгөө болж хувирч байгаа юм.
-Гэмт хэрэг үйлдсэнийг нь хуулийн байгууллага шалгаж тогтооно, тэр хүртэл хариуцлагын асуудал ярихгүй гэж байна. Тэгвэл ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд ёс зүйн хариуцлага хүлээх ёсгүй юу. Бусдын зүйлийг хулгай хийж баригдаад, уучлалт гуйгаад л өнгөрч болох уу?
-Хулгайлсан улс төрчид өөрсдөө буруугаа ойлгоод би алдаа гаргалаа гээд албан тушаалаасаа огцрох нь тухайн хүмүүсийн ёс зүй, ухамсарын төвшингөөс хамаарна.Хоёрт, ёс зүйгүй улс төрчдөөс бүрдсэн улс төрийн нам эр зоригтой байна уу гэдэг асуудал. Ёс зүйгүй намын гишүүнээ цэвэрлэх эр зоригтой Намын дарга, Намын дүрэм байна уу гэдгээс шалтгаална.
Гуравт, хууль тогтоогчдын асуудал. Манайлал байхгүй бол хууль ёс өөрөө нурж унадаг. Тийм учраас хууль тогтоодог байгууллага нь өөрөө хуулийнхаа хэрэгжилтийг манлайлахгүй бол иргэд түүнийг дагаж мөрдөх итгэл үнэмшил бүрдэхгүй. Тийм учраас ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь УИХ-аас хамааралтай юм.
ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцохгүй бол хуульт ёс өөрөө замхарна, хуульт ёс нуран унасан үндэстэн өөрөө алга болно гэдэг дүрэмтэй
-ЖДҮ-чин гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудадхариуцлага хүлээлгэснээр нийгэмд ямар нөлөөллийг үзүүлэх вэ, эсрэгээрээ хариуцлага тооцохгүй байснаар ямар хор хохиролтой вэ?
-Энэ хүмүүст хариуцлага тооцохгүй бол хууль ёс өөрөө замхарна гэсэн үг. Дээрээ хууль мөрдөхгүй байхад доороо яагаад хууль шаарддаг юм бэ гэдэг шударга ёсны эсэргүүцэл нийгэмд бий болно. Хуульт ёс нуран унасан үндэстэн өөрөө алга болно гэдэг дүрэм байдаг. Хамгийн том аюул нь энэ. Хэрвээ хариуцлага тооцоод эхлэх юм бол хуульд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ. Иргэд хуулиа дэмжиж, дээдэлж байна гэдэг нь хууль төдий чинээ чадалтай, улс орноо батжуулж, хамгаална гэсэн үг.
http://itoim.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56