Мэдээ мэдээлэл / Нийтлэл

О.Дөлгөөнийг эмчлэх зардал нэг ЖДҮ-чин гишүүний л мөнгө

Хуваалцах:

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч О.Дөлгөөнд амьдрал бэлэглэх гэсэн монголчууд сошиал даяар ёстой “буулгаж” байна. Сүүлийн хэдэн өдөр ямар ч популист улстөрч юу ч гэж орилж байсан хэлсэн үг нь өөрт нь сонсогдохгүй хэмжээнд хүртлээ бүгдийг хойш нь тавьж #Pray4Dulguun давлагаа өндрөө авлаа. Монголчууд бие биедээ хайртай, зөв зүйлийн төлөө нэгдэж чаддаг гэдгийн хамгийн том цонх цэл залуухан 22 настай О.Дөлгөөн боллоо.
Өнгөрсөн 2008 оны Бээжингийн олимпоос Найдангийн Түвшинбаяр гэж хэн ч танихгүй шахам залуу 24 насандаа алтан медаль хүртэж улс төрөөс болж туйлдсан монголчуудын эвийн гагнаас болж байв. Цөөрөх учиргүй цөөхөн монголчууд эв нэгдлийн хүч ямар агуу вэ гэдгийг мэдэрч байлаа. Түүнээс хойш ийм хүчтэй давлагаа өрнөж байсан билүү гэж бодогдоно.
Монголынхоо нэгэн тамирчин хүүгийн төлөөх хүмүүсийн сэтгэлийг харах бүрд “Ямар сайхан хүмүүсийг хорвоо надад илгээснийг Ялгуун сарны доор үгийн хэлэхийн аргагүй” гээд дуулмаар байгаа биз дээ. О.Дөлгөөн АНУ-д эмчлүүлж байгаа. Хүүгээ өвдсөнийг дуулсан эцэг, эх АНУ-ын виз хүсэхэд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам татгалзсан хариу өгөөд байжээ. Харин энэ хэд хоногт нийгэм даяар зөвхөн О.Дөлгөөнд чиглэсэн эерэг давлагааг хараад тус улсын Элчин сайдын яам визийг дарж өгсөн байна. Нэг талаараа сошиал хүчтэй мэт харагдавч Монголын ард түмний халуун сэтгэл бүхнээс хүчтэй гэдгийн хамгийн том баталгаа боллоо. Үүнээс цааш юуг нотолно гэж явах юм бэ. Дэм дэмдээ монголчууд явж л байна. Зургаахан настай жаахан охин хадгаламждаа хийх гэж байсан мөнгөө хандивлаж, эрүүл болоод ирэхээр тань аавтайгаа хамт тоглолтыг чинь үзнэ ээ гээд олон хүний эгдүү, хайрыг хүргэсэн харагдана лээ. Нэг үгээр хэлбэл түүнийг эрүүл болоосой гэсэн зургаан настнаас 60 настан лав мянга мянгаар тоологдож байгаа юм.
О.Дөлгөөний эмчилгээнд шаардлагатай мөнгө уг нь нэг л ЖДҮ-чин гишүүний авсан зээлтэй эн тэнцүү л дээ. Ерөнхий сайдын зүгээс ЖДҮ-д холбогдсон гишүүдийг 950 сая төгрөгөө яаралтай буцааж төлөхийг шаардсан. Арай дөнгүүр овсгоотой гишүүн байсан бол “Ард түмнээсээ уучлалт гуйж байна. Тиймээс та нарынхаа татварын мөнгөөр Дөлгөөнд тусалъя гэж бодлоо. Ард түмний мөнгө ард түмнийхээ нэг хүүд очлоо” гээд хандив өргөчихөд өрөвч, уучламтгай монголчууд хэдэн удаагийн сонгуульд торох юмгүй алган дээрээ бөмбөрүүлсээр гаргаад ирнэ дээ. Сонгуулийн зардлыг нь хангалттай нөхчих хэмжээний хүн чанарын асуудал байгаа юм. Агтын хариу жилдээ, аяганы хариу өдөртөө гэж ярилцдаг Монголын ард түмэн аяга хоосон буцаахгүй. Энэ мөнгийг буцааж төрд төлүүлэхгүй, татвар төлсөн бид мэдэж байна гээд давлагаа босно. Ийм боломж бий гэдгийг л ойлгуулах гэсэн юм аа.
Бид нэг шейр, нэг коммент хүртэл түүний амьдралд дэм болно гэж итгэсэндээ цаг хором бүрд түүний нэрийг бичиж, олон улсын спортын зүтгэлтнүүд, спорт холбоод дэмжих байх гэсэн сүүлчийн итгэл найдвараа алдалгүй уйгагүй компьютерийн ард дэмжсээр байна. Иргэдийн амьдрал ядруухан байгаа ч идэж уух, өмсөх зүүхээсээ илүүчлээд тусламжийн гараа сунгаж чадаж байна шүү дээ. Мэдээж мөнгөн дэмжлэг үзүүлж буй хүмүүс бий. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж байнга ярьдаг үгний биелэл энэ болж болсон юм. Түүнд донор болох хүсэлтэй хүмүүс ч байгаа гэдгээ хэлсээр байна. Монголын ард түмэн зориглосон бол заавал ард нь гарч чаддаг ард түмэн.
 

Нэг зүйлийг өгүүлэхэд иргэдээ ийм хэмжээнд амьдруулж байгаа энэ улстөрч яг энэ мөчид юу бодож байгаа бол. Юм юмаар л дутмаг эрүүл мэндийн салбараа сэвхийтэл өргөөд босгохсон гэх хүсэл байна уу. Гурван сая хүн амтай монголчуудын тав, арван км зам барих мөнгөө эрүүл мэндийн салбараасаа татаж яах юм бэ. Орчин үеийн ганц тоног төхөөрөмж аваад үүн дээрээ хэдэн мянгаараа, хэдэн сарын турш дугаарладаг нийгмийн гэхээсээ илүү улстөрчдөөс хамааралтай энэ тогтолцоогоо өөрчлөх цаг болсон байна. О.Дөлгөөнөөр эхэлсэн давлагаа нийгмийн зөв хөгжилд хөтлөх гүүр болоосой гэсэн маш олон хүний хүсэж байгаа. Тэр дайнд орж буй цэрэг биш. Зүгээр л түүнийг тойрсон мянга мянган халуун зүрхнүүдийн итгэл найдвараар эрүүл мэндийн салбарт өөрчлөлт ороосой гэж хүссэн олон хүний нэг. УИХ-ын гишүүд #Pray4Dulguun аянд нэгдсэн байна лээ. Яах вэ ард түмний нэгээхэн хэсэг нь гэж ойлгож болох ч мянга мянган О.Дөлгөөний эрүүл мэнд ийм нөхцөлд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нураад унасан энэ системээ босгохгүй бол байнга ийм давлагаа явуулж хэн нэгэн хэдэн төгрөг өгчих болов уу гэж горьдож байх юм. Эрхэм улстөрчид минь энэ давлагааг дэмжиж байна гэж “солиорч” байхаар бодит үр дүнтэй ажил болгож үз.
Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг, өвчнийг даамжруулалгүй эдгээж чаддаг ийм орчинд Монголын ард түмэн, ирээдүйн Дөлгөөнүүд амьдрах учиртай. Төрийн жолоог атгасан шиг атгаж, түмнийхээ төлөө ажилласан шиг ажилла. Сонгуулиар л нам болж нэгдэх оролдлого хийдэг монголчуудын амьдрал, хэв маягт тэр өөрийн эрүүл мэндээрээ бодит уриалга болж байна. Улс төрд оноо авах гэсэн болсон болоогүй жагсаалын нүүрэнд явж үйлээ үзэж байхаар эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруул.
Эрхэм ЖДҮ-чид минь та нарт шаварт хутгалдсан нэрээ цэвэрлэх маш том боломж байгааг дахин сануулъя. Ирэх оны сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа бол үүгээр пиар хийгээд ч болов тус хүргэчихвэл сонгуулиас өмнө ялалтаа тэмдэглэх боломжтой бүрдэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. #Pray4Dulguun давлагаалсаар...
скачать dle 12.0