Эдийн засаг:
ОУВС Монголд санхүүгийн мөрдлөгө явуулж хувийн хэвшил, иргэдийн хамаг нарийн мэдээллүүдийг гадныханд өгөх гэж байна гэж сүүлийн өдрүүдэд хэвлэл, нийгмийн сүлжээгээр шуугиж эхэллээ. Энэ бол үнэн хэрэгтээ арилжааны хэдхэн банкны цөөхөн эздийн эрх ашгийг хамгаалж дэгсдүүлсэн тархи угаалт юм.
Учир нь арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж тодруулахгүй бол Монгол мөнгө угаахыг дэмждэг орнуудын “саарал жагсаалтад” орж, эдийн засгийг сэргээх ОУВС-ийн хөтөлбөр зогсох эрсдэлд бид орчихоод байна.
Монгол улс “саарал жагсаалтад” энэ оны эцсээр орчихвол гадаадын банкууд монголын арилжааны банкуудын харилцах дансыг царцааж, монголчуудын төлбөрийн карт гадаадад ажиллахгүй болно. Гадаадад зорчихдоо валют бэлнээр авч явахаас өөр сонголтгүй болно. Бэлэн валютын хэрэгцээ огцом өссөнөөр төгрөгийн ханш унаж, доллар долоон мянган төгрөг давах юм.
Дээрээс нь ОУВС-ийн хөтөлбөр зогсвол монголын Засгийн газар 2021 оноос 3 тэрбум долларын өрөө төлж чадахгүй, дампуурлаа (дефолт) зарлахаас өөр гарцгүй болно. Валют ховордож, доллар 20мянган төгрөг болох юм. Эдийн засаг хөл алдаж, өндөр хавцлаас унах болно.
“Саарал жагсаалтад” буцаж орно
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ (FATF) -ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын гишүүнээр Монгол улс 2004 онд элссэн. ФАТФ нь чиг үүргийнхээ дагуу гишүүн орнууддаа зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагааг нь тогтмол хянаж дүгнэдэг, тэгэхдээ холбогдох олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг ажээ.
Монгол улс хүлээсэн үүргийнхээ дагуу мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиа 2006 онд баталжээ. Санхүүгийн мэдээллийн албыг Монголбанкны дэргэд байгуулж хил дамжсан мөнгөн гүйлгээг бүртгэж, хянадаг болов.
Гэвч Монгол улс хууль журмаа биелүүлэх, хариуцлага тооцох ажлаа хангалтгүй хийж иржээ. 2011 оноос хойш Монголд мөнгө угаасан байж болзошгүй 4345 хүний хэргийг шалгаснаас 46-г нь мөрдөн байцаажээ. Үүнээс зөвхөн 20 хүний хэргийг нь прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нь анхан шатны шүүхээс хүнд ял оногдуулжээ. Гэвч Дээд шүүх нь доод шатны шүүх хуулийн заалтыг буруу ашигласан гээд мөнгө угаах зүйл ангийг хүчингүй болгож, хоёуланг нь хэрэгсэхгүй болгожээ. Үүний нэг нь МИАТ компанийн гурван удирдах албан тушаалтан онгоц даатгуулахдаа 7.2 сая доллар, нөгөөх нь Иргэний нисэхийн ерөнхий газрын дөрвөн ажилтан тендер будлиантуулж 492 мянган долларыг тус тус завшсан хэргүүд байлаа. Гэмт этгээдүүд хил дамжуулсан маш олон гүйлгээг хэд хэдэн банкаар хийжээ.
2013 онд Монгол улс "саарал жагсаалт"-д орсон боловч зарим шаардлагыг нь шуурхай биелүүлж, тодорхой амлалт авч жилийн дараа тэр жагсаалтаас тусгай нөхцөлтэйгээр гарчээ.
2016 онд ФАТФ Монгол улсыг хуулиа сахиулах талаар эрчимтэй ажиллахыг шаардав. Үүнд, эдийн засгийн ил тод байдлыг хангах, банк бус санхүүгийн зах зээлийн хяналтыг сайжруулах, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх зэргийг оруулжээ. 2017 оны 4-р сард Засгийн газар Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үндэсний зөвлөл байгуулав.
Үр дүн бага гарсан учир Монгол улс өнөөдөр ФАТФ-ын “эрчимтэй хяналтанд” орчихсон, “саарал жагсаалтад” шилжих эсэх нь энэ оны 10-р сард шийдэгдэхээр болоод байна. 2018 оны байдлаар энэхүү саарал жагсаалтад Серби, Тунис, Ирак, Сири, Иемен, Этиоп, Шри Ланка; хар жагсаалтад Иран, Хойд Солонгос зэрэг улсууд ороод байна.
“Ил тод” болгосон гэх далд хэргүүдийн уршиг
Монгол улсад 2007 онд татварын өршөөлийн тухай хууль гарч “зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг” зохицуулсан.
Өршөөлийн дараагийн хууль 2015.08.07-ны өдөр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” нэртэй батлагдав. Батлагдсан өдрөөс хойш 7 сарын дотор татвараа сайн дурын үндсэн дээр үнэн зөв мэдүүлж төлвөл эрүүгийн хэрэг үүсгэхгүй, хариуцлага тооцохгүй, мэдээллийг нууцлах амлалтыг төр өгчээ. Энэ хууль 2007 оныхоосоо ялгаатай нь татвар, нийгмийн даатгалын төлбөрөөс гадна хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг хамруулсан юм. Энэ “ил тодын” хуулиар 8794 иргэн, 25 мянган аж ахуйн нэгж, харьяалалгүй 448 иргэний нийт 33,3 их наяд төгрөгийн хөрөнгө ил болжээ. Энэ тоо нь Монгол улсын эдийн засгаас ч том учир гадаад дотоодын судлаачдын анхаарлыг эхнээсээ татаж, иргэдийн дунд ихээхэн хардлага, эгдүүцэл дагуулсан. Хэдхэн сарын өмнө АТГ-ын дарга Х.Энхжаргал ажлаа өгөхдөө тухайн үеийн эрх баригчид гадаад зах зээлээс бондоор мөнгө босгоод үрэн таран хийснээ энэ хуулиар цайруулсан гэж мэдэгджээ.
Ямар ч гэсэн монголын хуулиар эх үүсвэрийг нь нууцалсан энэ их хөрөнгийн тодорхой хэсэг нь мөнгө угаасан үйлдэл байж болзошгүй гэж олон улсын байгууллагууд үзэж, боломжтой бүх тохиолдлыг мөрдөн шалгах ажээ.
Арилжааны зарим банкууд өөрийн хөрөнгөө хаанаас нэмсэн тухайд
Монгол улс гадаад өрөө төлж чадахгүй болж Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд ОУВС-аас тусламж гуйв. Эдийн засгийг сэргээхийн тулд төсвийн алдагдлыг багасгах, арилжааны банкуудынхаа чанаргүй зээлийг бууруулах нөхцлийг ОУВС тавьсан юм. Арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийлгэж 2018 оны эцэст дүрмийн санг нь нийт 511 тэрбум төгрөгөөр өсгөхийг шаарджээ. Бүх банкууд өөрийн хөрөнгөө нэмсэн гэж Монголбанк мэдээлсэн ч, эх үүсвэрийг нь шалгах нөхцлийг ОУВС эдүгээ тавиад байна.
Арилжааны тодорхой банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ мэдэгдэхгүй, шалгуулахгүй гэж Монголбанкинд албан бичиг ирүүлжээ. Тэдгээр банкуудын чанаргүй зээлийн хэмжээ он гараад огцом өсчээ. Тодорхой банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд 2015 оны өршөөлийн хуулиар цайрсан, улс төрийн өндөр албан тушаалтнуудын мөнгө хөрөнгө оролцсон гэсэн хардлага нийгэмд ч, олон улсын байгууллагуудад ч үүсээд байна. Энэ талаар нэг сар хоригдоод дөнгөж суллагдсан ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг тодорхой мэдүүлсэн байх учиртай.
Ямар ч л гэсэн ФАТФ-ын “саарал жагсаалтад” орох эсэх мөн ОУВС-ийн хөтөлбөр зогсох эсэх нь хэдхэн банкны цөөхөн эздээс одоо хамаарч эхэллээ. Олон улсын байгууллагын тавьж буй шаардлагын дагуу Засгийн газар, Монголбанк, хуулийн байгууллагууд арилжааны тодорхой банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг яаралтай шалгаж, тодруулахыг иргэд шаардаж байна. Төр засгаас ч бас үрэлгэн зардлаа бууруулж, нийтийн хөрөнгийг завшсан түшмэдээс бондын мөнгийг эргүүлж авахыг шаардаж байна.
Гарал үүсэл нь нууцлагдсан, өршөөлийн мөнгө л авчихаагүй юм бол тодорхой хэдэн арилжааны банкууд яагаад шалгуулахаас цэрвээд байгаа юм бол оо. Ямар ч их хөрөнгө бэлтэй, ямар ч өндөр төрийн албан тушаал хашсан бай хэдхэн этгээдээс болоод Монгол улс Венесуэлийн замаар орох ёсгүй. Банк хөрөнгө барьцаалах нь жирийн л хэрэг. Харин эх орноо барьцаалах нь гэмт хэрэг юм.
Д.Жаргалсайхан
Эх сурвалж: baabar.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56